2010-02-12
Цагаан сар - цагаан сэтгэлийн баяр

Цагаан сар хэдий хүйтэн жиндүү цагт болдог ч гэлээ айсуй хаврын анхны дохиог бидэнд авчирдгаараа сайхаан сайхан. Шинийн нэгний өглөө өмнөх өдрөөсөө илүү дулаан ч болсон юм шиг, сэтгэл дагадаг байх даа. Энэ л өдөр хавьд уулзаагүй ах дүүс хоорондоо уулзалдаж, ахмад настнаа хүндлэн, идээ будаагаа идэн, инээж хөхрөлдөн энэ тэрийг хөөрөлдөх юутай таатай. Ийнхүү урт хаврыг өнгөрөөх эрчим хүчээ хуримтлуулах мэт идэж ууж, инээж наргиж авцгаагаад маргаашнаас нь өнөөх л “өчүүхэн ч чөлөө завгүй” мэт амьдрал үргэлжилнэ дээ.

Хүн гэгч сонин амьтан ажээ. Баярлахаараа нэг л их өлсөж ундаассан мэт идэж ууцгаадаг заншилтай. Ерөөс баяр гэдэг их эртний үеэс улбаатай зан үйл юм. “Идэхийн төлөө амьдардаг” асан эрт балар цагт хүн төрөлхтөний өвөг дээдэс ан гөрөө л хийн амь зуудаг байсан гэдэг. Идэхийн төлөөнөө амиа ч алддаг байсан биз. Арслан заан, аварга гөрөөсийг хад чулуунаас өөр зэвсэггүй нүцгэн гараараа авлана гэдэг үнэхээр том “баяр” юм. Тэгээд л энэхүү баяраа тэмдэглэн авласан ангаа тойрон бүжиглэж, галаа өрдөн махаа шаран гэдэс гарцгаадаг байжээ.

“Амьдрахын төлөө иддэг” болсон өнөө үед ч энэ заншил хэвээрээ л байсаар байна. Хурим найр тэмдэглэх үедээ хутга тавилгүй идэж, хундага тавилгүй ууна, нас нэмсний баяраа тэмдэглэхдээ ч төрсөн өдрийн бялуу идэцгээнэ, шинэ он гарахад ч оргилуун дарсаа буудуулж нийслэл салатаа иднэ, гашуудах үедээ ч цагаалга хийж тайтгарна. Ерөөсөө бид ч тийм бус аль ч газрынхны заншил ийм ажээ. Оросууд, хятадууд, америкчууд ч бүгд л ийм, хаа газар арьсны өнгө, хэлний ялгаа байлаа гээд хүн гэдэг хүн. Харснаа л ярихад Германд ч жижиг гэлтгүй ямар ч баяраар гудамжиндаа яг л манайхан наадмаар хуушуураа зүлгэн дээр суун идэцгээдэг шиг л наргиж өгнө дөө хөөрхий. Хэдий соёлтой хүмүүс гэгддэг ч идэж уусан хог новшоо хөглөрүүлээд л яг л бидний өрөөсөн дугуйнууд даа.

Тэгэхээр муу монголчууд л цагаан сараар бууз лагатлаа иддэг, баяраар хий дэмий мөнгө үрцгээдэг гэдэг өөрсдийгөө “доошоо хийдэг” доорд бодлоосоо татгалзацгаая, найзуудаа! Бид бусадтай л адилхан баярлана, хөөрнө, гомдоно, уйлна, гуниглана. Хөөрхий ядарсан зарим нэгний  маань хувьд л баяр гэдэг дарамт болоод байгаа болохоос ихэнх хэсэгт нь баяр баясгалан байлгүй дээ. Жил бүр л цагаан сар болохоор тэдэн төгрөг үрлээ, бэлэг өгөхөө больё, эрт цагт ууц тавьдаггүй байсан юм, мөнгө барьж золгохоо больё хэмээн залхтал ярина, уриална. Тэгэж яривал баяр гэдэг худалдан авалтыг нэмэгдүүлээд улс орны эдийн засаг талаасаа ашигтай гэдэг юм билээ шүү. Бэлэг өгөхгүй нь өгөхгүй л биз, ууц тавимааргүй бол тавихгүй л биз, бага идэх нь бага идээд, хүн хүн өөрийнхөөрөө л байхаас заавал тэгэцгээ, ингэцгээ гэх нь тун зохисгүй. Уг нь боломжтой нэг нь боломжоороо хийгээд, боломж тааруу хэсэг маань ёстой “Хичнээн ядуу хүнд ч савангийн мөнгө олддог л байхгүй юу” гэгчээр нүүрээ угаагаад хуучин ч гэсэн нөгөө хувцсаа өмсөөд хэр тааруу сайхан тэмдэглэхэд юу нь болохгүй байх билээ.

Хуучин социалист дэглэмийн үед цагаан сарыг нэгдэлчдийн баяр, малчдын баяр хэмээн шоовдорлон тэмдэглүүлэхгүй гэж хориод овоо үзсэн байдаг. Яаж ч хорьж хаагаад ард түмний хүсэл эрмэлзлэлийг дийлэлгүй ерэн онтой золгосон билээ. Бүүр зарим нь хориглоод болохгүй болохоор нь шинэ жилээр шинэ жилийг биш цагаан сарыг тэмдэглэдэг байсан гэсэн яриа хүртэл бий. Гэсэн ч яаж ийгээд л тэмдэглэсээр ирсэн юм. Заримдаа золгох цагаар нь албан газруудад сонин уншлагын цагийг тааруулдаг байсан гэсэн. Дарга ажилтнаа хорино, ажилтан даргаасаа эмээнэ, гэхдээ л хэн хэнээсээ нууцаар гэртээ золголтоо хийгээд л ирцгээдэг байсан байх даа, баахан бууз үнэртүүлсэн хүмүүс л бие биенээ хараад инээд нь хүрээд суудаг байсан юм болов уу. Ёстой нөгөө сурсан юмыг сураар боож болохгүй гэдэг энэ дээ.

          Сүүлийн үед манайд цагаан сар дөхөөд ирэхээр зурхайчдын зурлага, зурхай, цаг тооны бичиг, зүг мөр гаргах гээд нийгэмд бөөн маргаан дэгдээсэн, будилуулсан нэг “зугаатай” гэмээр явдал гарах боллоо. Энэ жил ашгүй зурхайчдын маань зурлагаар нэг өдөр золгохоор болсон гэсэн, гэхдээ бас яаж зүгээр байхав хоёр “Шинийн нэгэн”-тэй. За энэ ч яахав, бас ч гайгүй, заримдаа ч халуун намраар цагаан сараа тэмдэглэ гээд, эсвэл хоорондоо сарын зөрөөтэй золгох болоод та нар минь биднийгээ мөн ч их тэвдүүлдэг шүү. Шинийн нэгний өглөө та нарын минь зөвлөсөн зүг гаргана гэж бас нэг зугаатай ажил байна, одоо яахав хэдүүлээ лам нарыг өөр хялбар арга бодож олтол нь цаасаан хийсгэж, усаан цацаж, төмрөөн нугалж, салхиан хийсгэн, шороогоон пужигнуулан мунгинацгааж л байхаас даа. Энэ жил биднийгээ амар тайван хэрүүл уруулгүй золгуулж байгаа зурхайч нартаа баярлалаа.

          Бид одоо Григорийн тоолол буюу нарны явдлаар тооцож сар өдрөө баримжаалан амьдарч байна. Уламжлалт цагаан сарын баяр маань харин сарны тооллын дагуу өдөр гаригаа тооцож тэмдэглэдэг. Нарны тооллоор болохоор энэ дэлхий тэр даяараа маргаангүй шинэ оноо угтаад болоод байдаг, сарны тооллоор болохоор цөөхөн монголчууд дотроо хоёр өөр өдөр шинэлэх болчихоод байдаг бидний тоолол гэж золиг шиг тоолол юм даа. Нэг талд нь төвд талаа барьсан Төгсбуянтын зурхай, нөгөө талд нь монгол талаа барьсан шар зурхай, бүүр нөгөө талд нь мань Аргогийн “Намрын цагаан сар” байгаа юмдаг уу даа. Арго өөрөө л намар битүүлээд шинэлнэ биз, тэр ч нээрээ маньд ямар хамаа байна. Ямартай ч идэж уух зүйл ховор болдог хавар цагаан сараа тэмдэглэх нь зүйтэй байх аа. Нөгөө хоёр зурхай заавал өөр байдаг нь улс төрийн шалтгаан байдаг л биз, газар нутгийн ялгаа зөрөө байдаг л биз, цаг тооны бичгээ борлуулах өрсөлдөөн байдаг л биз, үзэл бодлын ялгаа байдаг л биз, хэнийг нь ч буруутгах зорилго алга. Хэзээ цагаан сараа тэмдэглэхээ төр засаг нь угаасаа шийдээд ирсэн, цаашдаа ч шийдээд явах биз ээ.

Ингэхэд та минь ээ, энэ дэлхий маань хэдний өдөр болоод байгаагаа өөрөө ойлгож байгаа болов уу? Мэдээж өдөр сар солигдон нар сарны давхцал одон орны талаасаа тохиож байгаа хэдий ч цаг тоолол гэдэг зохиомол, хийсвэр зүйл билээ. Өнөөдөр 2010 он болж байгаа нь 2010 жилийн өмнөөс л тоолж ирсэн Есүс Христ гуайн насны тоо биз дээ. Дэлхий сөнөнө гээд л яриад эхэллээ, 2012 оны 12 сарын 12-ны яг энэ өдрөө дэлхий өөрөө олоод сөнөхөө “ойлгож” байгаа юм уу? Энэ дэлхийг яг хэзээ төрөөд яг хэзээ нүд анихыг бид мэдэхгүй, мэдэх ч боломжгүй, яг өөрийнх нь хувьд нарийн он тоолол гэж байхгүй ээ.

Туурга тусгаар байгаагийн минь зол жаргал, энхрий хайрт эх орныхоо цагаан сарыг толгой гэдгэр, харц дээгүүр сайхан тэмдэглэцгээе! Амар байна уу, сайхан шинэлж байна уу Та? “Цагаан сар” минь мянган мянган жил үргэлжлэх болтугай!

Бичсэн: Боролзой | цаг: 15:30 | Нийтлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


монгол түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлье
Бичсэн: dadido цаг: 22:25, 2010-02-13 | Холбоос | |


ойлгож ядаад байх юм юу байгаа юм. Сайнтай ч муутай ч, ядуу баян ч ялгаагүй эцэг өвөг дээдэс минь цагаан сараа хийсээр ирсэн юм. Энэ уламжлалаа аваад явах юмсан л гэсэн санаа байна шүү дээ монгол хүн минь.

Бичсэн: dadido цаг: 22:24, 2010-02-13 | Холбоос | |


Утга нь юу юм бэ?
Утга нь юу юм бэ? баахан л юм бичиж. Хэнд ч хэрэгтэй юм бүү мэд.
Ажиглаад байхад өөрийнхөө орчин үеийн мэдээлэлд төөрсөн аргаа барсан байдлаа л илэрхийлж байгаа хэлбэр л гэж ойлгохоор байна.
Одоо цагт зөв мэдээлэлийг олоход боловсрол хэрэгтэй. Чиний боловсрол л зөв мэдээлэл олоход дутаад байна даа!
Бичсэн: ээээ (зочин) цаг: 18:22, 2010-02-12 | Холбоос | |


утга нь юу юм бэ?
утга нь юу юм бэ? баахан л юм бичиж. Хэнд ч хэрэгтэй юм бүү мэд.
Ажиглаад байхад өөрийнхөө орчин үеийн мэдээлэлд төөрсөн аргаа барсан байдлаа л илэрхийлж байгаа хэлбэр л гэж ойлгохоор байна.
Одоо цагт зөв мэдээлэлийг олоход боловсрол хэрэгтэй. Чиний боловсрол л зөв мэдээлэл олоход дутаад байна даа!
Бичсэн: Зочин цаг: 18:18, 2010-02-12 | Холбоос | |


Jaahan buurunhii l bolhos unshihad zugaatai l bichleg baina баярлах
Бичсэн: Зочин цаг: 15:48, 2010-02-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax