2010-02-03
Цаг урсана, бид ч бас "урсана"...

“Аугаа хүн байхын тулд хоёр үндсэн шаардлага хангасан байх ёстой, нэгдүгээрт испани үндэстэн байна, хоёрдугаарт Сальвадор Дали гэдэг нэртэй байх ёстой” гэж омог төгөлдөр хэлсэн ХХ зууны сюрреализмын эцэг хэмээгддэг суут зураач Сальвадор Дали (бүтэн нэр нь: Salvador Domingo Felipe Jacinto Dalн i Domиnech) Испанийн Каталон мужийн Фигюрес хотод 1904 оны 5 сарын 11-ны өглөөний 8.45-д мэндэлжээ. Тэрээр Мадридын уран зургийн сургуульд суралцсан боловч 1921 онд төгсөлгүй орхисон байна. Дали Мадридын “Далмау” галлерейд 1925 онд бие даасан үзэсгэлэнгээ гаргаж, дараа нь Парис руу аялан алдарт зураач Пикассотой уулзсан байдаг.

Дали бол үнэхээр далий сэтгэдэг зураач юм. Түүний ааш араншин нь ч сонин, дүр төрх нь ч этгээд, амьдралын хэв маяг нь ч бусдаас өөр, дурлал нь ч гайхам, бүтээлийнхээ хувьд бүүр ч онцгой байдаг билээ. Түүнийг уран зургийн сюрреалист урсгалыг үндэслэгчдийн нэг гэдэг бөгөөд урлаг судлаач Ц.Уранчимэгийн хэлснээр сюрреалист уран бүтээлд дараах 3 онцлог байдаг байна. Энэ нь:

1.     Сюрреалист уран бүтээлд орон зай хэзээд нууцлаг, далд утгатай, үйл явдал хаана болж байгаа нь оньсого болно.

2.     Айдсын уур амьсгал байнга оршдог ба үүнийг үхэлтэй холбож хөнддөг.

3.     Бэлгийн инстинкт (төрөлх мэдрэмж) үргэлж байдаг.

Цаг хугацааны талаарх түүний зурсан нэгэн сонин содон зураг бол “Дурсамжийн мөнх үргэлжлэл” (The Persistence of memory) хэмээх тосон будгийн зураг бөгөөд үүнийгээ 1931 онд бүтээжээ. Бодит хэмжээ нь 24 х 33 см, одоо АНУ-ын Нью-Йорк хотын Орчин үеийн урлагийн музейд хадгалагдаж байна. Цаг хугацаа, хүний дурсамж гэдэг нэг бодлын мөнх хэдий ч, нөгөө бодлын үнэхээрийн мөнх бусын зүйл билээ. Энэ зургийг харахаар цаг хугацаа алгуурхан урсаад ч байх шиг, түүний зургуудад байдаг нөгөө л сонин шоргоолж, сонин мод, газар тэнгэр гээд байгалийн сонин дүрслэлүүд үзэгдэнэ, зүүд ч юм шиг.

“Маргааш түргэн болоосой” гээд хүүхэд байхдаа дуулдаг байлаа бид. Одоо бодохнээ хүүхэд байхад цаг яасан ч хурдан өнгөрдөг байсан юм бэ дээ. Бидний амьдралын хэмнэл ийм түргэн болсон уу, хэмжээ хязгааргүй мэдээллийн энэ их урсгалд дарагдав уу, эсвэл нөгөө дэлхий арай хурдан эргээд байна уу гэдэг шиг л цаг хугацаа гэдэг урсаж өгөх аж. Хүүхдүүд том болоод байна л гэдэг, сургуульд соёлд орох боллоо л гэдэг, дараа жил тэгэж сайхан ажиллана, амарна гээд төлөвлөөд л байдаг, гэтэл хүн гэдэг үнэндээ үхэл рүүгээ л бага багаар ойртох юм даа. Гэхдээ л юунд гутрах вэ, хүн мөнх амьдардаг болчихвол бараг мөнх бусын амьдралаасаа ч утгагүй зүйл болох биз. Үнэндээ цаг хугацаа гэдэг л хүний хувьд хэзээ ч эргэн нөхөгдөхгүй энэ ертөнцийн хамгийн үнэтэй баялаг ажээ.

Түүний сонирхолтой амьдралын зарим нэгээс онцлоё. Далигийн уран бүтээл хамгийн их хуурамчаар тарсан байдаг байна. Судлаад үзтэл Далигийн зургийг худалддаг, үзүүлдэг, цуглуулдаг хүмүүсийн урмыг хугалсан баримтууд дэлгэгдсэн юм. Өөр ямар ч нэр алдартай зураачийн бүтээлүүд тийм их дууриамлаар тараагүй аж. Гэтэл энэ бүхний гол эзэн, хуурамчаар үйлдэгч нь Дали өөрөө байсан байна. Зураачийн бүтээл нэг л хувь байх ёстой, зураач өөрөө хуулбарлаж зурсан ч хуурамчид тооцно гэдгийн эсрэг зураач өөрөө зогсож байв. Дэлхий даяар Далигийн жинхэнэ гарын үсэгтэй сая сая зураг тэнүүчлэн явдаг байжээ. Яагаад гэвэл алдарт зураач маань энэ хуурмаг үйлдэлдээ хэвлэлийн машин хүртэл хэрэглэж, нэг удаад л 3000 хуудас дээр гарын үсэг зурдаг байсан гэдэг. “Бүтээлийг минь олж авахыг хүссэн хүн бүхэнд тусалж буй буянтай үйл” гэж энэхүү хуурамч наймаагаа зөвтгөх ч энэ бол эрүүгийн хариуцлагад татагдаж болох наймаа байжээ. Уран зургийг хэвлэмэл бүтээгдэхүүн болгож, энэ хуурамч бүтээлээрээ жилд 10 сая доллар олох бизнесийг үүсгэсэн байна. Дали ямагт эл үл бүтэх үйлээрээ бахархдаг байсан гэдэг. Тэрээр “Ийм олон зургийг минь хүн авч байна гэдэг миний л сайн зураачийнх. Хэрэв өөрөө ингэж хөдлөхгүй л бол бусад нь хуурамчаар үйлдээд эхэлнэ шүү дээ. Ялгаа юу байна. Миний бүтээлээс олддог бүх мөнгө надад л ирэх учиртай. Энэ бол шударга” гэж ярьдаг байжээ. Дали гэж ийм л өвөрмөц, сонин зураач байсан ажээ.

Мөн гажиг Далигийн цорын ганц хайр нь Гала хэмээх орос бүсгүй байлаа. Гала Далигийн хувьд сахиусан тэнгэр нь байжээ. Дали энэ бүсгүйг хуучин нөхрөөс нь салган, Галагийн хуучин нөхөр П.Эльюарыг 1958 онд өөд болсны дараагаар түүнтэй гэрлэжээ. Түүний зурганд өгүүлэх ихэнх эмэгтэй хүний дүрсүүд нь эхнэр Галагийнх нь байдаг. “Хорвоод хамгийн чухал нь Гала, Дали хоёр. Дараа нь Дали. Гуравт Гала, Дали хоёрыг оролцуулсан бусад нь” гэж Дали тэмдэглэлдээ бичиж байжээ. Галагаа нас барсны дараагаар маш их ганцаардсан гунигтай амьдралыг туулсан байдаг.

70 гарсан өвгөн зураач Дали “Би зургаан настайдаа тогооч болохыг хүсдэг байлаа. Долоон настайдаа Наполеон шиг Европыг эзлэхийг мөрөөдсөн. Жил бүр хүсэл мөрөөдөл минь өсөн тэлсээр ирсэн” гэжээ.

Зургийн тайлбар: Сальвадор Дали “Дурсамжийн мөнх үргэлжлэл” (1931)

Бичсэн: Боролзой | цаг: 09:14 | Будаг амилж зураг ярина
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 17:37, 2010-03-18 | Холбоос | |


ta suuliin iltgelee oruulaagui bgamu
Бичсэн: Зочин цаг: 16:22, 2010-02-05 | Холбоос | |


алга ташилт amjilt husye!!! ih goe bolson bna
Бичсэн: Зочин цаг: 16:20, 2010-02-05 | Холбоос | |


гоё шүү Баярлалаа үнэхээр гоё бичлэг байна. ярзайтал инээх
Бичсэн: xvv цаг: 13:01, 2010-02-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax