Thursday 15 March 2012
Хайрын тухай...

(эргэцүүлэл)

Би, бие хүний хувьд их зүйлийг бодож, бясалгаж, өөрийн дотооддоо хийсвэрлэн сэтгэж, зүйрлэн бодох дуртай. Өөрийн ертөнцийг ийнхүү цаасан дээр буулгаж, санаа бодол гэхээсээ илүү дотоод ертөнцөө нээн таниулах нь сайхан хэрэг хэмээн сэтгэж ийнхүү хайрын тухай нэгэн эргэцүүлэл бичиж байна.

Ингэхэд хайр гэж юу вэ? Яагаад би энэ тухай бичиж байна вэ? Хүн бүр л хайрын тухай өөр өөрийнхөөрөө ойлгож, мэдэрч бүр өөрсдийн бодож буй хамгийн сайхан зүйлүүдтэй зүйрлэдэг. Хүний амьдралын хамгийн чухал зүйл юу байх ёстой вэ? Энэ асуултад хүмүүс янз бүрээр л хариулах байх. Зарим нь мөнгө, нөгөө нэг нь эрүүл мэнд, хайр гэх мэт олон янзаар л хариулна. Харин миний бодлоор хүний амьдралын хамгийн ариун нандин, гэгээлэг, бас эрхэм зүйл маань “хайр” билээ.

Хайр байж л хүн аз жаргалтай сайхан байна. Мэдээж үүнд олон хүчин зүйлс маш их хамаарах байх. Мэдээж цар хүрээний хувьд асар их өргөн цар хүрээтэй ойлголт боловч үүнийгээ сэтгэл зүйн дотоод мөн чанараар нь тайлбарлавал хайр нь сэтгэлийн хамгийн дээд мэдрэмж юм. Хайр нь хүний амьдралын баяр жаргал, гуниг зовлон, тарчлаан шаналан гээд амьдралын бүхий л мөч, хором бүрт өөрийн агуу их хүчийг харуулж түүнийгээ мэдрүүлж чаддаг хүч билээ.

Хайр нь зүрх сэтгэлийн хамгийн төгс гэгээрэл юм. Хүний сэтгэлийг урмын үгээр мялаах шиг сайхан сэтгэлийн эрч хүч үгүй. Тиймээс ч хүмүүс бие биедээ урмын сайхан үг хэлж, баярлуулж байх нь хүний бие махбод болоод сэтгэлийн дотоодод ашиг тустай энерги юм. Бид “сэтгэлийн тэнхээ”, “сэтгэлийн хаттай”, “сэтгэл сайхан” байна гэхчлэн ярилцдаг. Сэтгэл нь хайрыг ундраах, хайрыг сэргээх гол үндэс юм ч гэж ойлгодог. Яагаад гэвэл бодит амьдрал дээр бид хэн нэгэн хүний сайхан сэтгэлд баярлаж, баясаж байдаг шүү дээ. Тэр ч бүү хэл сэтгэл сайхантай, сайхан энергитэй хүнд хамгийн түрүүнд хүмүүс ойртон дотносож, түүнийг хүрээлж, хүн бүр л ойр байхыг хүсдэг шүү дээ.

Хүний амьдралын бүхий л зүйлс сэтгэлтэй холбоотой байдаг. Бид сайхан хувцас, сайхан машин, сайхан зүйл гээд сэтгэлд нийцэж л байвал түүнийг байнга өмсөж, хэрэглэж байхыг хүсдэг. Тэгснээрээ хүн сэтгэлээрээ баяртай, аз жаргалтай явдаг билээ. Аливааг худалдан авах, өмсөж зүүх, үерхэж найзлах гээд бүгд л сэтгэлээс улбаалсан асуудал. Сэтгэлд нийцэхгүй л байвал түүнээс бид бүгд зүгээр л холдож орхидог. Тэгэхээр хүмүүс бид сэтгэлээ аль болох л өөдрөг, баяр жавхлантай, эрч хүчээр дүүрэн байлгах хэрэгтэй биз ээ.

Хамгийн амар амгалан бол сэтгэлийн аз жаргал билээ. Хүний энэ аз жаргал нь бие махбодын аз жаргал болдог, харин бие махбодын аз жаргал эдэлж эрүүл сайхан байх нь бидний урт удаан аз жаргалтай амьдрах амьдралын эх үүсвэр болдог.

Хайрын үечлэлийг би ингэж тогтоомоор байна. Энэ нь, сэтгэлд ихэд нийцсэн зүйл сэтгэлийн эрчээс халин зүрх рүү шилждэг. Зүрх нь “хайр” хэмээх “сэтгэлийн гэгээрэл”-д хүрэх хоёр дахь дамжлага нь болдог. Тиймдээ ч бид “зүрх сэтгэлээрээ мэдрэх”, “сэтгэл зүрхний дуудлагаараа хайрлах” гэж ярьдаг шүү дээ. Тийм ч учраас монгол хэлний хоршоо үгэнд “сэтгэл зүрх”, “зүрх сэтгэл” гэж хоршиж, хоорондоо салшгүй уялдаа холбоотой байдаг нь энэ билээ.

Тэгвэл “зүрх” нь сэтгэлээс мэдрэх мэдрэмжээрээ илүү юм. Сэтгэл зүрхэнд хүрсэн зүйл мартагдахгүй, хэзээд хүчтэй байдаг. Зүрхний дээд хүч нь оргилдоо хүрэхээр “хайр” хэмээх ойлголтыг бий болдог билээ. Хайрын мэдрэмж нь сэтгэл зүрхний оргил бөгөөд, хүний сэтгэлийн дээд гэгээрэл хэмээн ойлгож болно.

Ингэж оюунлаг байдлын цар хүрээ тэлэхээр ”гэгээрэл” болдог бол сэтгэлийн цар хүрээ тэлж “хайр” болдог. Тэгэхээр сэтгэлийн хамгийн сайхан, нандин зүйл нэмэгдэн тэлсээр сэтгэлийн гэгээрэлд хүрч “хайр” болдог болохоор үүнийг “сэтгэлийн гэгээрэл бол хайр” гэж хэлж буй юм. Энэхүү “гэгээрэл”-д хүн аз жаргалтай байж чаддаг, буруугаа хүлээж чаддаг, хүнийг уучилж өршөөж чаддаг, тэвчиж хүлээж чаддаг гээд тэвчээр шаардах бүхий л зүйлийг хайрын хүчээр хийж чаддаг юм.

Сэтгэлийн төгс гэгээрэл болох хайр нь “сэтгэл”, “зүрх” шиг давтамжтай хэдий ч “сэтгэл” болоод “зүрх”-ээс давтамжийн хувьд бага юм. Харин цаг хугацааны хувьд урт удаан хугацаа шаардагдах бөгөөд нэгэнт хайрын түвшинд хүрсэн бол урт удаан хугацаанд өөрийн хүчээ бат бэх хадгалдаг. Хайрыг хүлээн авсан хүнээс маш их хүч гардаг, хайртай хүнийхээ төлөө юуг ч хийж чаддаг. Магадгүй үхэж ч чадна, сэхэж ч чадна. Тийм ч учраас зохиолч, яруу найрагчид хамгийн яруу сайхнаар “хайр”-ыг үгийн уран сайхнаар дүрслэн, бидний сонорыг мялааж, сэтгэлийг маань хөглөж байдаг билээ. Тухайлбал, яруу найрагч Ц.Цэдэнжавын эх орны хайрлах хайрын тухай “Миний нутаг” хэмээх нэгэн шүлэгт:

Цэлмэг залуу насныхаа

Гал дөлөөр бадарч

Сэтгэл зүрх хоёртоо

Шатаж явах үедээ

Чин сайхан амрагтаа

Хэлж үзээгүй мөртлөө

Чиний төлөө үхье гэж

Эх орондоо хэлсэн

хэмээн өгүүлжээ. Хайр нь сэтгэл зүрхний дээд гэгээрэл болохоор дан ганц хүмүүс хоорондын хайраар хязаарлаж болохгүй бөгөөд эх орон, аав ээж, анд нөхдын, эд юм гээд хязгааргүй юм. Дээрх шүлэг үүний нэгэн жишээ биз ээ.

Ийм ч учраас хайраа хайрлаж яваарай, хайрыгаа хайраараа хайрлаж яваарай гэлцдэг билээ. Он жил өнгөрөх тусам л хайр улам бэхжиж бат бөх болдог. Хараад л байх тусам хайр хүрэм гэдэг шиг хайрыг бид алхам бүр, мөч бүрт мэдэрч байдаг болохоор чамд олдож байгаа хайрыг алдаж болохгүй шүү.

Нэрт зохиолч Ч.Лодойдамба нэгэнтээ “Сайхан хайр байдаг юм шүү, олбол алдаж л болдоггүй юм шүү” хэмээх нэгэн сайхан үнэн үгийг хэлсэн байдаг. Нээрээ ч энэ сайхан хайр ахин бидэнд олдоо ч уу, үгүй ч үү... Тиймээс учирсан хайраа ямагт сүүлийн боломж мэт ойлгож, ухаарахыг хичээгээрэй хүмүүс ээ. Эцэст нь “Хайртай хүндээ хаягдсан бол цагийг нь олж анзаараагүй чиний л буруу” хэмээсэн Ларошфукогийн хэлснийг сануулъя. Ингээд “Амьддаа бие биенээ хайрла, хүмүүсээ” хэмээсэн хайрын тухай сайхан үгээр энэ бяцхан эргэцүүллээ өндөрлөе.

Таныг хүндэтгэсэн: Ч.Минжээ

Бичсэн: Боролзой | цаг: 19:33 | Нийтлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


би алдсан юм шиг байна “Хайртай хүндээ хаягдсан бол цагийг нь олж анзаараагүй чиний л буруу”
Бичсэн: Зочин цаг: 23:26, Saturday 7 February 2015 | Холбоос | |


Сайн уу, Боролзой
Санаандгүй чиний блогоор зочиллоо. Би дээр үед хайрын тухай мэдрэмжээ бичиж байсан юм. chamdaa.blogspot.com/search/label/%D0%A1%D1%8D%D1%82%D0%B3%D1%8D%D0%B3%D0%B4%D1%8D%D0%BB%20%D3%A8%D0%B3%D2%AF%D2%AF%D0%BB%D1%8D%D0%BB
Одоо тэр блогийг тэр чигээр нь орхисон л доо, гэхдээ хэлсэн зүйлс минь хэвээрээ. Хайрыг тайлбарлах боломжгүй ч гэлээ бидний бодол төстэй бололтой, амжилт!!!
Хүндэтгэсэн Түшиг
Бичсэн: Түшиг (зочин) цаг: 17:14, Sunday 25 May 2014 | Холбоос | |


saihan bichjee..hair bol suns..bidnii turulhiin mun chanar yah argagui mun ..er ni zorilgiin tuluu bish hairiig olj medrehiin tuluu amidardag ch yum biluu ..saihan bichjee
Бичсэн: mishel (зочин) цаг: 20:52, Tuesday 15 May 2012 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant