2010-03-22
Хүн чулуу - өвөг дээдэс түүхээ хүүрнэнэ

 

Цаг хугацааны машин гэж хэрвээ байдагсан бол түүнд нь суугаад тэртээх арван гуравдугаар зуун руу аялан Чингис хаан гэж ямар ааш аягтай хүн байсныг, тэр үеийн хүмүүс ямар хувцас өмсөж байсныг, ямар зан суртахуунтай байсныг, юу хүсч мөрөөдөж байсныг мэдэхсэн. Даан ч тийм боломж байхгүй. Харин тэр эртний үеийг төсөөлөх боломжийг археологийн шинжлэх ухаан бидэнд олгодог. Египетийн фараон Тутанхамон гэж ямар хүн байсан, мартагдсан хот Перугийн алдарт Мачу Пичу ямар үзэсгэлэнтэй хот болох, Английн Стоун хэнжийн нууц зэрэг олон зүйлсэд археологичид л хариулт өгнө.

Монгол орон түүх, археологийн дурсгалаар баян орны нэг мөн. Бидний өвөг дээдсийн түүхийг нээн илрүүлэх дурсгалын нэг нь хүн чулуу билээ. Хүн чулуу нь тэр үеийн хүн ямар царай зүстэй байсныг, ямар үс гэзэгтэй, малгай толгойтой байсныг, хэр чансаатай хувцас эдлэл хэрэглэж байсныг мэдүүлж өгөх нь нэг талаараа түүх, угсаатны баримт болохын хамтаар нөгөө талаар эртний урлагийн бүтээл билээ. Хүн чулуу гэдэг маань эртний хүмүүсийн босгосон хөшөө дурсгал юм. Эдүгээ цагийн уран бүтээлчид түүхэн уран сайхны кино бүтээх, урчууд нь эрт цагийн монгол хүний төрх байдлыг урлах зэрэгт эдгээр археологийн баримтууд нь сайхан үлгэр болдог юм.

Хүн чулууг төр улс, овог аймгийн тэргүүн буюу цэрэг дайны алдар гавьяатан зэрэг нэр цуут хүний дурсгалд зориулсан тахилын онгоны бүрэлдэхүүнд оруулан тавьсан байдаг байна. Хүн чулуу нь эртний хүмүүсийн шүтлэг бишрэл, нийгмийн харилцаа, соёл урлагийн төвшин, угсаатны онцлог, зан заншил зэрэг олон асуудлыг тодруулж сэргээн судлах шинжлэх ухааны нэн үнэтэй сурвалж болдог ажээ. Эдгээрийг урлан бүтээхдээ байгалийн бэлэн чулууг засч янзлан хүний биеийн хэлбэр оруулж хийсэн байх ба ур хийцийн хувьд ч харилцан адилгүй байдаг. Хүн чулуу нь түүхэн тодорхой цаг үед амьдарч байсан бодит хүнийг дууриалган хийсний хувьд тэр үеийн хүний хувцас өмсгөл, гэзэг үс, зэр зэвсэг, гоёл чимэглэл, зарим эд зүйлсийг бодитойгоор дүрслэн гаргасан байна.

Монгол нутаг дахь хүн чулуун хөшөөг эрдэм шинжилгээний үүднээс судлах ажил 1889 оноос эхэлсэн гэдэг. Манай улсын бүх аймгийн нутгаас хүн чулууны дурсгал олдсон бөгөөд одоогийн байдлаар 500 гаруй хүн чулуу бүртгэгдээд байгаа юм байна. Эдгээр дурсгалуудыг түүх, соёлын хамаарал болон он цагийн хувьд нь хоёр үндсэн бүлэгт хуваадаг. Эхнийх нь монгол орны төв болон баруун талын нутгаар байх VI-IX зууны үед холбогдох Түрэгийн үеийн хүн чулуу, нөгөө хэсэг нь зүүн талын нутгаар зонхилон байх XIII-XIV зууны Их монгол улсын үеийн хүн чулуу юм. Түрэгийн үеийн хүн чулуу нь тооны хувьд дийлэнх хэсгийг эзэлдэг.

Түрэгийн үеийн хүн чулуу нь гол мөрний сав хөндий, тэдгээрийн ойр орчим тэгш сайхан тал зэрэг олны хараанд өртөхүйц байгалийн үзэмжит газар нутагт цогцлон байгуулсан тахил шүтээний байгууламжийн бүрэлдэхүүнд орж байрласан байдаг ажээ. Хүн чулууны өмнөөс зүүн урагш чиглүүлэн олон гозгор чулууг нэг эгнээгээр цувуулан зоож тавьдаг ба үүнийг “балбал” буюу “зэл чулуу” хэмээнэ. Энэ үеийн хүн чулуудыг тусгай тогтсон загварын дагуу урлан хийдэг байна. Баруун гартаа сав суулга барьж зүүн гараар бүснээс зүүсэн хутга, сэлмийн ишнээс атган зогсож байгаа хүний байдлаар дүрслэх нь түгээмэл. Дээлийн энгэрийг голдуу буруу тийш дарж товчилсон байх ба олон товруун чимэг бүхий агсарга бүс бүсэлж, бүснээсээ хутга, сэлэм, хавтага, билүү зэргийг зүүж унжуулсан байдаг. Эрэгтэй хүний хөшөө нь үзүүрийг нь махирлан эргүүлсэн живэр сахалтай байх ба заримдаа эрүүндээ богино сахалтай байдаг байна.

Их монгол улсын үед хамаарах хүн чулуудын ерөнхий төрх нь баруун гартаа хундага сав барьж түшлэгтэй сандалд суусан эр хүний дүрс зонхилдог, түрэгийн хүн чулуунд байдаг шиг зэл чулуу байдаггүй. Тухайн үеийн монгол эрчүүдийн гэзэг үсний хэлбэр нь хоёр чихний араар багцлан боож унжуулсан багц үс, мөн дух руу унжуулсан гөхөл бөгөөд тэр үед монголд ирж байсан гадны элч төлөөлөгчдийн тэмдэглэн бичсэн  тэмдэглэлтэй яг тохирдог байна. Мөн урт нарийн ханцуйтай, зөв тийш дарсан ташуу энгэртэй халхгар дээлтэй байдаг нь тэр үеийн уран зургийн дурсгалтай ч яг тохирдог байна. Гутлын хэлбэр дүрс нь ч дундад зууны монголчуудын гутал ямар байсныг тодорхой харуулдаг байна. Их монголын үед холбогдох эдгээр хүн чулуунуудыг хамгийн ихээр агуулдаг газар бол Сүхбаатар аймгийн нутаг бөгөөд “Дарьгангын хүн чулуу” хэмээн алдаршчээ.


Монгол улс дахь хүн чулууг дагнан судалсан хамгийн том судлаач бол археологич, доктор Д.Баяр билээ. Их монголын үеийн хүн чулууг хэрхэн нээсэн талаараа тэрээр ийнхүү өгүүлжээ: “Монгол орны зүүн хэсэг, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутгаас маш өвөрмөц хийцтэй хүн чулууд олдсон. Үүнийг 1927 онд зөвлөлтийн судлаач В.А.Казакевич анх судалж шинжлэх ухаанд гаргаж тавьсан. Хүн чулуу л бол түрэгийн үеийнх юм. Түрэгүүд л хүн чулуу хийдэг. Бусад угсаатан хийж байгаагүй гэсэн үзэл бодол давамгайлж байснаас Дарьгангын хүн чулуудыг Түрэгийн үеийн хүн чулууны өвөрмөц төрөл гэсэн хандлага тогтсон байсан. Зөвлөлтийн эрдэмтэн Л.Л.Викторова Дорнод Монголын талд судалгаа хийж, Дорнод аймгийн нутаг Шонх Таван толгой гэдэг газар байгаа хүн чулууг үзээд Энэ ер нь дундад зууны монголчуудын дурсгал шиг байна. Хувцас хунарын байдал дундад зууны монголчуудынх байна гэж нэг хүн чулуун дээр санал хэлсэн байдаг.

Эдгээр хүн чулуунуудыг үзэхэд зарим нь аятайхан, зарим нь болхи хийцтэйг ажиглахад нэг бодол төрсөн нь дундад зууны үеийн монголчуудын дурсгал юм байна гэсэн дүгнэлтэд хүргэсэн. XIII зууны Монголын их хаадын хөрөг дүрс одоо Тайваньд хадгалагдаж байдаг. Энэ хөрөг дүрсүүдийг л чулуугаар хийгээд тавьчихсантай адилхан. Л.Л.Викторова гуай номдоо надтай адил санал дэвшүүлсэн байсан юм. Бид хоёр өөр газрын судлаач, тус тусдаа судалгаа хийгээд ижил дүгнэлтэд хүрсэн. Тэгэхээр энэ уг дурсгалын он цаг үнэн зөв болохыг бас нэг талаар баталж байгаа юм. Үүнийгээ цааш нь нарийвчилж судлаад тэр үеийн Монголын уран зургийн дурсгал, түүхэн сурвалж бичиг, археологийн биет олдворуудтай холбоод энэ яах аргагүй XIII зууны монгол хүнийг дүрсэлсэн хөшөөнүүд мөн гэдгийг нотолсон” гэжээ.

Өвөг дээдсийн минь өв соёлын нэгээхэн хэсэг эдгээр хүн чулуутай хөдөөгийн хээр талд тааралдвал хамгаалж, харамлаж явах нь эх орон, эх соёлдоо хайртай монгол хүний үүрэг мөн билээ.

 

Гэрэл зургийн тайлбар:   Их монгол улсын үеийн хүн чулуу, Сүхбаатар аймаг (XIII зуун)

Бичсэн: Боролзой | цаг: 12:00 | Будаг амилж зураг ярина
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


тэврэлт
Бичсэн: Зочин цаг: 15:01, 2010-06-06 | Холбоос | |


Агуу түүхт эх орон минь...
Би ч гэсэн цаг хугацааны машин гэж байсан бол Чингисийн болон үр хүүхдүүдийх нь дэлхийн талыг эзэгнэн байлдан дагуулж байсан тэр үед очиж үзэх юмсан гэж хааяа боддог шүү...Одоо энэ хүн чулуунуудыг сайн хамгаалахгүй бол янз янзын л муу юм дуулдах болоод удаж байнадаа...Алга боллоо, нурааж сүйтгэсэн байна гэх мэт...Гадагш нь хэн хэдийг ч гаргаад зарчихсан юм ёстой чөтгөр бүү мэд...Тэр Мачу Пичу гэж нээрээ айхтар эд байналээ шүү...Би нилээд хэдэн жилийн өмнө англи хэл дээр тэрний тухай хичээл зааж байсан юм.Өндөр уулын орой дээр барьж байгуулсан мундаг эд байналээ...Тэр олон шаталсан тариан талбай, тэв тэгшхэн зүсэн барьсан өндөр хана гээд л. Яаж тэр том чулуунуудыг зүссэн юм шиг тэгшилдэг байнаа...Эртний Инкүүд нь харин яагаад ор сураггүй алга болсон юм бол, дүрвэсэн юм бол...Хотоо бас соёлоо орхиод хаачсан юм бол...Энийг л нэг мэдмээр санагдаад байгаамдаа...
Бичсэн: Зоригт ван цаг: 14:23, 2010-03-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax