Хэн хүнд хамгийн эрхэм зүйл нь өөрийнх нь нэр гэдэг. Хүний нэрийг зөв дуудаж бичих нь том соёл, хүндлэл билээ. Чингис гэдэг цолтой Тэмүүжин хэмээх залуугийн тэртээх 13-р зуунд энэ ертөнцөд дуурсгасан нэр нь одоо бидний нэрийн хуудас болжээ. Бид заримдаа их хааныхаа нэрийг буруу бичиж түүнийг үл хүндлэх нь бий.
“Чингэс хааны нэрэмжит Их засаг их сургууль”, “Чингэс-Соосэ сургууль” гэх мэтээр ташаа бичсэн нь тааралдана. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, интернэтээр ч энэ буруу хэлбэр элбэг. Зүй нь “Чингэс” биш “Чингис” хэмээн бичих ёстой. Монгол бичгийн хамгийн эртний дурсгал “Чингисийн чулууны бичиг”-ээс авахуулаад “Монголын нууц товчоо” зохиолуудад бүгдэд нь “Чингис” гэж байдаг. Зарим монгол бичгээрх зүйлд “г”-гийн ар талын “и”-г “э” мэт харагдахаар богино бичдэгээс “Чингэс” хэмээн уншигдахаар байдаг боловч энэ нь үнэндээ “Чингис” юм. Тэгэхээр одоогийн биднээс өөр хэн ч их эзнийхээ нэрийг “Чингэс” хэмээн буруу бичиж байсан түүх байхгүй билээ.