Saturday 12 June 2010
Чээжлэх биш цээжлэх

 

Бидний өвөг дээдэс хүний санан тогтоох ой ухааныг тархинд биш цээжинд байдаг хэмээн сэтгэж байсны илэрхийлэл бол “цээжлэх” хэмээх үг билээ. ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн бүтээл болох “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д “хүн, амьтны бэлхүүс, хүзүү хоёрын хоорондох хэсэг” болох “цээж” гэдгээс гаралтай үгийг “цээжлэх” хэмээн бичнэ гэжээ. Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-оос авахуулаад Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь” гээд бүгдэд нь “цээжлэх” хэмээн байсаар атал заримдаа энэ үгийг “чээжлэх” хэмээн буруу бичих нь бий.

Ийнхүү буруу бичээд байгаагийн шалтгаан нь хүмүүс дууддагаараа бичээд байгаагаас болдог бололтой. Угаасаа энэ үгийг монгол бичгээр “чэгэжилэхү” хэмээн бичих бөгөөд монгол бичгээр “ц” болон “ч” адилхан хэлбэртэй байдаг билээ. Тиймээс нутаг нутгийн ярианы онцлогоос шалтгаалан дээрх үгийг “цээжлэх”, “чээжлэх” хэмээн ярих нь хоёул буруу биш бөгөөд харин бичихдээ одоо мөрдөж буй зөв бичих дүрмийнхээ дагуу “цээжлэх” хэмээн бичих учиртай билээ.

Бичсэн: Боролзой | цаг: 11:59 | Бүх нийтийн бичиг үсгийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant