2010-11-27
Хэлмэгдсэн хөх уст нуур

          Хорьдугаар зууны манлай зураач О.Цэвэгжавын “Эхийн цагаан сэтгэл” хэмээх алдарт зургийг бид сайн мэднэ. Энэ алдарт зураг тухайн үедээ эзэндээ “хөрөнгөтний үзэл суртлыг хуулбарлагч, үндэсний үзэлтэн, төөрөгдөлд орсон сэхээтэн” хэмээх “эрхэм алдар”-ыг хүртээж байсан түүхтэй. Бас энэ нэр хоч ганц О.Цэвэгжав төдийгүй түүний шавь П.Балдандорж болон Б.Чогсом, Г.Дунбүрээ, Г.Соосой нарын уран бүтээлчдэд ч олдсон юм. Дараа нь зураач О.Цэвэгжав шавь П.Балдандорждоо “Гучин долоон онд байсан бол ч буудуулах байж. Одоо хэлснээр нь л зурж байя” гэсэн гэдэг. Уран бүтээлээс болж цөлөгдөж, донгодуулж, цалингүй ажиллаж хүртэл шийтгүүлж, амьдралаараа тоглуулсан хүмүүс ингэж “бууж өгөх”-гүй гээд ч яахсан билээ, тийм цаг үед.

          Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач П.Балдандорж 1960-аад онд хийсвэр сэтгэлгээний бүтээл туурвиж, социалист реализмын эсрэг үзэлтэй, хөрөнгөтний урлагийг сурталчилсан гэгдэн хэлмэгдэж явсан уран бүтээлч юм. Эсэргүү бүтээл туурвисных нь төлөө Чехэд сурч байсан түүний сургуульдаа буцаж явахыг нь хойшлуулж, 1969 онд огт цалингүй, 1970 онд хагас цалинтайгаар 1971 оны намар хүртэл МУЭ-ийн хорооны үзэсгэлэнгийн танхимын даргаар ажиллуулсан байна. Улс хувьсгалын 50 жилийн ой, Лениний мэндэлсний 100 жилийн ой, наадмын үзэсгэлэнгүүд болон хот чимэглэх ажилд хичээн зүтгэж, Марксизм, Ленинизмийн оройн сургуульд суралцаж “нүглээ наминчилсан” ажээ. Тэрээр энэхүү “баларч” явсан тухайгаа ийнхүү дурсан ярьжээ:

Тэр чинь 1968 онд болсон явдал. Монголын залуу уран бүтээлчдийн анхдугаар үзэс­гэлэн долдугаар сард гарсан юм. Тэр үзэсгэлэнд гадаадад сурдаг хэдэн залуу зураачид оролцож, зургууд нь шүүмж­лэлд өртөж буруутгагдаж байлаа. Би тэгэхэд Чехэд сурч байсан юм. Прагийн урлаг, үйлдвэрлэлийн дээд сур­гуулийг төгсөхөөсөө нэг жи­лийн өмнө зуны амралтаараа ирчихээд байхдаа үзэсгэлэнд бүтээлээ тавьсан нь тэр л дээ. Дараа жил нь диплом хамгаалах байсан тул багш­тайгаа зөвлөж юугаар яаж диплом хамгаалахаа ярьж зөвлөхөөр Чехэд зурж байсан зургуудаа аваад ирчихсэн байсан юм. Багш Юутай ч зургуудаа үзэсгэлэнд тавь­чих, хүмүүс үзээд санаа оноогоо ярина биз. Дараа нь хоёулаа дипломын ажлаа яаж хийхээ ярилцъя гэсэн.

Ин­гээд үзэсгэлэн ч нээгдлээ. Эхний гурван өдөр маш олон хүн үзсэн юм. Албан бай­гууллагынхан бөөн бөөнөөрөө үзээд л. Тэр үед манай үзэсгэлэнгийн зохион байгуулагч, урлаг судлаач Цэнджав гэж эмэгтэй арай шинэлэг сэтгэл­гээ­гээр зурсан бидний хэдэн хүний бүтээлийг магтаад нэг нийтлэл биччихсэн юм. Тэр нийтлэлд манай залуучууд дэлхий дахинд хийж байгаа чөлөөт сэтгэлгээний бүтээл хийж байна. Балдандоржийн Хөдөлгөөн, Хөвсгөл нуур зэрэг бү­тээ­лүүд их шинэлэг, бусдаас эрс өөр болжээ гэж бичсэн байсан. Гэтэл үүнээс арваад хоногийн дараа Намын төв хорооны Улс төрийн товчоо, Сайд нарын Зөвлөл хуралдаж тогтоол гаргаад үзэсгэлэнг хаачихсан. Тэр үзэсгэлэнгийн талаар Улс төрийн товчоо өглөөний 8 цагаас шө­нийн 12 цаг хүртэл хуралдсан гээч. О.Цэвэгжав миний багш л даа. Багш маань тэр үзэс­гэлэнд Эхийн сэтгэл гэдэг бүтээлээ тавьсан юм. Гэтэл тэр зургийг Эхийн сэтгэл гэж юу зураад байгаа юм. Сэтгэл гэдэг юу ч байхгүй хий хоосон юмыг зурна гэж юу байдаг юм бэ гэж Ю.Цэдэнбал дарга шүүмжилж байсан юм даг.

Тэр хэрэг явдлын дараа уран бүтээлч­дийн зөвлөгөөн болж бидний хэдэн гадаадад сурдаг оюут­ныг ёстой авч өгдөг юм байна. Бид ч үгээ хэлсэн. Гэтэл Баяраа гэдэг зураач Ленин урлаг ойлгодоггүй бай­сан гэлээ, Соосой Нам урлагт дарамт болж байна гэлээ, Балдандорж марксизм хуу­чир­чихсан байна гэж хэллээ гэх мэтийн матаастай захи­дал Ю.Цэдэнбал даргад оч­сон байна лээ. Гадаадад сурдаг оюут­нууд марксизм, ленинизмийг мэдэхгүй байна, эх орныхоо хөгжлөөс тасарч байна, гол нь хөрөнгөтний урлаг сурталчил­лаа гэх мэтээр буруутгаж байсан юм.

          Тэрбээр энэхүү үзэсгэлэнд “Хөвсгөл нуур, Хөдөлгөөн, мөн нүцгэн хүүхний зураг “Цыган хүүхэн гэх мэт бүтээлүүдээ дэлгэсэн нь буруутсан билээ. П.Балдандорж Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын хүн бөгөөд унасан газар болох Хөвсгөл нуураа зураад ийнхүү хэлмэгдсэн юм. Хөвсгөл нуурыг загасны дүрс оруулан зохиомжлон зурсан нь энэхүү бүтээл нь билээ. 1968 онд Оросоос шатахуун тээсэн ачааны машин Хөвсгөлд живчихсэн түүхтэй аж. Тэгээд л П.Балдандорж зураач Хөвсгөлөө ариун хэвээр нь байлгах юмсан, загас амьтныг нь эрүүл байлгах юмсан гэсэн санаа­гаар арга билгийн хоёр зага­сыг өгүүлэмждээ оруулаад орчин үеийн дүрслэлээр зур­сан гэнэ. Тэгсэн чинь Тийм сайхан нуурыг ингэж муу­хайгаар зураад байхдаа яадаг юм гэж буруутгажээ. Зураг гэхээр заавал нэг хад чулуу, хүн зурдаг гэж л ойл­годог байсан шиг байгаа юм, Цэдэнбал хүний дотоод сэт­гэлийн зовлон, жаргалыг зур­на гэж байдаггүй гэж үздэг байж л дээ” хэмээн зураач хожим дурссан байдаг. 1968 онд бүтээгдсэн энэхүү “Хөвсгөл” хэмээх бүтээлийг цаасан дээр гуашиар зурсан бөгөөд 75 х 85 см хэмжээтэй, одоо Уран зургийн галлерейд хадгалагдаж байна.


П.Балдандорж “Хөвсгөл” (1968

          Зураач П.Балдандорж Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сум буюу хуучнаар Жалханз хутагт Дамдинбазарын хүрээнд 1927 онд мэндэлжээ. Түүний аав нь оточ маарамба байж. Таван настай байхад ээж нь өөд болсон гэдэг. Ингээд хойд эх Дуламсүрэн, эцэг Дүгэрсүрэн нарын хамт 12 нас хүртлээ амьдарсан байна. 1938 онд эгч Гүнсэн, түүний нөхөр Ж.Пунцагнамжил нар Балдандоржийг үрчлэн авч улмаар Улаанбаатар хотын Үлгэр жишээ бага сургуулийн хоёрдугаар ангид оруулжээ. Түүнийг дөрөв төгсгөөд Архангай аймгийн Батцэнгэл суманд аваачсан нь “эсэргүүний хүүхэд” гэх хардлага сэрдлэгээс төөрүүлсэн хэрэг гэнэ. Учир нь түүний жинхэнэ аав Дүгэрсүрэн нь 1938 онд баригдаж хэлмэгдсэн байна. Архангайгаас тэрээр жин тээж яваа хүмүүстэй хамт явсаар 1942 оны өвөл хотод орж иржээ. Сандуйжав гэж мужаан лам тэднийд ирж шатар нүүдэг байсан бөгөөд хүүгийн зурж суугааг хараад “Хөөе энэ хүүхэд чинь их авьяастай юм. Манай зураг урлалын газар дагалдан зураач авна. Тэнд шалгуул” гэхэд шалгуулаад тэнцжээ. “Ингээд би урлагийн хүн болсон. Эндээс хаашаа ч яваагүй. Одоо болтол МУЭ-дээ байна” хэмээн П.Балдандорж зураач дурсан ярьдаг.

Бидний амьдран буй энэ газар нутаг дээр хэдэн зууны тэртээ туркууд нутаглаж байсан түүхтэй. Тэр дээр цагт тэдний энэ нууранд өгсөн нэр нь “Хөвсгөл”. Одоо бидэнд ойлгогдохгүй болсон энэ нэрийн утга нь эртний туркээр “Хөх уст нуур” гэсэн утгатай. Хөх устай нуурынхаа тухай зураач П.Балдандорж уран зургийн хэлээр дотоод сэтгэлийнхээ мэдрэмжийг зуржээ. Тэр үед хүн өөрийн дотоод сэтгэлд мэ­дэрсэн зүйлээ цаасан дээр буулган уран бүтээл болгохыг хү­лээж авдаггүй харин яг л нүдэнд харагдаж байгаагаар нуур гэвэл яг л нуурын ус, давалгаа, хад, эрэг гэх мэтээр зурах ёстой хэмээн үздэг хэцүү цаг үе байжээ.

Бичсэн: Боролзой | цаг: 14:13 | Будаг амилж зураг ярина
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax