2010-05-07
Мона Лиза бол Жокондагийн гэргий

 

Дэлхийн соёл урлагийн төв болсон түүхт хотуудын нэг бол яах аргагүй Парис хот. Францын нийслэл Парис хотод Лувр хэмээх музей байх. Дэлхийн хамгийн алдартай уран зургийн музей нь Парисын Лувр билээ. Парист очоод Эйфелийн цамхагт гаралгүй, Лувраар оролгүй, Дарь эхийн сүмийг нь харалгүй өнгөрсөн жуулчин ховорхон биз ээ. ЮНЕСКО-гийн төв байр ч Парист байдаг нь санамсаргүй зүйл биш юм. Лувр бол XII зууны сүүлээр Францын хаан Филипп Августын зарлигаар босгосон байлдааны цайз, цамхаг байсан бөгөөд түүнээс хойш зургаан зуун жилийн дараа европын урлагийн том төв болжээ. Өнөөдөр Луврын музейн цуглуулга 400 мянга гаруй болсон ажээ.

Энэхүү Луврын музейд зочилж байгаа хүмүүсийн дөчин хувь нь ердөө ганцхан хүнийг чухалчлан очиж “уулзчихаад” гараад явдаг гэх. Энэхүү цуу дуулиант хүн бол Жоконда буюу Мона Лиза хэмээх эмэгтэй билээ. Үүнийг бичигч миний бие ч бас тэр дөчин хувьд багтах үзэгчдийн нэг билээ. Бүгдийг нь тухтай үзэж барахын аргагүй баялаг музейн олон зуун мянган үзмэрээс гол нь тэрийг харах гэж л тэмүүлсэн. Луврын музейд тэр бүтээлийг ойроос харахад энгийн нэг жижиг зураг л байсан санагдаж байна, харин зургийн дэргэд бөөн үзэгч шаваастай. Угаасаа хүн ямар нэг агуу гэгдэх юмыг угаасаа том байх ёстой юм шиг боддог ч бололтой. Харин тэр жижигхэн зураг зузаан шилний цаана байсан, бодвол хорлон сүйтгэгч буруу гартны халдлагаас хамгаалсан биз ээ.

          “Гунигтай харж, учиртай инээмсэглэх энэ хөмсөггүй бүсгүйн хөрөг зураг хүн төрөлхтний уран зургийн түүхэнд хүндтэй байр суурийг эзэлжээ. Энэ зураг хэн болох тухай, түүний нууцын талаар, инээмсэглэл нь ямар учиртай болох тухайд өч төчнөөн таамаглал, маргаан, судалгаа байдаг ажээ. Нэг бодлын хийх юмаа олж ядсан аятай ганц зургийг хичнээн жил судалдаг ч юм гэж хэлмээр. Гэвч бүх л юманд утга учир байх бөгөөд түүний учрыг тайлах нь судлаачдын л үүрэг билээ.

Одоогийн бидний нүдээр тийм ч царайлаг биш гэмээр махлаг дунд орчим насны даруухан хувцастай эмэгтэйн том биш хэмжээний хөрөг. Мона Лиза ийм алдар хүндтэй байдгийн гол учрыг Леонардо да Винчийн авьяастай холбодог. Жоконда бол их мастерын нэрийн хуудас болсон бүтээл юм. Шинэ содон нээлт биш харин сэргэн мандалтын үеийн бүх ололт энэ зурагт нэгтгэгдсэн бөгөөд өндөр түвшинд бүтээгдсэн ажээ. Эндээс байгаль ба хөргийн зохицолдоон, бүсгүйн хагас хөндлөн суусан байрлал, үзэгчид хандсан харц мэдрэгдэнэ.

Мона Лиза Европын урлагт сэтгэл зүйн хөргийн шинэ төрлийн эхлэлийг тавьсан билээ. Аугаа их мастер энэ бүтээлээ туурвихдаа хурц эсрэг тэсрэг байдал ба зөөлөн хөг аялгуу, хөдөлгөөнгүй зогсонги чанар ба өөрчлөлт хувиралт, сэтгэл зүйн нарийн мэдрэмж ба шилжилт зэрэг уран сайхны бүх арга хэрэгслийг ашигласан байна. Зураач бүтээлээ нимгэн давхаргаар үелэн өмнөх давхаргыг хатсаны дараа дараачийхийг нь нэмэх аргаар зуржээ. Гэрэл сүүдрийн тоглолтыг будгаар амилуулан эд зүйлсийн замхран манарах дүрслэл гаргахыг “сфумато” (италиар утаа шиг замхрах) гэнэ. Дэлхийн Жокондаг судлаачдын олохыг оролдож байгаа таавар нь энэ сфуматог гүйцэтгэх авьяаст л агуулагдах ажээ. Леонардогийн өөрийнх нь хөрөг тэнд нуугдаж байгаа ч гэдэг. Эсвэл нэгэн биеэ үнэлэгчийг зурсан ч гэх шиг. Мөн 26 жилийн турш зураачийн хажууд байсан түүний туслах Жиана Жакомо гэдэг эмэгтэй зурагч гэдэг.

Францын засгийн газар эзэмшдэг 77 х 53 см хэмжээтэй тосон будгийн бүтээл “Жоконда (La Gioconda) 1503-1506 оны хооронд бүтээгджээ гэж үздэг. 16-р зууны уран зурагт Жокондагийн ул мөр, нөлөө их харагддаг байна. Агуу Рафаэль гэхэд л энэ зургийн “өвчний” халдвартай байв. Леонардо зураачдын “гарын авлага” болохоор бүтээл туурвижээ. Тэд Мона Лизаг хуулбарлан уран зургийн нууцад суралцаж байсан гэдэг.

Жокондагийн алдрыг дэлгэрүүлсэн анхны хүн нь зураач Жоржио Визари ажээ. Тэрээр “Франческо дель Жокондагийн эхнэр Мона Лизагийн хөргийг бичих захиалгыг биелүүлэх зураач нь Леонардо болсон юм. Урлагийн хэлээр байгаль орчныг хуулбарлан дууриах эрмэлзэлтэй хүн бүрт энэ боломжийг нээж өгч, зөвхөн уран зурагт байх нарийн нандин арга барилыг энэ зурагт нэгд нэгэнгүй гаргажээ” хэмээн тэрээр бичиж байв. Тэрээр Мона Лиза Жоконда гэдэг эмэгтэйг Флоренцын торгоны наймаачны эхнэр гэж хэлжээ. Ингэж энэ бүтээлийн Жоконда хэмээх хоёр дахь нэр нь эхнэр нөхөр хоёрын нэрээс үүсчээ. Тэр үед зургаа зуруулж байсан Лизаг 24-30 настай байсан гэдэг.

Хожим эрдэмтэд их зураачийн загвар нь чухам хэн байж болох тухайд хэд хэдэн таамаглал дэвшүүлэн судалсан байна. Тэдний дундаас загвар болоход хамгийн тохиромжтой хүн нь Мантуин вангийн хатагтай Изабелла д Эсте байв. Тэр эмэгтэй их зураачтай найзалдаг, захидлаар харилцдаг байжээ. Леонардогийн зурсан Изабеллагийн харандаан таталбартай харьцуулан харвал Луврын музейн алдарт зургийн баатартай адил төстэй шинж байдаг гэнэ.

Мөн компьютерийн программын тусламжтайгаар Мона Лизагийн инээмсэглэлийн 83 хувь нь аз жаргалтай, есөн хувь нь ямар нэг юманд зэвүүцсэн, зургаан хувь нь айсан, хоёр хувь нь уурласан болохыг тооцон тогтоосон байх юм. Зарим нь нууцлаг инээмсэглэлийг тайлбарлахдаа эмэгтэйн хөмсөг байхгүйд л бүх учир бий гэсэн байдаг. Хэрэв хөмсгийг нь зурчихвал нууцлаг зураг маань ердийн нэг зураг болж хувирна гэж үзжээ.

Уг зураг 1911 онд хулгайлагдаад хоёр жилийн дараа олджээ. Италийн нэгэн зураач зарж борлуулах зорилгоор биш соёлын үнэт өвийг эх оронд нь буцаахыг хүсэж хулгайг хийсэн гэдэг. Энэ мэтээр энэхүү бүтээлийн түүх цаашид ч олон хүний маргааны сэдэв байсаар байх бололтой.

Италийн агуу их агуу их зураач, инженер, хүн судлаач, уран барималч, шинийг зохион бүтээгч Леонардо Да Винчи 1452 оны 4-р сарын 15-ны өдөр Италийн Венец хотын ойролцоох Тусан гэдэг жижиг тосгонд төрсөн бөгөөд 1519 оны 5-н сарын 2-нд 67 насандаа таалал төгссөн билээ.

 

Тайлбар: Леонардо Да Винчи “Мона Лиза” (1503-1506)

Бичсэн: Боролзой | цаг: 17:05 | Будаг амилж зураг ярина
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


гоё шүү
жижэг хэмжээтэй гэхээр чин бүр жижгээр төсөөлөгдсөн чин бодсоноос гайгүй том хэмжээтэй юм байна оо
би ч бас Францад очиж Луьрын музей, Эйфелийн цамхаг, Дарь эхийн сүм бас түүхийн дурсгалт олон олон барилгуудыг нь очиж үзнэ гэж мөрөөдөж явдаг даа
үнэхээр сайхан ярзайтал инээх
хэзээ нэгэн цагт мөрөөдөл биелэх байх тэр цаг үе нь ойрхон байгаасай баярлах
Бичсэн: arch_tseegii цаг: 17:37, 2010-05-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax