2010-07-06
Чингис хаантай адилхан өвгөн хуурч

 

Хорьдугаар зуунд монголчууд бид улс үндэстнийхээ хувьд дэвшсэн, хөгжсөн, боловсорсон, соёлжсон нь маргашгүй үнэн билээ. Үнэхээр ч бидний өмнөх үеийнхэн социалист нийгмийг бүтээн босгохоор борви бохисхийлгүй хөдөлмөрлөсөн юм. Тэр үед өмнөх нийгмийнхээ шашны хэт мунхрал, бүдүүлэг болхи хоцрогдлоос салсан нь үнэн хэдий ч үүний хажуугаар ардын ёс заншил, ардын хөгжим, үндэсний хувцас, морин хуур зэрэг маань нүд үзүүрлэгдэн “хэлмэгдэж” явсан нь бас гашуун үнэн.

Аливаа хуучны нийгэм шинээр солигдоход олон дэвшилтэт зүйлстэй учран золгохын хажуугаар сайн бүхнийгээ ч муутай нь хамт харлуулан үгүйсгэх алдаа завхрал гардаг бололтой. Гэвч ийм хэцүү бэрх цагт ч гэсэн үндэсний уламжлалаа, соёлоо, ахуйгаа хэлмэгдэж байгааг хараад тайван сууж чаддаггүй эх орончид бас төрдөг ажээ. Тэдний нэг нь Төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэн бөгөөд тэрээр үндэсний соёл урлаг, монгол зургийг сэргээн хөгжүүлж хадгалж үлдэхэд сэтгэл санаагаа чилээсэн нэгэн билээ. Түүний хамгийн алдартай зураг болох “Өвгөн хуурч” бүтээл нь үүний гэрч болно. Энэ зургийг ид социализмын үе буюу 1958 онд зуржээ. 80 х 60 см хэмжээтэй цаасан дээр гуашаар зурсан энэ бүтээл одоо Монголын уран зургийн галерейд хадгалагдаж байна.

Ү.Ядамсүрэн зураач 1958 оны зун Гандангийн Дашчоймбол дацанд хувраг байсан Цэрэннадмид гэж хүнийг натурт суулган “Өвгөн хуурч”-ийн дүрийг бүтээсэн түүхтэй. Энэ тухай түүхийн ухааны доктор А.Баярмагнай “Манай аав Дууч хэмээх Адъяатай хамт Гандангийн Дашчоймбол дацанд суудаг байсан их цагаан сахалтай Цэрэннадмид гэгч 60 гаруй настай өвгөн 1958 оны зун манайд ирж Пионерийн ордны даргын гарын үсэгтэй бичиг үзүүлж, зураач Ядамсүрэн хуурч өвгөний дүр бүтээхэд нь сууж зуруулсан” тухайгаа ярьсан гэжээ.

Зураач уг бүтээлээ монгол зургийн уламжлалт аргаар нимгэн цаасан дээр дэвсгэр өнгө тавьж, түүн дээрээ хар зургаа буулган, цэвэр тод өнгийн шороон будгаар өнгө таглаж, хөнгөн дагнаас уусгалтаар гэрэл, сүүдрийг нь тодруулан гаргажээ. Тухайлбал хуурч өвгөний царай, гарыг дүрслэхдээ үл мэдэг гэрэл, сүүдрийг шингэн будгаар дагнааслан зуржээ. Үүний хойно нарийн бийрийн үзүүрээр дүрс, деталь бүрийг ялган хүрээ зураасаар тодруулан татаж, улмаар нухмал алтаар хээ хуар, чимэглэлүүдийг гүйцээн зурсан байна. Мөн хөнгөнөөс хүнд тон руу шилжсэн өнгөөр дагнааслан зурдаг хээ хуарыг хуурын цар, олбог хивсэн дээр зуржээ. Түүнчлэн зураач эд материалын мөн чанарыг шууд хараад танигдахаар ялган зурсан бөгөөд булган малгай, дээлийн нударга, хурган дотор, хивс зэргийг маш нарийн тодруулан зурсан нь яг л бодит мэт харагддаг байна.

Хар булган нударга бүхий хурган дотортой, чисжүү эмжээртэй, шар гуулин товчтой, урд зүгээс гаралтай алтан луун хээтэй хондон улаан дээлэн дээр ногоон дурдан бүс ороон, сампин зангидсан улаан оройтой, цэнхэр торгон бүчтэй, ембүү хэлбэртэй, хар булган малгай өмсөж, улаан ширмэл хараатай, ногоон эмжээр, ширмэл угалзтай монгол гутал жийн, нүдэнд дулаахнаар мишээсэн урт цагаан сахалтай өвгөн хуурч үзэгчдийн зүг ширтэнгээ морин хуураа татан сууж буйгаар дүрсэлжээ. Өвгөний барьсан хуур нь хуучин цагийн уран сүмбэр хийцтэй, улаан зогдор бүхий сартай морин толгойн сийлбэртэй бөгөөд ногоон улаан хосолсон царан дээр өлзий, угалз хээ хосолсон чимэглэлтэй агаад хуурны толгойд ороосон хөх хадагны унжсан хоёр үзүүр хуурын аялгуу, татлагын хэмнэлийг сонордуулах мэт уран зөөлөн хөдөлгөөн үүсгэх ажээ.

“Өвгөн хуурч” нь ХХ зууны Монголын дүрслэх урлагийн нэгэн ноён оргил агаад хүүрнэх өгүүлэмж, утга агуулга, бэлгэдэл, өнгө зохицол, зохиомжийн төгс шийдэлтэй бүтээл төдийгүй ардын урлаг, угсаатны зүй, зан заншил, соёл, үндэсний хөгжим, үндэсний хувцас болон монгол түмний их түүх, нүүдэлчдийн сэргэн мандалт гээд олон олон чухаг асуудлыг хөндсөн цогц, өргөн утга, агуулга бүхий үнэт өв болсон юм.

Зураач уг бүтээлийнхээ өвгөн хуурчаар Чингис хааны дүрийг төлөөлүүлэн зурсан байж болох талаарх судалгаа байдаг байна. Хоёр өөр хүний дүр ч гэлээ Ядамсүрэн зураачийн өмнө нь зурсан Чингис хаантай өвгөн хуурчийн нүүрний ерөнхий харьцаа, төрх, хамар, хацрын хэлбэр, сахал, хөмсөг нь адил төсөөтэй байдаг гэнэ. Энэ нь нэгэн хүний дүрийг хоёр өөр ааш араншин, намба төрхтэйгээр зурсан мэт санагдуулдаг байна. “Эндээс дүгнэхэд зураач Ү.Ядамсүрэн гуай “Өвгөн хуурч”-ийн дүрийг бүтээхдээ тухайн үед зурах нь битгий хэл нэрийг дуудахаас эмээдэг байсан их эзэн Чингис хааны дүрийг төлөөлүүлэн зурсан байхыг үгүйсгэх аргагүй юм” хэмээн урлаг судлаач О.Доржготов бичсэн байдаг.

Ү.Ядамсүрэн 1905 онд Сэцэн хан аймгийн Түмэндэлгэр сумын нутагт (одоогийн Хэнтий аймгийн Норовлин сум) Улаан нүдэн хэмээх газар мэндэлжээ. Түүний өвөг эцэг Үржин тэрэг, сийлбэр хийдэг гарын дүйтэй нэгэн байсан агаад өөрийн дүү Эрдэнэ гүний хийдийн бурханч лам Чойдашид таван настайд нь шавь оруулжээ. 1930-аад оны үед тэрээр хар болж Улаанбаатар хотноо суурьшиж, Хэвлэх үйлдвэрт ажиллаж байгаад 1934-1937 онд ЗХУ-ын Москва хотноо Дорно дахины Хөдөлмөрчдийн их сургуульд суралцаж дүүргээд Судар бичгийн хүрээлэнгийн Газар зүйн тасагт ажиллаж байв. Тийнхүү эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлж байгаад өөрийн зурах, урлах авъяас билгээ улам бүр хөгжөөн дэлгэрүүлэхээр 1939-1942 онд Москва хотноо Суриковын нэрэмжит уран зургийн академид суралцаж байгаад дайн дажны аюулаас болоод төгсөж чадаагүй байна. 1945 оноос Дүрслэх урлагийн газар (Монголын Урчуудын Эвлэлийн Хороо)-т 41 жилийн турш ажиллажээ.

Түүний зээ охин, зураач Я.Булган өвөөгийнхөө тухайд: “Өвөө маань үндэсний гэсэн бүхнээ чин сэтгэлээрээ хайрлан хүндэлж, хадгалан хамгаалах, соёлын өв уламжлалаа хойч үедээ өвлүүлэхийн төлөө тууштай тэмцэгч нэгэн байсан юм. Би гаднаа намын гишүүн боловч, дотроо бол лам хүн юм шүү дээ гэдэг байсан” хэмээн дурсчээ.

          Түүний хань Люня зээгт наамал хийдэг мөн гарын уртай хүн. Түүний үр хүүхдүүдээс удам дамжсан олон зураачид төрж гарчээ. Тухайлбал, хамгийн том хүү нь тө­рийн шагналт зураач Үржнээ, мөн хүү Арвижар дизайнар бол охин Юмжир нь хувцасны дизайнар, дунд охин Заяа нь орос хэлний багш мэргэжилтэй ч зураг зурдаг ба түүний охин Булган  нь зураач, “Анима” сургуулийн захирал ажээ. Түүнчлэн, хамгийн бага охин Туяа Репины нэрэмжит уран зур­гийн сургуулийг дүүргэсэн зураач юм.

 

Бичсэн: Боролзой | цаг: 09:07 | Будаг амилж зураг ярина
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


Маш гое бичжээ
Бичсэн: SUNshine (зочин) цаг: 17:16, 2010-09-11 | Холбоос | |


ene neeree aimar aldartai zurag shd. yasan goy niitlel we,meddeggui l baiv ene zyrgiin talaar
Бичсэн: Зочин цаг: 08:55, 2010-07-07 | Холбоос | |


ӨӨ МЭДЛЭГТ дусал нэмсэн их схан нийтлэл болж...
баярлалаа....
ТАЛАРХААД БАРШГҮЙнээ... ярзайтал инээх
Бичсэн: luna цаг: 22:50, 2010-07-06 | Холбоос | |


гоё шүү Үнэн гоё бичлэг байна аа.
Бичсэн: xvv цаг: 22:39, 2010-07-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax