Wednesday 14 July 2010
Энэ өдөр сүүлчийнх бол...

 

Энэ өдөр л хамгийн сүүлчийнх юм шиг бодож амьдралын баяр жаргалыг эд эсээрээ мэдэрч амьдрах хэрэгтэй гэсэн яриа байдаг. Хором бүрийг бүтээлтэй, аз жаргалтай, хожим дурсах сайхан зүйлтэйгээр өнгөрүүл гэсэн санаа бөгөөд үүнийг хааяа бодож явахад илүүдэхгүй л үг. Гэхдээ юу юугүй үхэх гэж байгаа юм шиг баахан юм хийж бүтээх гээд довтлоод, эсвэл хэт жаргаад байвал бас л утгагүй юм. Гутрал гуниг ч гэсэн амьдралын маань нэг хэсэг л билээ.

Хэрэвзээ хүн яг маргааш үхэхээ мэдвэл ёстой жинхэнэ утгагүй зүйл болно биз. Францын зохиолч Жан Поль Сартраас авахуулаад өөр зохиолчид ч гэсэн аливаа хүн яг ийм үедээ хэрхэн хямарч алийгаа алддагийг бичиж үлдээсэн нь бий. Харин Оросын алдарт зураач Карл Брюллов “Помпейн сүүлчийн өдөр” (Последный день Помпеи) хэмээх бүтээлээрээ хүн төрөлхтөний түүхэнд тохиолдсон байгалийн аймшигт үзэгдлээр дамжуулан хүний дотоод сэтгэхүйд гарч байгаа хямралыг “уран зургийн хэлээр” харуулжээ.

К.Брюллов “Помпейн сүүлчийн өдөр” (1830-1833)


          Тэрээр энэхүү зургийг эртний Ромын нэгэн хот болох Помпейд тохиолдсон эмгэнэлт явдлаас сэдэвлэн бүтээсэн юм. Помпей нь Визуви хэмээх галт уулын бэлд оршдог томоохон хот байсан бөгөөд МЭ-ний 79 оны 8 сарын 24-ны тэр нэгэн шөнө галт уул хүчтэй оргилоход зугтаж чадаагүй үлдсэн 2000 хүн хотынхоо хамт галт уулын үнс чандруунд дарагдан үүрд нойрсчээ. Энэ үйл явдлын талаар анх МЭ-ний 79 онд Ромын эрдэмтэн зохиолч Бага Плиний бичиж үлдээсэн байдаг ажээ. Түүний бичсэн нь:

“...8 сарын 24-ний үдийн 1 цагийн үед уулын оройд асар том үүл бий болжээ. Тэр үүл алгуурхан томрон улам өндөрт гарч аварга том мөчир салаагаа өргөн тэлж байгаа нарс модыг санагдуулж байлаа. Зарим хэсэгтээ цав цагаан, зарим газартаа үнс мэт саарал толботой байв. Агаарын хүчтэй урсгалд хөөгдөн улам дээшилж байснаа урсгалын хүч буурсан хэсэгт өргөжин том болж хав хар үүл тэнгэрийг бүрхлээ.

Тэрхүү аварга том хар үүлэн дунд аянга цахилгаан цахилж, урьд үзэгдэж харагдаагүй аймшигт сүртэй үзэгдэл болов. Анхандаа нэлээн цөөн үнс нурам бууж эхлэв. Намайг эргэн харвал өтгөн хар манан шиг зүйл биднийг чиглэн айсуй. Гал түймэр унтраах үед хааж битүүлсэн өрөөн доторх шиг харанхуй бүрхэг боллоо. Хүүхэд эмэгтэйчүүдийн хашгираан орилолдоон, эрчүүдийн чанга чанга ярилцах дуулдаж байв.

Нэг хэсэг нь эцэг эхээ дуудаж байхад нөгөө хэсэг нь эхнэр нөхөр, үр хүүхдээ дуудан хашгиралдаж бас нэг хэсэг нь тэнгэр бурханд хандан гараа өргөн гуйж, мөргөж залбирцгааж байв. Гэтэл бас олон хүн тэнгэр бурхан гэж үгүй, одоо ингээд ертөнцийн мөхөл, мөнхийн харанхуй ирлээ гэцгээж байв...

...Байшингийн хаалга, хашаа үнс болон уушгин чулуугаар бүрхэгдэн хаалга онгойхгүй болжээ. Байшинд үлдэцгээх үү, эсвэл гарцгаах уу гэж ярилцав. Аймшигт чичиргээ долгионы улмаас байшин юу юугүй нурж унах гэж байлаа. Байшингаас гараад гадаа гарлаа ч гэсэн тийм ч найдвартай биш байв. Тэнгэрээс бөөн бөөн уушгин чулуу унаж байсан болохоор аюултай байв. Дээрээс унаж байгаа чулуунаас толгойгоо хамгаалахын тулд толгой дээрээ жинтүү дэр тавиад алчуураар дарж бооцгоосон хүмүүс харагдана. Өөр бусад газарт бол цэлмэг сайхан өдөр байсан энэ үед энд харанхуй шөнө мэт болж Везувий галт уулын аварга том галан хэл, өөр жижиг цучлууд түнэр харанхуйг дийлэн гэрэлтүүлж хүч хүрэхгүй байв...”

Энэ явдлаас 1700 жилийн дараа Везувий галт уулын бэлд худаг ухаж байсан хүмүүс санаандгүй эртний бурхны баримал олсон байна. Үүнээс болоод малталт хийж, улмаар үнс нурманд дарагдсан Помпей суурингийн үлдэгдлийг илрүүлжээ. 7 метрийн зузаан үнс нурман доороос гайхалтай сайхан сүм хийд, дархны газрууд, орон сууцны байшин, маш олон тооны урлагийн бүтээлүүдийг малтаж гаргажээ. Малтлагаар гарсан баялаг материал нь энэ гунигт үйл явдлын баримт болж Итали ба нийт Европчуудын сонирхлыг ихэд татлаа. Брюллов 1827 оноос эхлэн 6 жил гаруй түүхэн материалтай танилцаж, маш олон судалбар хийж, биет зүйл ч цуглуулсан ажээ.

Энэхүү аймшигт явдлын үеийн хүмүүсийн дүр, байгалийн үзэгдлийн сүр хүчийг үнэхээр үнэмшилтэй зурагтаа харуулж чадсан байдаг юм. Хамгийн гол нь сүйрэлд нэрвэгдсэн тэрхэн мөчид хүмүүсийн санаа сэтгэл зан төлвийн янз бүрийн хувирлыг чадамгай гаргаснаар зураачийн онцгой чадвар илэрдэг гэдэг.

Зургийн баруун хэсэгт өвгөн ааваа өргөн гүйж яваа ах дүү хоёр,  биеэ бодохоосоо түрүүн өвчтэй ааваа яаж ийгээд аврах эрмэлзлэлээр дүүрэн байна. Дэргэдээс нь холдохын аргагүй эх нь хүртэл та нар амиа бод хэмээн сарвалзаж байна. Баруун захад хуримынхаа цэцгэн хэлхээтэй залуухан гэргий нь бахардахад нөхөр нь тэврэн авч явж байна. Зургийн зүүн хэсэгт нэгэн гэр бүлийн дүрслэлд эх хүний үр хүүхдээ хамгаалах зөн билэг, эр нөхрийнх нь  гэр бүлээ хамгаалах гээд чадахгүй байгааг үзүүлжээ. Мөн энэ хэсэгт бурхнаас өөр хүч, хайр энэрлийг давах юу ч байхгүй гэдэгт итгэгчид ба энэ итгэл нь сүүлчийн мөчид биелэнэ гэдэгт итгэсээр байгаа  хүлцэнгүй байдлыг гаргажээ. Харин агсан морьтон бадриун эр өөрөө амь гарвал юуг ч хамаагүй туучин гарч байхад лам сүмийнхээ нандин шүтээнийг үймээнийг далимдуулж хулгайлан нөмрөг дороо нууж байгаа ч харагдана. Хулгай хийж байгаа нь хэдий муухай ч гэлээ түүний амьдрах итгэл нь тасраагүйгээр барахгүй үхэлтэй тэмцэлдэн буйг нь илтгэх мэт ээ. К.Брюлловын 1830-1833 оны хооронд бүтээсэн энэхүү тосон будгийн зураг нь 465,5 х 651 см хэмжээтэй бөгөөд одоо ОХУ-ын Санкт-Петербург хотын музейд хадгалагдаж байна.

Алдарт зураач Карл Павлович Брюллов 1799 оны 12 сарын 12-нд Санкт-Петербург хотод франц гэр бүлд мэндэлсэн бөгөөд 1852 онд Италийн Римд нас барсан байдаг. К.Брюллов уран зургийн бүх төрөл зүйл дээр тэгш урлан туурвиж чаддаг байсан бөгөөд түүхэн сэдэвт бодит зураг, хөрөг, зураасан зураг, тайз чимэглэл зэргээр ажиллажээ. Академийн профессор аавынхаа дэргэд боловсрол олж, дараа нь урлагийн академид сайн суралцсан тул улсын зардлаар Итали улсад боловсролоо дээшлүүлэхээр явж байжээ. Түүнийг есхөн насандаа Уран зургийн академид суралцаж байсан гэдэг билээ.

 

Бичсэн: Боролзой | цаг: 17:58 | Будаг амилж зураг ярина
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(7)
Сэтгэгдэл:


yooy herwee yurtunstiin tugsgul irlee gj medwel yh bol oo? impossible to imagine
Бичсэн: eve цаг: 16:57, Wednesday 28 July 2010 | Холбоос | |


зураг нь томоор
Бичсэн: director цаг: 18:34, Friday 16 July 2010 | Холбоос | |


кино нь энэ
Бичсэн: director цаг: 18:34, Friday 16 July 2010 | Холбоос | |


энд томоор байнаа үзлээ. Нээрээ л аймаар дүрсэлжээ
  бас ийм  кино байна
Бичсэн: director цаг: 18:33, Friday 16 July 2010 | Холбоос | |


сонсож байгаагүй түүх байнаа. Томоор байхгүй юу
Бичсэн: director цаг: 17:59, Friday 16 July 2010 | Холбоос | |


Аан тийн...энэ зураач намайг төрсөнөө маргааш төрсийм бна...ма найзтай нэг өдөр.... хэлээ гаргах
Бичсэн: luna цаг: 18:18, Wednesday 14 July 2010 | Холбоос | |


баярлалаа...Үнэхээр их...
Зургийг нь томоор олоод үзчих юмсан...гүүглдээд үзэхээс...
Бичсэн: luna цаг: 18:17, Wednesday 14 July 2010 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant