2010-02-01
Тэнэмэл хүү буцаж ирсэн нь

Алдарт “Тунгалаг Тамир” киног бид сайн мэднэ. Түүн дээр Хонгор эсэргүүнүүдтэй нийлж буруу замаар явж байгаад эцэст нь очих ч газаргүй арга мухардахын цагт ганцхан хүн рүү л эргэлт буцалтгүй давхидаг билээ. Зорьсон хүн нь түүний аав Итгэлт. Өвөрт нь ганцхан хүүгийнх нь бойтог л байдаг нь хичнээн өрөвдмөөр. Хамгийн их зугтааж байсан тэр хүн нь аргаа барж хэцүүдсэн цагт өмөг түшиг болох, үнэндээ хүнд хамгийн дотны хүн болох аав нь ажээ. Харамсалтай нь уулзаж амжилгүй алуулдаг, хэрвээ уулзаж чадсан бол ухаант аав нь нөгөө хадгаа бариад л “арван агт морио” амлаад л хэнбугайг ч гэсэн аргалах байсан даа гэх мэтээр ургуулан бодохоор амьдралын үнэнийг өгүүлсэн Ч.Лодойдамбыг биширнэ.

Энэхүү агуу үнэнийг уран зургийн шидэт хэлээр илэрхийлсэн зураг бол Голландын алдарт зураач Рембрандтын “Тэнэмэл хүү буцаж ирсэн нь” (The Return of the Prodigal Son, 1669) хэмээх бүтээл билээ. Маш их зовлон үзэж, ядарч доройтсон амьдралын хамгийн хүнд үедээ буюу тэнгэрт хальсан 63 насан дээрээ тэрээр энэхүү хосгүй сайхан бүтээлээ хүн төрөлхтөнд өргөн барьсан түүхтэй. Зургийн сэдвийн хувьд библийн судраас гаралтай гэдэг бөгөөд хүнд юу үнэ цэнэтэй байдаг тухай өгүүлжээ. Хүү нь олон жил гэр бүлдээ санаа зоволгүй, амин хувийн зугаа цэнгэл хөөн явж байгаад эцгийнхээ гэрт эргэн ирж байгаа тухай уг зурагт гарна. Аавынх нь царай сөхрөн суусан ноорхой хувцастай хүүгийнхээ дээрээс нь харсан байх ба гэрэл сайтар туссан хэсэгт бүгдийг уучилсан байдал нь тод илэрдэг байна. Харин энэ уулзалтын гэрч болсон хүмүүс тэр хоёрын уулзалтыг чимээгүйхэн ажиглацгаана... Энэхүү зургийг тосон будгаар зурсан ба бодит хэмжээ нь 262 х 206 см, одоо ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитажид хадгалагддаг ажээ.

Сэргэн мандалтын үеийн суут төлөөлөгч Рембрандт Харменсзүүн ван Риен нь 1606 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Лейден хотноо тээрэмчний гэрт мэндэлжээ. Тэрээр 14 насандаа Лейдений их сургуульд орсон боловч зааж буй хичээлийн хөтөлбөр хуучин номлолыг агуулж байсанд залхан хаяжээ. Рембрандт өөрийн бүх хүсэл сонирхлоо уран зурагт зориулахаар шийдэж тухайн үеийн шилдэг уран зураач, барималч нарт шавь орж 20 гаруйхан насандаа зураачийнхаа хувьд өөрийгөө олжээ. Хүмүүс Рембрандтын шашин, домог, тайлагдашгүй нууцлаг сэдэв бүхий зургийг сонирхдог. Рембрандтын суу билгийг бишрэгчид түүнд олноор шавь орж байсан нь зөвхөн хүүхдүүд бус алдартай уран зураачид байснаас түүний зурах арга барил, утга санаа нь европ, ялангуяа голландын урлагт гүн тусгалаа олсон гэдэг.

Суу билэг, агуу авьяасыг үргэлж атаа хорсол, харуусал дагадаг гэгчээр зураачийн хувийн амьдрал сайхан байсангүй. Рембрандтын эхнэр нь төрөхийн хүндрэлээр өнгөрч, 4 хүүхэд төрсний зөвхөн ганц хүү нь үлдсэн ч 27 настайдаа өөд болжээ. Мөн атаархагч хорон санаатнууд үргэлж түүнийг чадах гэж хичээнэ. Захиалга их байж орлого их орох боловч Рембрандтад мөнгө зээлсэн хүмүүс, худалдаачид түүнээс өрөө нэхсээр удаа дараа шүүхийн хаалга татахад хүрчээ. Нэгэн удаа шүүх хурал дээр түүний өмгөөлөгчЭнэ танхимд байгаа хүмүүс бүгд сонс! Бид бүгд цаг нь болохоор цөмөөрөө газарт булагдаж мартагдана. Харин Рембрандтын нэр ирээдүйн зуунуудад улам мандаж, түүний бүтээл ертөнцийн бахархал байсаар байх болно гэжээ. Энэ үг үнэхээр үнэн билээ. Түүний амьдрал улам хэцүүдэж гуйланчлалд орсоор 1669 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Амстердам хотын хэн ч үл мэдэх нэгэн хонгилд өөд болжээ.

Зургийн тайлбар: Рембрандт “Тэнэмэл хүү буцаж ирсэн нь” (1669)

Бичсэн: Боролзой | цаг: 12:37 | Будаг амилж зураг ярина
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


ерөнхийдөө таалагдлаа тэр эхлэл төгсгөл 2нь бүр ч таалагдаа
эцэг нь сохор билүү гүй билүү андуураад бнуу эргэлзэх

Нэгэн удаа шүүх хурал дээр түүний өмгөөлөгч “Энэ танхимд байгаа хүмүүс бүгд сонс! Бид бүгд цаг нь болохоор цөмөөрөө газарт булагдаж мартагдана. Харин Рембрандтын нэр ирээдүйн зуунуудад улам мандаж, түүний бүтээл ертөнцийн бахархал байсаар байх болно” гэжээ.
алга ташилт гоё шүү
Бичсэн: arch_tseegii цаг: 19:30, 2010-03-19 | Холбоос | |


гоё бичлэг байна. Суутнуудын намтар хэцүү шүү. Одоо үед ийм суутан бидний дунд чимээгүйхэн байдаг л байх даа. Цаг үеэсээ түрүүлсэн хүмүүс нэг бодлын харамсмаар ч юм шиг. Нийгэм нь тэднийг ойлгохгүй байх их хэцүү байдаг байх даа. Гэхдээ суут хүмүүсийг солиотнуудаас ялгах нь чухал юм даа
Бичсэн: dadido цаг: 17:55, 2010-02-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax