Сүүлийн өдрүүдэд автомашины үзлэг тооллого эхэлснийг хэлэх үү замын цагдаа нар ёстой ширүүн байнаа. Хэд хоногийн өмнө замын цагдаад торгууллаа. Машинаа нэгдүгээр эгнээнд тавиад нэг газраар ороод ирэх хооронд цагдаа номерийг маань хураагаад шар бичиг наагаад явчихжээ. Торгууль нь арван мянган төгрөг. Гэвч яая гэхэв хууль хойно, хичнээн дургүй байсан ч хуулийн дагуу шийтгэл хүлээх ёстой. Замын цагдаа дээр очоод торгуулаа төлөөд номероо ч авлаа. Машин тавьчихаар зогсоол хангалттай байхгүй нь үнэн хэдий ч зам дээр тавьж орхидог миний буруу, торгох нь ч цагдаагийн зөв. Гэвч өөрийн буруугаас болж торгуулсан мөртөө л ямар их уур хүрч байнаа?...
Сарын өмнө Авилгатай тэмцэх газрын нэгэн эрхэмд хүчиндүүлсэн хэмээн нэгэн хүүхэн хэвлэлийн бага хурал хийж бөөн дуулиан тарьсан. Хоёулангийнх нь яриаг сонсоход тэдний дунд “ямар нэг юм” болох нь болсон ч юм шиг, бас болоогүй ч юм шиг. Тэрхүү “ямар нэг юмыг” нь харин шүүх хууль дүрмийнхээ дагуу тогтоох ёстой байх. Энэ явдал надад ер хамаагүй ч гэлээ телевизээр өөрсдөө ярьсан болохоор одоог хүртэл хэн нэг нь буруутахгүй байгааг хараад ямар их гайхаж байнаа бас?...
Ер нь буруу зүйл хийчихээд хуулийн дагуу шийтгүүлэхэд уур хүрмээр хэдий ч өөрийн хар толгойдоо л гомдохоос өөр яахав. Ихэнх хүмүүс ч ингэж боддог. Монголын хууль чанга, эсвэл хэтэрхий сул байна гээд л ярьдаг. Асуудал нь хууль нь чанга, сулдаа ч бас биш юм аа. Хүмүүсийн хамгийн их бухимдаж байгаа зүйл бол хүн бүрт хууль шударга бус үйлчлээд байгаад л байх шиг. Эрх зүйт нийгэмд буруутай хүн шийтгэгдэх ёстойг бүгд ойлгож байна. Харин би ганцаараа шийтгэгдээд надаас илүү хулгайлсан тэр шийтгэгдэхгүй бол харин шүүх хийгээд хуулийг эсэргүүцэн бархирмаар, хашгирмаар санагдах байх.
Сонгож авсан шинэ замынхаа хорин жилд иргэдийн ухамсар улам л дээшилсээр байгаа нь саяхан болсон УИХ-ыг тараах суулт, өлсгөлөнд хүмүүсийн хандаж байгаа хандлагаас харагдлаа. Дэмжих нь дэмжээд л, эсэргүүцэх нь эсэргүүцээд л хүн бүр асуудалд бодитой, бодолтой хандаж байна. Элдвээр туйлширдаг цаг үе алга болжээ. Хичнээн олонх маань ядуу байгаа нь үнэн ч хүмүүс тэмцэгчдийг нэг их дэмжсэнгүй, олонх дэмжээгүй болохоор зохион байгуулагчид маань өөрсдөө ойлгоод тарах шиг боллоо.
Өөрийн буруугаас болж торгуулсан боловч уур хүрээд байдаг гэж дээр хэлсэн дээ. Төрийн том албан тушаалтны машин яг миний машин тавьсан газар, яг тэр нөхцөл байдалд байвал намайг торгосон тэр цагдаа адилхан торгож чадах уу, тэр шар цаасаа наах болов уу? Ээ дээ, үгүй л болов уу. Үүнийг бодохоор л харин бухимдана. Харин хуулийн дор бид бүгдээрээ адилхан зэм хүртдэг бол гомдох зүйл алга даа. Эдний энэ хандлагаас болоод л иргэн хүн зөрчилгүй зүгээр явж байгаа мөртөө цагдаа харахаар ямар нэг юм буруу хийчихсэн хүүхэд мэт болдог сэтгэлгээ бидний тархинд нэвт шингэжээ.
Дээрх хүчингийн гэгдээд байгаа шиг учир нь олдохгүй олон хэргүүд бидэнд сонсогддог. Дараа нь юу болсныг дуулахад тэгэсгээд л аль нь ч буруудсан юм байхгүй өнгөрсөн дуулддаг. Зүй нь дээрх хэргээр жишээлэхэд нэг нь хүн гүтгэгч, эсвэл нөгөө нь хүчиндэгч болоод шийтгэгдэх ёстой баймаар. Энэ мэт байдал нь өөрөө нийгэмд шударга бус байдлыг улам л дэвэргэдэг билээ.
Нэг үеэ бодвол манай хууль хяналтынхны ухамсар улам дээшлээд байх шиг. Дээхэн үед баарнаас архи үнэртүүлэн гарч ирсэн хүнийг цагдаа нар шууд хоёр талаас нь сугадаад л эрүүлжүүлэх рүү аваад явчихдаг байлаа. Үймээн тарьчих хэрэг хийгээгүй учир баригдсан хүн энэ байдалд эсэргүүцэл илэрхийлнэ, тэгээд хэрэлдээд жинхэнэ эрүүлжүүлэх рүү ачигдах болзлоо хангана даа. Уг нь логикоор баранд орсон хүн амнаасаа архи л үнэртүүлж гарч ирэх ёстой л доо. Одоо энэ байдал арай гайгүй болсон харагддаг. Үүнтэй холбогдуулаад нэгэн онигоо ч гэх юм уу, болсон явдал ч гэх үү түүх өгүүлье. Хэдэн жилийн өмнө Германд хараар амьдарч байсан нэгэн монгол нутаг буцахаар шийдэж л дээ. Гэхдээ тэндэхийн цагдаагийн уурыг хүргэж байгаад баригдаад нааш ирэхийг бодож. Тэгээд гудманд гараад цагдаа тааралдахаар нь араас нь очоод өшиглөчихөж гэнээ. Гэтэл нөгөө цагдаа нь эргэж хараад “Уучлаарай” гэсэн гэдэг шүү. Энэ түүх хэдий бага зэрэг хэтрүүлсэн мэт байж болох ч хүний эрхийг дээдэлдэг газрын цагдаа гэдэг өөрийгөө дарангуйлах гэхээсээ үйлчилгээний хүн гэдгээ ухамсарласан нь харагдана. Манайд бол яах бол доо, хэрвээ таны зориг чинь хүрвэл гудманд тааралдсан цагдааг өшиглөөд нэг үзээрэй л дээ.
Иргэн хүн хуулийн дор байх ёстой л гэнэ, хуулиа дээдлэх ёстой л гэнэ, төр нь хууль сахиулах ёстой л гэнэ. Ингэхэд хууль гэдэг маань яг хэнд зориулагдсан эд, бас юу юм бол? Хууль гэхээр л хүн болгон толгой бөхийн айн сандарч гөлөлзөж байдаг төрийн машины эрэг шураг гэж үү? Бараг ёс зүйдээ захирагдаад хуульгүй амьдраад байвал болмоор ч юм шиг. Хууль хүн болгонд тэгш үйлчлэхгүй байвал харин ч хүний эрхийг боогдуулагч нэгэн хүчин зүйл болоод байгаа ч юм шиг. Гэвч ийм байлаа гээд хуульгүйгээр ямар ч улс оршин тогтнох аргагүй, боломжгүй зүйл билээ.
Хууль гэдэг маань дарга нарыг, эсвэл ердөө энгийн иргэдийг захирахад л зориулагдсан эд юм уу? Ардчилсан нийгэмд мэдээж хэн бүхэнд тэгш хандахаар зориулагдсан эд биз. Гэхдээ ард түмнийг хамгаалах үүрэг нь бүр илүү байх ёстой байх, магадгүй зарим нэг талаар энгийн иргэнийг бүүр төрөөс ч хамгаалах хэрэг гарч болох. Үүнийг энгийнээр хэлвэл хуулиа мэддэггүй хүний эрхийг хөсөрдүүлэгч этгээд, хуулийг хэт мэдэгчид, “буруу ишилсэн сүх” шиг зарим нэг албан тушаалтан нараас иргэнээ эцсийн эцэст бас хууль л хамгаалах ёстой болов уу.
Хуулийг хүн л зохиодог хойно алдаа дутагдал олон бий. Монголчууд бидэнд хууль дутагдсанаас бус УИХ-ын гишүүдийн үйлдвэрлэн гаргаад байгаа энэ олон хуулиуд иргэн бүртээ тэгш үйлчилдэггүйгээс л нийгэмд шударга ёс улам үнэгүйдэж байх шиг. Хичнээн мянган хууль байгаад ч тэр нь иргэддээ тэгш бус хандсаар байвал хууль маань гууль хэвээрээ л байх болов уу.