2010-03-06
Капитализмыг алгасах гэвэл...

 

          Бидний үеийн хүүхдүүд социализмын “хагас боловсруулсан бүтээгдэхүүн”-үүд билээ. Социализм бараг л бүрэн төгс ялах шахаж байсан наяад оны дундуур анх нэгдүгээр ангид ороод уншиж сурч байхдаа гудамжинд байдаг тэр үеийн уриа лоозонгуудыг уншиж аав ээждээ шалгуулдаг байлаа. Тэр үед одоогийнх шиг энэ олон реклам сурталчилгааны самбарууд гэж байсангүй. Тэдгээр уриа нь “Социализмын ялалт өөд урагшаа”, “МАХН-ын XIX их хурлын шийдвэрийг амьдралд хэрэгжүүлье”, за тэгээд нөгөө алдарт “Хир буртаг өчүүхэн ч хүргэлгүй тахиж шүтэж байх зүйл маань нэгдүгээрт нийгмийн өмч...” гээд л санагдаж байна. Үүнтэй зэрэгцэн Төв номын сангийн хойд ханан дээрээс авахуулаад хаа сайгүй түгээмэл байсан зураг бол ардын зураач Д.Амгалангийн “Капитализмыг алгасч” хэмээх алдарт зураг нь билээ.

          Оросууд социализм байгуулах гээд бидэн дээр туршиж байхдаа хэт яаруулаад капитализм хэмээх хөгжлийн нэгэн том үеийг алгасуулах гээд үзсээн. Капитализм ч гэж дээ, одоогийнхоор чөлөөт ардчилсан зах зээлийн нийгэм шүү дээ. Аль ч нийгэм сайн сайхан амьдралд хүрье гэвэл “чөлөөт зах зээл” гэгчийг алгасаж болдоггүй “хог” юм байна л даа. Буруу замаар явбал “гацна”, гацсанаа мэдсэн бол болиод өөр зам сонгох хэрэгтэй ажээ. Монголчууд одоо зах зээлийн тогтолцоог сонгоод тун амжилттай давхиж явна, харин хойд Солонгос л одоо хүртэл гацсан хэвээр үлджээ. Үүнийг алгасаагүйгээрээ АНУ, Япон, Герман зэрэг нь бидний нөгөө тэмүүлээд байсан сайхан нийгэмд түрүүлээд давхиад орсон доо, хөөрхий. Хөгжилтэйгээр бодвол, энэ морьтой хүн зурган дээрээ “гацалгүй” саруул сайхан тал нутгаар эрх дураар давхиж явах ёстой байлаа.

Капитализмыг алгасан морьтойгоо харайн давхиж буй эрийг харуулсан энэхүү бүтээлийн жинхэнэ нэр нь “Их үсрэлт” ажээ. 1961 онд бүтээсэн энэхүү зураг нь 70 х 100 см хэмжээтэй, гуашаар цаасан дээр зурсан бөгөөд одоо Уран зургийн галлерейд хадгалагддаг ажээ. Нэгэн цагт байшин барилгын хана гээд газар сайгүй шахам байсан энэ зургийг бүгдийг нь буулгаж, нураасан ажээ. Түүгээр ч барахгүй хүний оюун сэтгэхүйг буруу тийш нь чангаасан гэж шүүмжлүүлж байсан гэдэг. Одоо энэ зураг IҮ цахилгаан станцын оройд шахуу нэг үлдсэн гэнэлээ. Ухуулгын зураг гэдэг маань угаасаа хүмүүсийг аливаа зүйлд уриалах, дагуулах, итгүүлэх тийм нэг ид шидтэй байх ёстой байдаг байх, энэ зураг ч тэр ид шидийг өөртөө агуулжээ. Эл бүтээлийг харахад үнэхээр л харайн буй морины хөдөлгөөн, ер бусын эрчим хүч, морийг эзэгнэн төрийн далбаагаа атгасан эрийн зориг төгс, шийдэмгий царай нь тодорхой ажээ. Ямартай ч энэ зураг тухайн цаг үеийн монголын түүх билээ.


Ганцхан “Капитализмыг алгасч” бүтээл түүнийг бүрэн дүүрэн үнэлэх хэмжүүр биш билээ. Д.Амгалан бол “Ээжээ, сайн байна уу?,Миний эх орны өглөө,Алтан овоо зэрэг зуу зуун бүтээлээрээ ард түмнийхээ  хайр хүндэтгэлийг хүлээсэн нэрт зураач билээ. Ардын зураач Дагдангийн Амгалан Сүхбаатар аймгийн Халзан суманд 1933 онд мэндэлж, нялх бага насандаа эцгээс өнчирч, элбэрэлт эхийнхээ ачаар хүний зэрэгт хүрчээ. Багаасаа зураг зурах дуртай бяцхан хүү хүүхдийн зургийн уралдаанд түрүүлэн Дүрслэх урлагийн дунд сургуульд арван дөрвөн насандаа оюутан болж  алдарт зураач болох замаа эхэлжээ. Хорин гурван насандаа залуу насны хүсэл тэмүүлэл болсон Москвагийн Суриковын нэрэмжит Уран зургийн дээд сургуульд элсэн суралцаж байхдаа хоёр настай балчир охиноо  хараад сэтгэл уяран алдартЭэжээ, сайн байна уу? зургаа бүтээсэн гэдэг.

Тэрбээр монгол өнгө, монгол зургийн арга барилыг өрнийн шийдэлтэй хослуулан монгол зургийн түүхэнд нэгэн шинэ үеийг нээлцжээ. Д.Амгалангийн зургийг харахад нийгмийн шилжилт өөрчлөлт, хүмүүсийн амьдрал, байгалийн гоо сайхныг зураач хүний гярхай нүдээр ажин харж, өөрөөр нээж дүрсэлсэн байдаг байна.

Капитализмыг алгассан зургийн эзнийг хуримын ордны чимэглэлийг хийж байх үед гавьяатад тодорхойлжээ. Тодорхойлолтыг харсан Бал дарга “Энэ Амгалан чинь одоо болтол гавьяат аваагүй юм уу. Шууд ардынх болгочих” гэснээр гавьяатыг алгасч ардын зураач болсон ажээ.

Бидний танил нэгэн жүжигчин ерээд оны үед Цэдэнбалын дүрд тоглоод авсан төрийн шагналаа буцааж өгнө гээд дуулдаж байж билээ. Уг нь муу хүний дүрд тоглосон бол муу хүн биш, үзэл суртлын зурагт хуудас зурсан л бол муу зураач биш ээ. Харин муу хүний дүрд муу тогловол муу жүжигчин, сайн тогловол сайн жүжигчин билээ. Үүнтэй адилаар ямар ч үзэл суртал, муу зүйлийг ч сайн л зурсан бол цагийн шалгуурыг давах сайн бүтээл үлдэх билээ. Тэрээр сайн зураач байлаа.

 

Бичсэн: Боролзой | цаг: 11:41 | Будаг амилж зураг ярина
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


Яааг оносон
Тийм ээ, чиний зөв, хүлээн зөвшөөрч байна, нээрээ л аливаа зүйл маш олон талтай юм даа. Тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн, соёлжсон, эрүүлжсэн энэ тэр гээд дэвшлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй бол болохгүй юм даа. Гэхдээ л хуучнаараа одоог хүртэл яваагүйдээ бид баярлах ёстой байх шүү. тэврэлт
Бичсэн: Боролзой (зочин) цаг: 12:42, 2010-03-06 | Холбоос | |


газар зүйн байрлалын хувьд ч тэр, тухайн цаг үеийн дэлхийн байдлын хувьд ч тэр, манай орны дотоодын нөхцөл байдлын хувьд ч тэр бодоод үзэхээр надад бол орос ах нарын ивээлд орохоос өөр оновчтой сонголт байгаагүй байх аа. аливаа зүйл дор хаяж 2 талтай, дээр хаяж хэдэн ч юм талтай байдаг болохоор оросын суганд наалдаад олж авсан юм бидэнд бас бий.
Бичсэн: хундага цаг: 12:36, 2010-03-06 | Холбоос | |


Ай мэдэхгүй
Хүний эрх, эрх чөлөө, хүний жам ёсны амьдрал, сайн сайхан амьдралыг л алгассан байх аа даа. Капитализмыг алгасаад цэнгэлийн манлайд хүрч болдоггүй учраас л одоо бид тэрийг даван туулах гээд "зовцгоож" байгаа бус уу баярлах
Бичсэн: Боролзой (зочин) цаг: 12:19, 2010-03-06 | Холбоос | |


Амгалан гуайн тухай бага сага зүйл мэдэж авав.

аа харин алгасахын хувьд бид яалт ч үгүй алгассан гэж боддышд, орос ах нарын ачаар. чухам юуг гэдгийг нийгмийн ухааныхан л хэлдэг байх даа.
Бичсэн: хундага цаг: 12:13, 2010-03-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax