Thursday 18 March 2010
Төрийн хэлний бодлогын хэрэгжилт

 

“Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна[Монгол улсын үндсэн хууль, 1992, 5] гэж үндсэн хуульд бий. Өвөг дээдсээс уламжлан ирсэн бидний хэл аялгуу маань Монголын төдийгүй нийт хүн төрөлхтөний оюуны соёлын салшгүй нэг хэсэг, үнэт өв мөн билээ. Энэ гариг дэлхий дээр маш олон хэл бий. Хэдэн зуун саяар тоологдох олон хүн ярьдаг том хэл байхад хэдэн арван хүн хоорондоо харилцдаг омог отгийн өчүүхэн хэл ч бас бий. Гэхдээ том жижгээс үл шалтгаалан хэл бүхэн чухал билээ. Хэл бүрийн цаана хүн төрөлхтөний соёл, түүх, урлаг, дуу хуур, аман зохиол, сэтгэлгээ, эрх чөлөө гээд бүгд байдаг. Дэлхийн тэр олон мянган хэлний нэгээхэн хэсгийн төлөөлөл бол яах аргагүй монгол хэл юм.

Дэлхий дээр одоо 14 хоног тутамд нэгэн хэл мөхөж байна гэсэн судалгаа байдаг. Хэл мөхөж байна гэдэг нь тэр чигээрээ нэгэн соёл, ахуй, зан заншил устаж байна гэсэн үг юм. Аль ч улс орны төр засгийн бодлогод эх хэл, үндэсний бичиг үсгийн бодлого нь ямагт чухал байх ёстой. Энэ бол соёлт хүн төрөлхтөн, алсын хараатай аливаа улс үндэстний хамгийн гол бодлого, үзэл баримтлал, байр суурь мөн биз ээ. Дэлхий дээр бие даасан, тусгаар улс орон, ард түмнүүд оршсоор байх цагт эх хэл бичгийн асуудал байсаар байх нь гарцаагүй зүйл билээ. Харин тухайн улсын болон хэлний том жижиг зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж өөр өөрийн онцлогт тохирсон хэлний бодлоготой байдаг байна. Тухайлбал, англи хэлний хувьд авч ярихад “1990-ээд он гэхэд дэлхий дээр англи хэл унаган хэл нь болсон 350 сая гаруй хүн байсан бол англи хэлийг хоёр дахь хэлээ болгон ярьж байгаа 400 гаруй сая хүн байдаг” [Монгол улсын хэлний бодлого, 2006, 33] ажээ. Өөрөөр хэлбэл ерөнхийдөө хүн ам, эдийн засгийн хувьд тэргүүлэх улс орнууд өөрийн хэл соёлоо улам түгээн дэлгэрүүлэх, даяаршуулах бодлоготой байдаг бол эсрэгээр хүн ам цөөн, жижиг улс орнууд өөрийн хэл соёлоо даяаршлын энэ их түрлэгээс хамгаалж авч үлдэх зорилготой байдаг.

Хамгийн чухал нь үндэсний өвөрмөц онцлогоо орхиж гээхгүй байх, үндэсний түүх, соёл, эх хэлээ мартаж үгүйсгэхгүй байх явдал билээ. Өнөөдөр англи, орос, солонгос, япон гээд олон хэл, хос хэлний хэрэгцээ бол бидний амьдралд бодит биеллээ олж зайлшгүй шаардлагатай хэрэгцээ боллоо. Шинжлэх ухаан, соёл боловсрол, бизнесийн гээд нийгмийн харилцааны бүхий л хүрээг хамарсан олон хэлний боловсролыг олгох бодлогыг хэрэгжүүлэх нь монголын нийгмийн бодит хэрэгцээ болсныг үгүйсгэх аргагүй зүйл юм.

Даяаршлын энэ цаг үед гадаад хэлний боловсрол эзэмшүүлэх бодлогыг хэрэгжүүлэхдээ төрөлх монгол хэл, соёлын нэгдмэл төрх байдлыг алдахгүй байхыг чухалчлах ёстой билээ. Ийнхүү нийгмийн хөгжлийн бодит хандлагад нийцсэн монгол болон гадаад хэлний хамгийн таарсан тэнцвэрийг хангасан таатай орчинг бүрдүүлэх нь Монгол улсын хэлний бодлогын гол зүйл болж байна. Төрийн хэлний тухай хуулийг 2003 онд УИХ-аас баталсан билээ. Энэ хуулийг батлагдсаны дараа монгол хэл бичгийн эрдэмтэн, судлаачдаас авахуулаад төр засгийнхан хүртэл “Харь улсын хэл соёлын түрэмгийллийг таслах хууль, эрх зүйн орчин бүрдлээ” хэмээж байсан. Харин өнөөдрийн байгаа бодит байдал хууль баталчихвал л бүх зүйл сайхан болчих юм шиг бодож байсан тэр үе хоёрын хооронд асар их ялгаа байх ажээ.

Төрийн албан ёсны хэлний тухай хууль гарснаар эх хэлний маань ариун дархан байдал улам сайжирна гэсэн нь талаар болсон гэж хэлэхэд буруудахгүй. Уг нь хуульд “Төрийн албан ёсны хэлэнд дагаж мөрдөх орчин цагийн монгол хэлний хэм хэмжээ, нэр томьёог шинжлэх ухааны үндэслэлтэй оноон тогтоох, баталж мөрдүүлэн, жигдлэн хэвшүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх, нэр томьёотой холбогдсон асуудлаар дүнг гаргах чиг үүргийг төрийн хэлний зөвлөл хэрэгжүүлнэ” гээд заачихсан байгаа. Хуулийн энэ заалт гэхэд л амьдрал дээр хэрэгжиж байгаа болов уу. Монгол улсын эрүүгийн, иргэний гээд хуулиуд бий. Эдгээр хуулийг зөрчвөл ялтай. Харин төрийн албан ёсны хэлний тухай хуулийг зөрчвөл ялгүй. Уг нь ямар ч бай, хууль мөн л бол түүнийг улс нийтээрээ дагаж мөрдөх ёстой.

Төрийн зүгээс зарим нэг телевизийн удирдлагад хааяа нэг албан бичиг илгээж, зөвлөмж хүргүүлэхээс цааш өөр ажил хэр их зохион байгуулж байгаа бол. Хааяа л энэ тэндэхийн самбар буулгаж байгаа харагддаг. “Монголд ирсэн солонгос, хятад хүмүүс, өөрийнхөө нэг дүүрэгт иржээ гэж санахаар болж” хэмээн хотын хаяг рекламыг нэгэн нэртэй зохиолч шүүмжилж байсан. Ямартай ч манайд хэлний хууль нь бий болоод хэдэн жилийн нүүрийг үзлээ. Бас л нөгөө “Монголын хууль гурав хоног” гэгч алдарт мэргэн үгийн нэг бодит жишээ болох вий дээ. Уг нь Монгол улсын үндсэн хуульд “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” [Монгол улсын үндсэн хууль, 1992, 5] гэж заасан байдаг билээ. Аливаа үндэстэн ястныг таних гол тэмдэг нь арьсны өнгө, хэл яриа хоёр юм. Харин монгол хүний насан туршид хэрэглэгддэг, бусад үндэстнээс ялгаатай харагдуулж байдаг зүйл бол монгол хэл маань билээ.

УИХ-ийн 2003 оны 5 сарын 15-ны өдөр баталсан “Төрийн албан ёсны хэлний тухай хууль”-ийн дагуу “Төрийн хэлний зөвлөл” байгуулсан. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлага ивээлээр хэсэг эрдэмтний боловсруулж, УИХ-аар батлагдсан (2008 онд) “Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого” гэдэг баримт бичигт “2015 онд багтаан англи хэлийг бүх нийтийн голлох гадаад хэл болгох”, “2021 он гэхэд төрийн захиргааны төв байгууллагын ажилтнууд албан ажлаа англи хэлээр явуулах чадамжтай болох” гэж тус тус заажээ. Үүнээс үзвэл удахгүй англи хэл манай улсад “бүх нийтийн голлох гадаад хэл” болно гэнэ. Хэдий гадаад хэлнийхээ хувьд голлох хэл байж болох ч гадаад хэлийг эх орондоо хэт дөвийлгөсөөр байвал монгол хэлнээс илүү голлох хэл болчихвол аюултай.

Монгол хэлийг муутгаж, голлох байр сууриа алдахад хүргэж байгаа хүмүүсийн тоонд хоёрын хооронд гадаад хэлтэнгүүд, сонин телевиз гээд олон нийтэд хамгийн ойрхон байдаг хэвлэл мэдээлллийнхэн, багш нар, тэр ч байтугай орчуулагчид, эрдэмтэн мэргэд маань хүртэл бичигдэх болсон нь “Төрийн албан ёсны хэлний тухай хууль” зөвхөн цаасан дээр байдаг нэр төдий зүйл болсных гэж хэлж болохоор болжээ.

Хэдийгээр заримдаа эрдэм шинжилгээний нэртэй хурал зөвлөгөөн хийлгэдэг боловч тэндээс гарсан зөвлөмж нь хэрэгждэггүй, олны хүртээл болдоггүй. Уг нь бид хэлний бодлогын талаарх хууль, эх хэлээ хамгаалж ирсэн баялаг түүх намтартай улс билээ. Тиймдээ ч хэдэн зуун жилээр ч бусдын эрхэнд байхдаа эх хэл, бичиг соёлоо өдийг хүртэл хадгалаад бидний үеийг хүрсэн биз ээ. Тухайлбал, бүр 1640 оны монгол-ойрдын “Их цааз” хуульд “Сайдуудын хөвгүүд монгол бичигт эс сэхээрхүүнээ эцгээс гунан морь аваад хөвүүний нь багшид өгч сурга. Олонд танигдах хүмүүний монгол бичигт эс сэхээрхүнээ гунан хонь, олонхи мууг 15 мөнгө, хөвүүний нь багшид өгч сургах нь урд мэт. Хөвүүний нас 15 хүртлээ эс сэхээрхүнээ цаазтай” [Шагдарсүрэн, 2000, 18] гэж заажээ. Энэ бол бараг дөрвөн зууны өмнөх хууль билээ.

Жил бүрийн хоёрдугаар сарын 21-ныг ЮНЕСКО-гоос “Олон улсын эх хэлний өдөр” болгон тэмдэглэж байх шийдвэрийг 2000 онд гаргасан байдаг. Манай оронд энэ өдрийг 2001 оноос эхлэн тэмдэглэдэг болсон бөгөөд жил бүр эх хэлний боловсрол, эх хэлний хэрэглээний соёлын төвшинг дээшлүүлэх, хэлний бодлогыг хэрэгжүүлэх, сурталчлах талаар эрдэм шинжилгээний семинар, хурлуудыг тогтмол зохион байгуулж хэвшжээ. Эдгээр ажлыг зохион байгуулахад Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Улаанбаатарын их сургуулиуд болон тэдний хэл шинжээч эрдэмтэн судлаачид, Төрийн хэлний зөвлөл, Монгол улсын засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монгол улсын ерөнхийлөгч зэрэг төрийн институтууд илүү идэвх зүтгэлтэй оролцож ирсэн байна.

Тухайлбал Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-аас олон улсын эх хэлний өдөрт зориулан “Даяаршил хийгээд монгол хэл бичгийн асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2004 оны 2-р сарын 12-ны өдөр зохион байгуулжээ. Тус хурлаар “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийг хэрэгжүүлэх онол, практик, даяаршлын үед эх хэлний талаар анхаарах, үсгийн дүрмийг боловсронгуй болгох, үндэсний монгол бичигт сургах арга зүй, үг хэллэг, нэр томьёог оновчтой хэрэглэх зэрэг сэдвээр илтгэл хэлэлцэж зөвлөмж, уриалга гаргажээ. Үүнд “Олон улсын эх хэлний өдрийг жил бүрийн 2-р сарын 21-нд дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байх тухай 2000 онд ЮНЕСКО-гоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн энэ тэмдэглэлт өдрийг эх орондоо тэмдэглэн хэвшие гэсэн хүсэл эрмэлзэл, санал санаачлагыг хүлээн авч УИХ-аар 2003 оны 12-р сарын 18-ны өдөр баталсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” Монгол улсын хуулийн 5.2-т заасны дагуу энэ өдрийг монгол орон даяар нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгох шийдвэр гаргахыг, ерөнхий боловсролын болон их дээд сургуульд зориулсан сурах бичиг, гарын авлага, ном зохиолыг бүтээн туурвихад монгол хэлний үгийн сан, хэл зүй, зөв бичих зүй, найруулга зүйн хэм хэмжээг ягштал баримтлах, даяаршлын эрин үед эх хэлнийхээ цэвэр нандин чанарыг хадгалах, хэл яриандаа монгол хэлний үг хэллэгийг чадмагаар хэрэглэж, санаа бодлоо уран яруу илэрхийлэх чадварыг өсвөр үеийнхэндээ төлөвшүүлэхийн тулд зөв бичих дүрмийг боловсронгуй болгох[Адъяа, 2005] зэргийг Монгол улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, хэвлэл мэдээллийн ажилтан, бичгийн мэргэд, ерөнхий боловсролын болон их дээд сургуулийн багш, хэл шинжлэлтэн – эрдэмтэн судлаачид болон Монгол улсын нийт ард иргэдэд тус тус хандан уриалжээ.

Хэлний бодлогын үндэсний академи, Хүмүүнлэгийн ухааны их сургуультай хамтран 2006 оны 11-р сарын 15-ны өдөр “Монгол улсын гадаад хэлний бодлого” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж зөвлөмж гаргажээ. Тус зөвлөмжид “Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хэлний бодлогыг боловсруулах эрдэмтдийн зөвлөлийг монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах, төрийн албан ёсны хэлний тухай хуульд зохих өөрчлөлт оруулах, хэлний талаар шаардлагатай байгаа эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулах, төрөлх хэл болон гадаад хэлний бодлогыг нягт уялдаатай боловсруулан хэрэгжүүлэх бодит шаардлагыг харгалзан Төрийн хэлний зөвлөлийг монгол хэл болон гадаад хэлний салбар зөвлөл бүхий Хэлний бодлогын үндэсний зөвлөл болгон өргөтгөн зохион байгуулж, үүрэг, үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн өөрчлөх, бүх шатны боловсролын байгууллагад мөрдүүлэх эх хэл болон гадаад хэлний сургалтын стандарт, агуулгыг үндэстний онцлог болон олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн сайжруулах” [Адъяа, 2005] зэрэг асуудлуудаар Монгол улсын ерөнхийлөгч, Улсын их хурал, Засгийн газар, БСШУ-ны яам зэрэгт хандсан байна.

Мөн 2007 онд Монгол улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаярын ивээл дор зохион байгуулсан “Даяаршил ба төрөөс баримтлах хэлний бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлаас УИХ, Засгийн газар, БСШУЯ, ШУА, их дээд сургуулиуд, аймаг, нийслэлийн засаг дарга нар, хэвлэл мэдээллийн байгууллага, Төрийн хэлний зөвлөл зэрэг өргөн хүрээнд хамарсан зөвлөмж гаргажээ. Үүндээ “Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын явцыг УИХ-ын холбогдох байнгын хороодоор хэлэлцэн, хэлний засаглалыг хүчтэй болгох чиглэлээр хуульд зарим нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж хэрэгжүүлэх, хэвлэн нийтэлж буй зүйлийн хэл найруулгыг боловсронгуй болгохын тулд хэвлэлийн газруудад хэвлэлийн редактор ажиллуулах журам тогтоох, эх хэлнийхээ үнэлэмжийг дээшлүүлэх, залуу үеийнхний эх хэлний мэдлэгийг сайжруулах зорилгоор их, дээд сургуульд элсэгчдээс оюуны сорилын шалгалт монгол хэлээр авах журамд шилжих, хот, төвлөрсөн суурин газруудын бүх байгууллагын нэр хаягийг монгол хэлээр бичиж байх талаар Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжийг иш үндэс болгон зар сурталчилгаа, албан байгууллагын нэр хаяг, хэвлэл мэдээллийн болон сурах бичгийн хэл найруулгад тогтмол хяналт тавин илэрсэн дутагдлыг арилгуулах талаар шийдвэртэй арга хэмжээ авч хэрэгжүүлж байх” [Жаргалсайхан, Энхсаруул, 2007] зэрэг асуудлуудыг анхааруулжээ. Энэ мэтээр хэлний бодлогын талаар хурал зөвлөлгөөн хангалттай олон зохион байгуулагдаж байна. Харин эдгээр хурлууд дээр яригдаж байгаа бүхэн бодит амьдрал дээр хэрэгжиж бидний хүсэн хүлээсэн үр дүнг авчрахгүй л байна.

Эцэст дүгнэн хэлэхэд монголчуудын хувьд хууль, эрх зүйн талаар нэг л асуудал үргэлж байдаг. Байсаар ч ирсэн байх, харин одоо цаашдаа байлгамааргүй байна. Энэ бол нөгөө “Монголын хууль гурав хоног” алдарт афоризм билээ. Сайхан сайхан хуулиудыг бөөн бөөнөөр үйлдвэрлэн гаргаад байдаг, тэгсэн мөртөө амьдралд хэрэгждэггүй. Тухайлбал, хамгийн энгийн нэгэн жишээг авахад бичиг үсэгт тайлагдсан хэн бүхний дагаж мөрдөх “Зөв бичгийн дүрэм” гэж бий. Уг нь хэрхэн зөв бичихийг хэл бичгийн эрдэмтэд нь толь бичгүүд дээрээ журамлаад, маргаангүйгээр тогтоосоор байхад л “гариг” гэхийг “гараг”, “сургаал” гэхийг “сургааль” хэмээн хаа сайгүй буруу бичсээр байгааг дурдья.

Уг нь манай улс “Төрийн албан ёсны хэлний тухай хууль” хэмээх хаана ч гологдохгүй сайхан хуультай болжээ. Гэтэл бид үүнийгээ тоодоггүй, хэрэгжүүлдэггүй байсаар байвал мянган хууль зохиогоод ч хэрэг үгүй билээ. Харин нэгэнт ажил болгон хийсэн хуулиа мөрдөж амьдралд нийцсэн тохирох аргаар ажиллах шаардлагатай болжээ. Хэдий монгол эх хэлний маань аюулгүй байдал тийм сайнгүй байгаа боловч юу юугүй монгол хэл маань мөхөх, устахын даваан дээр тултлаа хурцдаагүйг сануулсан өөдрөг үгээр өгүүллээ өндөрлөе.

 

АШИГЛАСАН НОМ

[Базаррагчаа, 1999] - Базаррагчаа.Ц, Хэдэн үеэ бүрэлгэх хэлний гамшиг, МУИС-ийн эрдэм шинжилгээний бичиг, № 14/151, УБ 1999. х 200-204

[Болд, 2006] - Болд.Л, “Төрийн албан ёсны хэлний тухай хууль”-ийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хэдэн санал, Монгол хэл шинжлэлийн асуудалд, УБ 2006. х 94-96

[Адъяа, 2005] - Даяаршил хийгээд монгол хэл бичгийн асуудал (илтгэлийн эмхэтгэл), эмхэтгэсэн О.Адъяа, УБ 2005

[Жаргалсайхан, Энхсаруул, 2007] - Монгол улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаярын ивээл дор зохион байгуулагдсан “Даяаршил ба төрөөс баримтлах хэлний бодлого” эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүд, Эмхэтгэсэн О.Жаргалсайхан, Ц.Энхсаруул, УБ 2007

[Монгол улсын үндсэн хууль, 1992] - Монгол улсын үндсэн хууль, УБ 1992

[Монгол улсын хэлний бодлого, 2006] - Монгол улсын хэлний бодлого, эмхэтгэсэн Б.Ширнэн, У.Сувданцэцэг, УБ 2006

[Шагдарсүрэн, 2000] - Ц.Шагдарсүрэн, Хэлний талаархи төрийн бодолго гэж юү вэ?, Монгол судлалын эрдэм шинжилгээний бичиг, Боть XYI (160) УБ 2000, 13-19-р тал

[Төрийн албан ёсны хэлний тухай хууль] - Төрийн албан ёсны хэлний тухай хууль,

www.legalinfo.mn

[Ширнэн, 2005] - Төрөөс баримтлах хэлний бодлогын асуудлууд (илтгэл, хэлсэн үгийн эмхэтгэл), эмхэтгэсэн Б.Ширнэн, УБ 2005

[Түдэв] - Л.Түдэв, “Хэл-үндэсний баялаг” цуврал нийтлэл, 2009 он, хаврын тэргүүн улаан бар сарын шиний хоёрны наран цогт хар бар өдөр

Бичсэн: Боролзой | цаг: 09:07 | Эрдэм шинжилгээний өгүүлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Таны бичвэрүүдийн зохиогчуудынх нь нэр нь баймаар байна. Эсвэл бүх бичвэрүүдээ өөрөө бичсэн үү
Бичсэн: Зочин цаг: 19:12, Thursday 1 March 2018 | Холбоос | |


гоё зөв юм байна
Бичсэн: Зочин цаг: 15:34, Tuesday 10 April 2012 | Холбоос | |


Ялны тухайд
Хэлний хууль битгий хэл үндсэн хууль зөрчихөд ямар ял байх биш дээ.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж үндсэн хууль зөрчиж, хуулийг орон дотороо засдаг гэж байсан ялгүй сайхан баян тарган амьдарч сайд болчоод явж л байна шүү дээ.
Өөр нэг жишээ: Төрийн дуулал явж байхад босож зогсох ёстой гэдэг хэхэхэ. Орой Радио хаахдаа төрийн дуулал явдаг даа. Хүмүүс орондоо орсон байдаг ба хэн босож байлаа даа ххэхэхэ. Үндсэн хууль зохиосон П.Очирбат, Чимэд 2 ч орон дотроо хэвтэж л байдаг юм.
Бичсэн: Зочин цаг: 18:48, Saturday 27 March 2010 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant