2010-03-03
"Цагаан дарь эх" бол монгол охины сонгодог дүр

 

Хувь хүний болоод улс орны хувьд гээд ямар ч зүйлд уналт, босолт гэж бий. Монголчууд бидний туулж өнгөрүүлсэн түүхийг эргэн харахад ядран доройтох үе ч байлаа, сэргэн мандсан үе ч байлаа. Улс үндэстнийхээ хувьд Чингисийн монгол арван гуравдугаар зуунд дэлхийн хэмжээнд сэргэн мандаж байсан бол урлагийн хувьд ч мөн сэргэн мандсан үе бидэнд бий.

          Леонардо Да Винчи, Миколанжело гээд XVI зууны үеийн суу билигтнүүд эртний Грекийн урлагийг дахин сэргээн хөгжүүлснээр дэлхийн урлагийн түүхэнд “ренессанс” буюу “сэргэн мандалт” гэдэг уран сайхны бүхэл бүтэн үеийг гаргаж ирсэн билээ. XVII зууны монголд олон зуун жилийн дайн тулалдаан, үймээн самуун дэгдэж хүн ардын аж амьдрал, соёл урлаг сульдан доройтсон үе байжээ. Гэвч соёл урлагаа авран хамгаалах “авралын соён гийгүүлэгч од” тухайн цаг үеийн шаардлагаар мэндэлсэн гэдэг.

          Уран барималч, зураач, яруу найрагч, соён гийгүүлэгч Гомбодоржийн Занабазар XVII-XVIII зууны монголын урлагийг сэргэн мандахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулжээ. Чингис хааны алтан ураг, Монголын анхдугаар Богд, Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазар 1635 оны хөхөгчин гахай жилийн 9-р сарын 25-ны өдөр одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт Есөн зүйл хэмээх газар мэндэлжээ. Г.Занабазар хэмээх хүний нэр Халх болон Ойрдын тэмцэл, Манж Чин улсад Монгол дагаар орсон зэрэг монголын түүхийн нэн эгзэгтэй сонин содон үед холбогддог билээ. Г.Занабазар мэдлэгийн хэд хэдэн салбарт хүчээ сорьж, олон төрлийн ажил эрхэлж нэг хүний хүч чадлаас хэтийдсэн гэмээр олон зүйл хийж үлдээжээ.

Г.Занабазар бол яруу найрагч билээ. Сургаал номоо шүлэглэсэн хэлбэрээр зохиож шавь нартаа цээжлүүлэн олонд дэлгэрүүлж байсны нэг нь Жанлав цогзол буюу "Адистэдийн дээдийг хайрлагч" хэмээх алдарт уншлага мөн. Энэ бүтээлд ойрад, халх хоёрын хэдэн үеийн зөрчил хямралдааныг зогсоох, өөр хоорондоо өс хонзон өвөрлөн харгалдан тэмцэх хэрэггүй, харин нутаг даяар эв эеэ хичээн, нөхөрлөж найрамдаж явахын эрхэм чухлыг уриалсан байдаг ажээ.

Г.Занабазар бол уран барилгач билээ. Уран барилгын хосгүй гайхамшигтай бүтээл болох олон сүм хийдийг санаачлан удирдан хийлгэсэн нь түүний гавьяа болой. Халхын Баруун хүрээ буюу Шанхын хийд, долоон аймагт Их хүрээ, Төвхөн хийд, уран бүтээлийн сүм, Зүүн хүрээ буюу Хэрлэнгийн хийд зэрэг нь Г.Занабазарын уран бүтээл юм.

Г.Занабазар бол хэл шинжлэлч билээ. Өндөр гэгээн хэлний өндөр боловсролтой хүн байв. Тэрээр Дорно дахины хэд хэдэн хэл төгс мэддэг байсан тул энэтхэг, ланз зэрэг үсгээс санаа авч 1686 онд Соёмбо хэмээх нэгэн зүйл шинэ үсэг зохиожээ. Монгол улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болдог “Соёмбо одоо ч төр засгийн тамга тэмдэг, туг далбаан дээр байдаг билээ.

Мөн Г.Занабазарын уран дархан болохынх нь хувьд түүнтэй эн зэрэгцэх хүн байгаагүй гэдэг. Дэлхийн сонгодог уран бүтээлчдийн адил эмэгтэй хүний гоо сайхныг нээн илэрхийлсэн түүний "Ногоон дар эх" (Должин), "Цагаан дар эх" (Долгор) хоёр бол дархны бүтээлийнх нь охь манлай, үнэлж баршгүй өв юм. Урлах ухаан, авьяас билгийнх нь тухайд доктор Л.Хүрэлбаатар “Тэнгэрийн дагинасыг эгэл эмэгтэйн дүрд урвуулж, энэтхэг дарь эхийг монгол дарь эх болгож, шашны урлагийг ардын урлагтай нийцүүлж сонгодог урлагийн хэмжээнд хөгжүүлж чадсан нь Г.Занабазарын урлагийн их шинэчлэл юм” хэмээн үнэлжээ. Г.Занабазарын эдгээр бүтээл нь монголчууд бидний хувьд Леонардо Да Винчийн алдарт “Жоконда”-тай зэрэгцэхүйц үнэлэгддэг билээ.


“Ногоон дар эх” бүтээл нь ертөнцийг цагаан сүүгээрээ тэжээсэн эх хүний гоо сайхны сонгодог дүр бол “Цагаан дар эх” нь салхинаас өөр юу ч хүрээгүй цэвэр ичимтгий монгол охидын сонгодог дүр гэдэг байна. Ногоон дар эхийн мөрөн дээр цомирлогоо бүрэн гүйцэт нээсэн цэцгээр түүний нас, бие жигдэрснийг бэлгэдэн харуулсан бол “Цагаан дэр эх” бүтээлдээ нүүр, биеийн хэлбэр тогтож хараахан гүйцээгүй гар хуруу нь хүүхдээрээ булбарай, үзэсгэлэн төгөлдөр шинж төрх нь бүрэлдэж явааг мөрөн дээр нь дөнгөж нүдлэн, цомирлогоо нээж байгаа цэцгээр адилтган зүйрлэж дүрслэн үзүүлжээ. Ногоон дар эхийн магнай дээр нь саран хөмсөг зурайж, алаг нүд нь ялимгүй бодлогоширч, торгомсог нимгэн өмсгөлийн цаанаас хоёр хөх нь товойн гэрэлтэж, бэлхүүсээрээ уран нарийн, гар хуруу нь уян налархай бөгөөд ялангуяа араас нь харахад эгэлгүй үзэсгэлэнтэй ажээ. Ардын зураач Н.Цүлтэм гуай Ногоон дар эхийг араас нь харахад латины “S” үсэг шиг хэмээн үнэхээр мэдэрч хэлсэн байдаг. Хүрлээр хийж алтадсан эл гайхамшигт бүтээл нь одоо манай улсын Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байна.

Бичсэн: Боролзой | цаг: 14:12 | Будаг амилж зураг ярина
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


wow, yamar goy idea we! thanks goy bichleg bn shyy adminaa, yur ni ih zuw bodoltoi hun shig sanagdlaa
Бичсэн: bella (зочин) цаг: 19:16, 2010-03-19 | Холбоос | |


Үнэхээр гайхалтай бүтээлээд шүү. Ийм нарийн учир утгатай байсан тухайд мэдээ ч үгүй явжээ.
Бичсэн: lili_marleen цаг: 17:12, 2010-03-10 | Холбоос | |


Үнэхээр гайхалтай...
Дорнын алдартай бурхан урлаач уран барималч нарын бүтээсэн цутгамал бүтээлүүдийг нь компютерт оруулаад, бурхан урлахад баримталдаг гол харьцаануудыг нь шалгахад үсрээд л 60-70% таарч харин Өндөр гэгээнийх болохоор нэг милметрийн алдаагүй таарч байдаг тухай бурханч лам Пүрэвбатын яриа санаанд оров байна...Ингээд бодоход Монголчууд бид ямар агуу гентэй улс вэ гэдэг нь мэдэгдээд байгаамдаа...
Бичсэн: Зоригт ван цаг: 16:18, 2010-03-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax