2010-05-07
Захиалгат сэтгүүл зүй ба тархиа угаалгасны дараах бодол

 

Намайг гүтгэх тэр эрх чөлөөнийх нь төлөө би үхтлээ тэмцэнэ.

Э.Бат-Үүл

 

Хүмүүний эдлэх ёстой олон эрх, эрх чөлөөний дотроос нэгэн эрхэм чухал зүйл бол үг хэлэх, өөрийгөө илэрхийлэх, чөлөөтэй хэвлэн нийтлэх хэмээх хааж боож болдоггүй айхтар эд байдаг аж. Энгийн амьдрал дээр ч цаад хүн нь дургүйцэхийг мэдсээр мөртөө сайныг хүсэж хэлээд ад болж байгаа жишээ зөндөө л харагддаг. Гэвч дутагдлын хажуугаар дуугүй байж тэсэхгүй тэр хэлийг яалтай.

Идэх хоолгүй байлаа ч ядаж чөлөөтэй “хуцах” эрхтэй байх нь чөлөөт нийгмийн коммунизмаас ялгарах хамгийн том ялгаа. Мэдээллээр цангана, үг хэлэх эрх чөлөө хаагдах ямар хэцүү зүйл байдгийг алдарт 7 сарын 1-ний хэрэг явдлын үеэр дөрөв хоног бид үзсэн, мэдэрсэн. Мэдрэл муутай хүнээр хэд хоногийн турш нэг талыг нь хэтэрхий гуйвуулаад яриулчихаар толгой маань бараг угаагдчихаж болох юм байна гэдгийг тэгэхэд л ухаарсан. Дарангуйллын нийгэм тогтоохоор улайрч яваа Казахстаны ерөнхийлөгч Назарбаевын хамгийн түрүүнд хийсэн ажлуудынх нь нэг нь хэвлэл мэдээллийн амыг хаах, эсвэл гадаад ертөнц рүү гуйвуулсан худлаа мэдээлэл илгээх ажил байдгийг түүний хүргэн байсан Рахат Алиев “Загалмайлсан хадам эцэг” номдоо илчилсэн байдаг.

          Тэгэхээр хүмүүнлэг энэрэнгүй, ил тод, эрх чөлөөт сайн сайхан нийгмийг буй болгоход хэвлэл мэдээллийн, тэр дундаа сэтгүүлчдийн үүрэг асар их билээ. Угаасаа барьж байгаа үзэг, камер, ашиглаж байгаа үг хэл нь өөрөө хүчтэй учраас тэднийг дөрөв дэх засаглалынхан гэдэг. Дөрөв дэх засаглалынханд нэг хэсэг нь дурладаг, бас зарим нэг хэсэг нь тэднийг үзэн яддаг.

Энэ хэсэг хүмүүс бол монголын улс төрчид. Улс төрчид мөнгө багатай байх үедээ өөрийн сэтгүүлчтэй байлаа, одоо бүүр томрохын хэрээр өөр өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй болжээ. Одоо цагт алив нэг юмны талаар үнэн зөв ойлголт авахын тулд энгийн хүн заавал хоёроос гурван телевиз, сонин харж байж дундаас нь өөрөө тунгаан бодож байж нэг үнэнд хүрдэг болжээ. Тэгэхгүй бол тархиа угаалгачих гээд тун хэцүү болсон цаг. Уг нь үнэн гэдэг зүйл ганц байх ёстой авч манай хэвлэл мэдээллийг харахад ямар нэг зүйл дандаа хоёр гурван “үнэн”-тэй байх болжээ.

Тухайлбал, “Өдрийн сонин” ардчилсан хүчний талын сонин гэдэг. Гэтэл нарийн уншаад үзэхээр бас тийм биш. Ардчилсан намынх нь дарга Н.Алтанхуяг болон “Алтан гадас” фракцынхан түүн дээр хүн биш, байнгын шүүмжлэлийн бай. Дургүй хүмүүсээ муулах гэж муулна, дуртай хүмүүсээ магтах гэж магтана. Хэдэн жилийн өмнө “Зууны мэдээ” сонин ерөнхийдөө засгийн газрын хэвлэл юм уу гэж харагддаг байлаа. Гэтэл цаад эзэн хэмээн хардагдаж байсан хүн нь ажлаа өөрчлөнгүүт шууд өөр байр суурьтай болно. Бүүр ажилгүй болонгуут нь нөгөө сонин маань бүүр шууд төр засгийг өмөөрдөг байснаа болиод ард түмнээ өмөөрч бичих уриатай болчихно. Тэгээд энэ сонины бодлого нь “ТВ-9” телевизтэй яс цусны холбоотой. Эдгээрийг экс ерөнхийлөгчийн маань сэтгэлийн толь гэж хэлэхэд бараг болох агаад тэр хүний юу хүсэж мөрөөдөж байгаа, ямар зорилготой байгааг нь өөртэй нь уулзалгүй хэвлэлээс нь мэдээд авчихад ердөө хол зөрөхгүй.

Бүүр өмнөх экс ерөнхийлөгчийг болохоор “Өнөөдөр” сониныхон хамгаална, айлддаг сургаал үг нь ч тэр хавийн телевиз болох “МН-25”-аар л мөнхөд гарна. За тэгээд цаашилвал Ардчилсан холбоо угшилтай улс төрчдөд “C-1” телевиз талтай бол сумо бөхчүүд болон зохиолын дуучдад (магадгүй ганцхан дуучин Баясгаланд) “Эх орон” телевиз хамгийн их хайртай. “UBS телевиз болохоор хувьсгалт намаас голдуу сонгогддог үе үеийн хотын удирдлагуудын индэр болно. Гэх мэтээр бүгдийг нь энэ мэтээр тайлбарлаж болно.

Цаашлаад хэвлэл мэдээллийн хэрэгслэлээс гадна сэтгүүлчид, нийтлэлчид бүгд аль нэг талыг барина, зарим олон уншигч, нэр хүндтэй хүмүүсийнх нь гарт юм атгуулаад л юуг ч байсан магтуулаад ч байгаа юм шиг харагдана. Сэтгэлийн дуудлагаар бичдэг Гамп, Артаньян тэргүүтэй хэдэн блогчид л бараг голыг нь хэлнэ, бусад нь заримдаа үнэхээр гомдмоор юм бичих нь бий. Улаанбаатарын цэвэр усны ундарга Туул голын эх дээр гольфын талбай байгуулах нь зөв тухай, нүүрсийг одоо л хурдан амжаад ашиглахгүй бол удахгүй хог болох тухай хамгийн нэр хүндтэй нийтлэлч Баабараар л бичүүлж хүмүүст итгүүлэхгүй бол бардаггүй даваа байх аа. Тийм аймаар худлаа юмыг өөр хэнээрээ ч бичүүлж итгүүлэхэв дээ.

Их аятайхан юм бичээд байсан зүрхний эмч Болдсайхан одоо болохоор хүн магтаж, буцаад тэр хүнээрээ өөрийгөө магтуулах аястай болчоо юу гэж харагдана. Баатархуяг болохоор илт буруу байхад л эхнэрээ өмөөрнө, уг нь нөхөр нь өмөөрөхгүй юм бол ондоо хэн өмөөрөхсөн билээ. Сэтгүүлч Б.Ганчимэг болохоор магтах гэж магтдаг, муулах гэж муулдаг бичлэгийн төрөл хэлбэр рүү хэт хазайчихав уу даа гэмээр бодогдоно. Уг нь сэтгүүлчийн ажил гэдэг ёстой нөгөө “хаанд таалагддаггүй, харин хамаг олондоо таалагддаг” ажил байх ёстой.

Хэвлэлийн эрх чөлөө алга байна гээд л дандаа ярьдаг. Нэг талаар тийм тал байдаг ч биз. Нөгөө талаар гэмгүй хүнийг гэмтэй болтол нь харагдуулдаг, нэг үнэнийг нэлээд олон “үнэн”-тэй болгож байгааг нь харахаар хэвлэлийн эрх чөлөө хангалттай ч байгаа юм шиг. Жинхэнэ үг хэлэх эрх чөлөө хаагдана гэдэг тэр Казахстанд бий болж байгааг хэлэх байх аа.

          Хүний амаар дуугарна гэдэг ямар аймаар хэцүү зүйл байдаг бол. Буруу бишийг нь мэдсээр байж л муулж суух, муухайг нь харсаар байж л магтаж суух хэцүү байдаг байх даа. Тэнд ажилладаг өөдрөг, зөв үзэл бодолтой залуучуудад ямар хэцүү байдаг бол, эсвэл хэвийн зүйл юм болов уу? "Алдарт сэтгүүлч" Алтаншагай өнгөрсөн жил Н.Энхбаярын сонгуулийн хаалт дээр “Та намайг уучлаарай, би таныг буруу бодож муулдаг байсан байна” гэсэн шиг үг хэлээд “бууж өгч” байсан. Нэг талын соёлтой мэт боловч нөгөө талын энэ нийгэмд сэлэмний ир жадны үзүүр болж явах ёстой сэтгүүлч хүнийг тийм байдалд харах их эвгүй юм билээ.

Улс төрч гэдэг угаасаа шүүмжлүүлэх л ёстой, ер нь чөлөөт нийгэмд бид нэгнийхээ мууг үзэх гэсэндээ биш улам илүү сайныг хүсэж шүүмжилдэг бус уу, ингэж байж нийгэм маань урагшлана. Улс төрч гэдэг хугацаатай алба, сэтгүүл зүй гэдэг мөнхийн билээ. Тархиа олон ч удаа угаалгалаа, угаалгасаар байгаад тархи маань хир буртаггүй цэвэрхэн болжээ. Захиалгагүй сэтгүүл зүй л хамгийн амттай гэж бодох боллоо.

 

Бичсэн: Боролзой | цаг: 16:41 | Нийтлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax