2010-03-12
Ван Гогийн чих ямар "үнэтэй" вэ?

 

          Энэ дэлхийн хамгийн үнэ цэнэтэй зүйлүүдийг хаана хэрхэн ямар үнээр зарагдсанаар нь буюу хэдэн “ногооны” үнэтэй эд вэ гэдгээр нь эрэмбэлчихдэг амар арга бий. Уран зураг ч ялгаагүй уран бүтээлчийн нэрээс, бүтээлийн цуу дуулианаас болон үүх түүхээсээ болоод алдар нэр, үнэ өртгөөрөө янз бүр. Дэлхийн хамгийн үнэтэй зургууд гээд энд тэнд янз бүрээр үнэлсэн л дуулддаг. Тухайлбал, Леонардо да Винчийн алдарт “Жоконда”-г нэгэн даатгалын компани 100 сая доллараар үнэлсэн гэнэ. Харин үнэ цэнээрээ уран зургийн ертөнцөд толгой цохидог бүтээлтэй зураач бол Голландын алдарт зураач Винсент ван Гог билээ. Түүний амиа хорлохоосоо хэдэн долоо хоногийн өмнө зурсан гэдэг “Доктор Гашетийн хөрөг” (Portrait of Dr. Gachet) бүтээлийг 1990 онд 82,5 сая доллараар Японы нэгэн саятан худалдан авчээ. Мөн нэгэн “Өөрийн хөрөг” (сахалгүй) нь 71,5 сая доллар бол “Цахилдгууд” (Irises) нь 53,9 сая долларын үнэ хүрсэн гэдэг.

          Эрин үеийн алдарт зураачид болох Пабло Пикассо, Сальвадор Дали, Ван Гог нар бүгд л өөрийн хөргийг зурж үлдээсэн байдаг, бүүр алдарт “Жоконда”-г зурахдаа Да Винчи өөрийнхөө төрхийг зурж үлдээсэн ч гэж “цуурдаг”. Ван Гог өөрийнхөө хөргийг олон янзаар зурж үлдээжээ, сахалтай сахалгүй, чихтэй чихгүй гээд л. Алдарт зураач маань 1889 онд нэгэн “Өөрийн хөрөг” (Self-Portrait)-ийг бүтээжээ. Энэхүү тосон будгийн зураг нь 51 х 45 см хэмжээтэй ба одоо АНУ-ын Чикагод нэгэн хүний (Mr. and Mrs. Leigh B.Block) хувийн цуглуулгад хадгалагдаж байна. Ван гог 37 насалсан, энэ зургаа нас барахаасаа нэг жилийн өмнө зуржээ. Энэ зурган дээр тэрээр чихгүй байх ба тэр газраа боолтоор ороожээ. Хожим энэ талаар судлаачдын дунд бөөн маргаан дэгдэж эдүгээ “домог” болсон ярианууд нь үлджээ. Ингэхэд түүний чих яасан бэ?


Голландын энэ алдарт зураач өөрийн цаг үедээ үнэлэгдээгvй суутан бөлгөө. Харин хожим асар ихээр өргөмжлөгдөж тахин шүтэгдсэн тэрээр хагас өлсгөлөн амьдарч, амьддаа цорын ганц л зургаа зарсан гэдэг. Гэтэл одоо зургууд нь дэлхийн урлагийн үнэт өв болжээ. Ван Гог ах Теогийнхоо санхүүгийн болон сэтгэл санааны дэмжлэгийг алдахаас болгоомжлон чихээ огтолсон гэдэг. Зураачийн санхүүгийн талаар хамааралтай байсан ах Тео нь гэрлэх бодолтой байгааг мэдсэнээр ихэд цухалдаж, галзуурах шахсан Ван Гог чихээ огтолсныг нотлох баримт олдсон аж. 1888 оны 12 дугаар сард Тео Парисаас ахдаа бичсэн нэг захидалдаа сүй тавьсан тухайгаа дуулгажээ. “Ахынхаа санхүүгийн болон сэтгэл санааны дэмжлэгийг алдаж болох юм хэмээн Винсент эмээсэн хэрэг” гэжээ. Ван Гог сар бүрийн 23-нд ахаасаа мөнгө авдаг байсан ч, заримдаа  хоёр сард нэг удаа мөнгө ирдэг байжээ. Тео гэрлэх гэж байгаагаа 12 дугаар сарын 21-нд ээждээ бичсэн захидалдаа мэдэгдсэн байна.

Ихэнх судлаачид Ван Гог өөрөө чихээ зүсч гэмтээсний дараа энэ хөргийг зурсан гэдэг бол Францын түүхчдийн хувилбараар алдарт зураачийг дотны найз Поль Гоген нь гэмтээсэн юм байна. Амьдралынхаа сүүлчийн жилүүдэд өвчнөөр шаналж байсан Ван Гог ухаан санаа нь самуурсан байх үедээ найз руугаа дайрч, харин Поль Гоген биеэ хамгаалах гэж байхдаа сахлын тонгоргоор чихийг нь зүсч гэмтээсэн аж. Хэдэн арван бүтээлээрээ дэлхийд шагшигдсан Винсент Ван Гог сэтгэл мэдрэлийн өвчний улмаас хааяа галзуу мэт үйлдэл хийдэг байсны нэг нь энэ аж. Тэрээр энэ явдлын тухай "Гогенд галт зэвсэг байгаагүй нь аз" хэмээн ахдаа захидал бичиж байжээ. Мөн нэг удаа сэтгэцийн хямралд автсан Ван Гог чихээ огтолж, дугтуйнд хийн өөрийг нь бус харин Гогенийг сонгосон завхай эмд “Намайг дурсч яв” гэж илгээсэн ч гэдэг.

Хэн ч зурж чадмаар юм шиг энгийн харагдавч зургууд нь үнэхээр агуу бөгөөд цэцэгс зурсан ч бай, од зурсан ч бай, хөрөг ч бай өнгө нь үнэхээр гайхамшигтай хүчтэй, түүний бүтээлийг бусдаас ялгаатай харагдуулж байдаг. Урлаг судлаач Ц.Уранчимэг энэ зургийн талаар “Чихээ огтолсон тэр үедээ Ван Гог өөртөө ийм л аймшигтай харагдаж байсан байх. Харин энэ арзгар малгай, бүдүүн захтай тот том товчтой хүрэм нь энэ зургийг бүр их эмгэнэлтэй болгох зорилготой ажээ. Энэ хөрөг нь Ван Гогийн бодит дүрслэл бус, харин түүний сэтгэлийн зовнил шаналгааны хөрөг гэж нэрлэж болно. Аймшигтай бодит байдал, цаана нь түүний хэзээ ч биелэшгүй өнийн мөрөөдөл хоёрын зөрчил нь энэхүү бүтээлийг экспрессионист болгожээ” хэмээсэн байна.

Агуу зураач Винсент Виллем ван Гог Голландын Грүүт Цюндерт тосгонд ламын гэр бvлд 1853 оны гуравдугаар сарны 30-нд төржээ. Ван Гог залуу байхдаа урлагийн бүтээл худалддаг пүүст ажилладаг байлаа. Богинохон хугацаанд багшилсныхаа дараа тэрээр уул уурхайн маш ядуу бүс нутагт шашин дэлгэрүүлэх газарт ажиллах болжээ. 1880 он хүртэл уран зургийн чиглэлээр ажиллаж эхлээгүй юм. Эхэндээ Ван Гог даруухан өнгөөр ажилладаг байж байгаад Парист импрессионизм, нео-импрессионизмтай танилцжээ. Тэрээр өөрийн өвөрмөц хэв маяг болох тод өнгө, шинэ хэв маягаа Францын Арлед байхдаа бүрэн хөгжүүлжээ. Амьдралынхаа сүүлийн арван жилийн хугацаанд нийтдээ 2000 гаруй бүтээл туурвисны дотор 900 орчим уран зураг, 1100 зураасан зураг, ноорог бүтээжээ. Хамгийн их алдаршсан бүтээлүүдээ амьдралынхаа сүүлийн хоёр жилд бүтээсэн ба сэтгэцийн өвчин нь үе үе хөдөлж, улмаар 37 насандаа 1890 оны 7 сарын 29-нд амиа хорлосон билээ.

 

Бичсэн: Боролзой | цаг: 15:43 | Будаг амилж зураг ярина
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


art
ene hun bol bvh tsag veiin bichiltiin aguu suut master mon hurug zurgiin,Post Impressionism vndeslegchdiin tom toloologchdiin neg mon.Ygd ter vedee zurguud ni unelgeegui gvel Van Gogh tsag veesee turuulj tursun .Odoo l tvvnii zurguudiig 80,90 jiliin daraagas say neg ym oilgoj bn.Odoogoor tvvnii zaragdaagui zurag gj neg ch bhgui,bvh zurguud ni zaragdsan bdag...
Бичсэн: garig (зочин) цаг: 20:13, 2012-05-22 | Холбоос | |


ene hun chin amidraldaa gantshan ydaa l zurgaa zarj bsan gj bsan, zyrgaa yuruusuu zardaggui. mash yaduu amidarch bsan gesen, minii sonssonoor uuriig ni toogoogui emegteiruugee chihee ogtlood yawuulsan gj bsan
Бичсэн: Зочин цаг: 19:14, 2010-03-19 | Холбоос | |


Uuruu chihee ogtolchihood daraa n tolind harj bgaad ene zurgaa zursan gej unshij bsan yum bna
Бичсэн: Зочин цаг: 10:01, 2010-03-18 | Холбоос | |


гоё шүү
сайхан бичлэг байна
манайд дэлхийн урлагийн түүхийн хичээл ордог байхад энэ хүний тухай үзэж байсын
чихээ өөрөө огтолсон байхаа би тэгж боддогийн
smug
Бичсэн: arch_tseegii цаг: 14:35, 2010-03-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax