2010-04-14
Нэг алхам хувьсгал, хоёр алхам ухралт

 

Монголчууд бидний өвөг дээдэстэй холбоо харилцаатай байсан гэгддэг эртний түүхт Киргизэд хувьсгал гарчээ. Хэдэн зуун хүн шархдаж, олон арван хүн амь насаа алдаж, ерөнхийлөгч нь нуугдаад олдохгүй байгаа бөгөөд сөрөг хүчин нь засгийн эрхийг булаан авсан байна. Тэр ч байтугай хоорондоо буудалцаж, дэлгүүр худалдааны төвүүдээ тонон дээрэмдэж, Засгийн газрын ордон руугаа дайран эвдэлж сүйтгэн эзэлж авчээ. Мэдээж ард түмэн нь тэсэхээ байгаад л ийм байдалд хүрсэн боловч хүсэхээр зүйл биш юм. Сонин нь хувьсгалыг хийсэн сөрөг хүчний удирдагчдын нэг нь Роза Отунбаева хэмээх нэгэн эмэгтэй байх ажээ.

Манайд ч хувьсгал хийхийг хүссэн хэсэг хүмүүс жагсаал цуглаан, суулт хийн одоо өлсгөлөндөө тулаад байна. Удирдагчдынх нь нэг нь Г.Уянга хэмээх бас нэгэн эмэгтэй. Өмнөх өдөр нь тэрээр Монгол телевизийн “Хариулахгүй ч байсан болно” нэвтрүүлгээр орохдоо хувьсгал хийхэд хууль байхгүй хэмээн хэлж байсан нь тийм ч таатай сонсогдоогүй. Тэмцэгчдийн зарим нь нийгэмд аль хэдийн “сонин санагддаг” болчихсон хүмүүс ч байна, дандаа зөв юм ярьж байгаа харагддаг “Урбанекийн Лхагважав” гэх мэт аятайхан хүмүүс ч байна. Харин ард нь...

Юуны учир эдгээр хүмүүс энэ байдалд хүртлээ тэмцэхээр болов? Тэдний шаардлага нь УИХ-ыг тараах байсан, түүнийг нь хүлээж авсангүй, одоо УИХ-д итгэл үзүүлэх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахыг шаардаж байна. Уг нь энэ УИХ-ыг тараачихаж болдог бол үнэхээр сайхан санаа, эднийг солихоос өөр сайхан юм гэж юу байхав. Хөөрхий ядарсан ард түмэндээ “богдын боорцог” шиг 70 000 төгрөг тараан зодолдуулж, лав л ойрын хэдэн жилдээ яасан ч өгч чадахгүй 1 500 000 төгрөгийг “өгнөө” хэмээн хуурсаар байгаагийнх нь төлөө, том том төслүүдийг яаран яаран эрх барьж байгаа дээрээ батлуулах гээд улайраад байгаагийнх нь төлөө, ардчиллын зарим нэг зарчмаас ухарч ард түмнээрээ тохуурхсаар байгаагийнх нь төлөө тараах “ял” өгмөөр л байна.

Жамбын Батмөнх гэж яасан ч ухаантай хүн байж вэ? гээд л их ярьдаг, “айгаад буугаад өгснийх” нь төлөө төрөлх нам нь өвгөнийг амьдад нь лав тоодоггүй байсан. Харин сүүлийн үед ардчиллыг бараг хувьсгалт нам сэдээд зохион байгуулчихсан юм шиг, ядаж л хувьсгалт нам ардчиллыг эсэргүүцдэггүй байсан гэж харагдуулахад өвгөн хэрэг болдог болсон бололтой, хөшөөн дээр нь цэцэг тавьж бэлэвсэн эхнэрт нь намаас нь тэтгэвэр өгдөг болжээ. Ж.Батмөнх гуай үнэхээр албан тушаалын дэв тусаагүй уужуу ухаантай хүн байсан бололтой, одоогийн манай зарим нэг “улаан” улс төрчид оронд нь байсан бол юу болох байсан бол доо, “алалцуулах” байсан байх. Тэр үнэхээр амархан зайгаа тавиад өгсөн. Одооны эрх баригчдыг тийм амархан зайгаа тавиад өгнө гэж бодож байна уу, Уянгаа?

Тэд тэгэхгүй, Итгэлтийн хэлдэгээр “даан ч чадахгүй л дээ”. Тэдний чадахгүйд учир бий. Ерээд оны монголын парламент гэж нэг сайхан юм байв даа, гишүүдэд зориулсан автобусандаа бөөнөөрөө суугаад гэртээ харьцгаачихдаг, албан тушаалын хаялга нь чааваас үсрээд л хүүхдээ төрийн мөнгөөр Америкт сургуульд явуулдаг байгаа биз дээ, үзэл бодлоор өрсөлддөг, сонгогдохдоо ч тэр, буухдаа ч тэр гуяа ганзгалаад яваад өгдөг цэвэр ариун ёс суртахуунтай үе байв шүү. Одоо ердөө гишүүн нэр зүүхийн төлөөнөө хэдэн зуун саяар нь мөнгийг цацдаг, сонгуулийг зохион байгуулдаг, худалдаж авдаг энэ цаг үед тийм амар тарахгүй ээ. Үнэгүй юм гэж байдаггүй шиг ийм өндөр төлбөр төлсөн тэд (хамгийн цэвэр гэгдээд байгаа З.Алтай ч тэр) хэзээ ч энэ ширээнээсээ салж чадахгүй. Тэгэхээр УИХ-ыг тараах нь өөрөө үл гүйцэлдэх санаа байж болох талтай.

          Ард түмний амьдрал үнэхээр хүнд байнаа, үнэн. Улс төрчдөөс ч зарим нэг зүйл нь шалтгаалж ядуу байгаад байгаа нь бас үнэн. Ерөнхий бидний амьдрал үргэлж дээшилсээр ирснийг хэт үгүйсгэж зарим нэг ядуу байгаа хэсгийн амьдралаар гул барьж улс төр хийдгээ болимоор байна. Ер нь бид нэг юмыг маш сайн ойлгомоор байгаа юм. Бидний амьдарч байгаа нийгэм бүхнийг тэгшитгэдэг коммунист нийгэм биш. Зарим нэг хэсэгт маань ядуу амьдрах тавилан угаасаа байна, энэ нь харин өөрөөс нь шалтгаалсан ядуурал байх ёстой. Зарим нь дэлхий даахгүй баян болно, энэ нь харин улс төрөөс шалтгаалсан байх ёсгүй. Ихэнх хэсэг нь өдөр тутмаа л болгоод явдаг бидэн шиг нь байна. Харин аль болох баян, ядаж дундаж хүмүүсээ олон болгохын төлөө ард түмэндээ тэгш бололцоог олгох нь төрийн үүрэг байх. Нөгөө талаар улс маань бидний мөрөөдөж байгаачлан баяжих хаа байсан юм бэ, бүх юм дөнгөж л эхэлж байна, нэг хүнд оногдох ДНБ ядаж 5000 доллар болтол хэдэн жилийн зай бий байх шүү хүмүүс ээ.

За яахав, их хурал тарлаа гэж бодъё. Их хурал тарвал үндсэн хуулиндаа гар хүрэх болно, шинээр их хурал, засгийн газрыг бүрдүүлэх ажил ундарна, бүүр хамгийн аюултай нь засаглалын хэлбэрийг ямраар байх эцэс төгсгөлгүй маргаан эхэлнэ. Өөрөөр хэлбэл, хөндлөнгийн хүмүүс буруугаар ашиглах хий, зай гарч ирнэ. Ерөнхийлөгчийн засаглалыг илт дэмждэг намууд ч байна. Сүүлийн сонгуулийн дараа “би улс төрөөс хол байна” гэсэн шиг ярилцлага өгч байсан ҮШН-ын лидер М.Энхсайхан ерөнхийлөгчийн засаглал яригдаад ирвэл ард түмэн нь “Та улс төрөөс хол бай” гэсэн ч, хичнээн өөрийг нь сонгохгүй байгаад нь ард түмэндээ гомдсоор явдаг ч тэрээр ойртоод л ирнэ. Тэгээд ерөнхийлөгчийн засаглалын үлгэрээ яриад эхэлнэ дээ. “Дулмаа минь байхдаа намайг загнаад хичнээн сайхан” гэдэг шиг хоорондоо хэрэлдсэн ч, хуйвалдсан ч олон хүн хэлэлцээд, хэрэлдээд батлах парламентын засаглал монголд тун зохисон тогтолцоо билээ. Ерөнхийлөгчийн засаглалтай болоод ухралт гарах нэгэн аюул энэ.

Мөн экс ерөнхийлөгч маань сүүлийн үед албан тушаалд ердөө “цадаагүй” байгаагаа ил тод илэрхийлж байна, тэр “өлссөөр” л байгаа бололтой. Ийм “муухай” улс төрийн ажлыг дахин хийх гэж юунд дурлана вэ? Мэдлэг боловсрол өндөр, гадаад хэлний гаргуун мэдлэгтэй хүн улс төрөөс өөр аятайхан, хүнд хэрэгтэй оюунлаг үйл эрхэлвэл илүү олон хүнд тус болж чадах мэт санагдах, бүү мэд дээ. Үнэхээр л том улс төрч бол нэг удаа өндөрлөгт гарлаа, тэр үедээ нэгэн сайн үйлээ бүтээлээ, тэгээд л улс төрөөс яваад өгдөг жишиг тогтмоор байгаа юм. Билл шиг Хойд Солонгос орж өөрийн иргэдээ шоронгоос суллаж сайн үйл бүтээгээд л, эсвэл эцэг Буш шиг зүгээр л шүхрээр буугаад л, эсвэл манай Багабанди гуай шиг телевизээр залууст сургаал айлдах нь сайхан л харагдах юм байна ш дээ. Тэгэхгүй улс төрдөө буцаж хутгалдан, ялагдлын гомдол гутралаа нийгэм рүүгээ цацаад байвал бөөн үймээн тарих, хагаралдуулах нэгэн аюул байх ажээ.

Улс төрийн эрхийг нэг л удаа хүчээр, хууль бусаар авчихвал хамаг хагарлын үүд нээгдэнэ, одоогийн олж авсан олон ололтоосоо бид ухрах болно. Эрх зүйт улсад үндсэн хуулийн бус арга замаар төрийн эрхийг авах угаасаа гэмт хэрэг. Ядаж л Киргизэд болж байгаа шиг эрдэнэт хүний амь насандаа тулсан зүйл хармааргүй байна. Бүгдээрээ 2012 оныг хүлээцгээе. Тайван замаар хувьсал өөрчлөлтийг хийцгээе. Муу хүмүүстэйгээ сонгуулиар л тооцоо бодоцгооё. Болохгүй бүтэхгүй зүйл их байна, тэсээд 2012 онтой золгоё. Ер нь бид сонгохгүй л бол хичнээн луйвардаад ч муу хүмүүс яагаад ч гарч ирж чадахгүй. Төрийн олигархи, төсвийн хулгайчдаасаа тайван замаар салцгаая. Өөрсдийгөө нийгэмд зөвөөр л ойлгуулж чадвал С.Уянга шиг, Б.Лхагважав шиг, С.Ганбаатар шиг, Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр шиг зөв бодолтой залуус шоволзоод л гараад ирнэ. Угаасаа муу хүмүүсийн үе нь дуусч байгаа юм, тэгээд тэд одоо эцсийн амьсгаагаа гүнзгий авцгаах гээд ингээд үхэлдээд байгаа юм. Хувьсгал хийх гэж нэг алхаад, буцаад хоёр, бүүр олон алхмааргүй байна. Сайхан цаг ирнээ!

 

Бичсэн: Боролзой | цаг: 15:14 | Нийтлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


"хувьсгал хийхэд хууль байхгүй"
хувьсгал хэзээ ч үргэлжлэл байдаггүй төгсгөл, өөрчлөлт, эхлэл байдаг, бас ноёлсон үзлээс асуудалд өөрөөр хандах боломж олгодог Уянга-ийн үг аятай л санагдаж байна...

"УИХ-ыг тараах нь өөрөө үл гүйцэлдэх санаа" хэрэв аятай байдлаар энэ хурал тарвал тарааж болдог буцаагаад татаад авчхаж болдог юм шүү гэдэг жишиг тогтох юм биш үү,... ер нь бүтэхгүй буруу муу тийшээ эргэнэ, боломжгүй гэж л харж байгаа хүмүүс хийж чадахгүй байгаа болохоос биш....

"Бидний амьдарч байгаа нийгэм бүхнийг тэгшитгэдэг коммунист нийгэм биш. Зарим нэг хэсэгт маань ядуу амьдрах тавилан угаасаа байна, энэ нь харин өөрөөс нь шалтгаалсан ядуурал байх ёстой. Зарим нь дэлхий даахгүй баян болно, энэ нь харин улс төрөөс шалтгаалсан байх ёсгүй."
энэ өгүүлбэрт мянган удаа талархъя

энэ бүхний ард урт шар дээлт байх бий гэж эмзэглэх, хардах сэтгэл төрөх юм. энэ нь намрын синдромын тухай ярьж байгаа хэрэг шүү ккк
Бичсэн: g84 цаг: 10:40, 2010-04-15 | Холбоос | |


Энэ Энхбаяр гуай чинь одоо яасан нүгэлтэй амьтан бээ...Өч төчнөөнөөр нь идэж идчихээд... С.Эрдэнэ гуай хэлсийн гэнэлээ "Энхбаярыг би холын бодолтой хүү байна гэж боддог байсан нь буруу байж, харин алсын шуналтай хүн байж" гэж...
Цагаачийн хүүг цагаа хатгаж
Цагаан эхнэрийг нь ногоон хатгаж л дээ...Урт шар дээлтэй хүнээс болгоомжил энэ тэр гээл янз бүрийн л юм байх юмдаа уг нь....
Бичсэн: Зоригт ван цаг: 17:03, 2010-04-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax