Tuesday 28 December 2010
Интернэт монгол хэлний аюулгүй байдалд нөлөөлөх нь

Түлхүүр үгс: Интернэт, интернэт хэл шинжлэл, зөв бичгийн дүрэм, ярианы ба бичгийн хэл

Хүн төрөлхтөний гурван том нээлтийн нэгдүгээрт гал, хоёрдугаарт дугуй, гуравдугаарт интернэт ордог хэмээдэг. Энэхүү интернэт гэдэг зүйлийг анх Америкт цэрэг дайны мэдээлэл дамжуулах зорилгоор 1969 онд “Arpanet” хэмээх сүлжээг үүсгэснээс эхэлсэн гэдэг. Анх ердөө дөрөвхөн компьютерийг холбосон энэ сүлжээ 1974 он гэхэд 62 компьютерийг холбосон байна. Улмаар 1983 онд “Arpanet сүлжээ нь цэргийн (Milnet) хэрэгцээнд ба энгийн (Internet) буюу их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зориулж хуваагдсанаар энэхүү энгийн сүлжээ нь дэлхий нийтийг хамарсан өргөн сүлжээ бий болох эхлэлийг тавьжээ. Ийнхүү хэрэглэгчдийн хоорондын зайнаас үл хамааран мэдээлэл солилцох өргөн талбар болох интернэт одоо энэ дэлхийн олон сая компьютерийг холбосон аварга сүлжээ боллоо. Дэлхийн интернэт хэрэглэгчдийн өсөлтийг харвал:

Огноо

Хэрэглэгчдийн тоо

Дэлхийн хүн амд эзлэх хувь

1994 он

4 сая

-

1995 оны 12-р сар

16 сая

0,4 %

1996 оны 12-р сар

36 сая

0,9 %

2000 оны 12-р сар

361 сая

5,8 %

2003 оны 3-р сар

608 сая

9,7 %

2005 оны 12-р сар

1 тэрбум 18 сая

15,7 %

2008 оны 12-р сар

1 тэрбум 565 сая

23,3 %

2010 оны 6-р сарын 30

1 тэрбум 966 сая

28,7 %

(эх сурвалж: www.internetworldstats.com)

Дэлхийг бүрхсэн энэхүү сүлжээнд анх Монгол 1994 оноос эхэлж холбогджээ. “Мэдээллийн харилцаа” ББХК (Датаком) анх удаа интернэтийн үйлчилгээг явуулж эхэлсэн бөгөөд Монгол улсын интернэтэд холбогдох цорын ганц гарц нь байжээ. 1996 оны 1 сарын 17-нд Монгол улсад интернэт нэвтэрснийг албан ёсоор зарлаж нээлтийн ажиллагаанд тухайн үеийн ерөнхийлөгч П.Очирбат оролцож байжээ. 1996 онд интернэт хэрэглэгчдийн тоо Монголд ердөө 500 гаруйхан байсан бол одоо албан газар, өрх бүр шахуу интернэтэд холбогдож хувийн болоод албаны бүхий л ажил хэрэг үүгээр өрнөдөг болжээ. Интернэтийг тогтмол хэрэглэгчдийн тоо 30 гаруй хувьд хүрч 2007 оноос хойш интернэт хэрэглэгчийн тоо даруй 2,5 дахин өсчээ. Монгол дахь интернэт хэрэглэгчдийн судалгааг харвал:

Огноо

Хэрэглэгчдийн тоо

1996

500 гаруй

2005

9015

2006

10880

2007

14622

2008

42001

(эх сурвалж: www.n20.mn)

Интернэтийн хүмүүст өгч байгаа ашиг тус өгүүлж баршгүй их билээ. Түүгээр шинэ мэдээллийг түргэн шуурхай авч байна, худалдаа хийгээд төлбөр тооцоо нь интернэтээр хийгдэж байна, зар сурталчилгаа явагдаж байна, захиа солилцож хоорондоо утсаар хүртэл ярилцаж байна, мэдлэгээ хуваалцаж байна, үзэл бодлоо илэрхийлж байна, сургалт явагдаж байна гэх мэтээр түүний боломж асар өргөн юм. Дээхэн үед мэдээлэлд ном голлох үүрэг гүйцэтгэж байлаа, дараа нь телевиз, харин одоо энэ байр суурийг интернэт баттай эзлэн авчээ. Өөрөөр хэлбэл интернэт нь цаасан хэвлэлийг халснаар хүмүүсийн хоорондоо бичгээр харьцаж байгаа мэдээллийн нэлээд томоохон хэсэг энд төвлөрчээ.

Сүүлийн үед мэдээллийн том портал сайтууд, хувь хүмүүсийн блогууд, хувийн болон төрийн байгууллагуудын мэдээллүүд интернэтээр төвлөрч ажил хэргээ явуулах нь түгээмэл болжээ. Үүнийгээ дагаад интернэтийн асар том хэрэглээ үүсч, түүнийг өдөр тутам амьдралдаа хэрэглэгчид маш ихээр нэмэгдлээ, цаашдаа ч энэ тоо улам их болох төлөвтэй байна. Мэдээллийн энэ их урсгал мэдээж хэлээр дамжина. Монгол улсын төрийн албан ёсны хэл бол монгол хэл. Монгол хэлээр дамжиж байгаа энэ их мэдээллийн урсгалд эх хэл маань ч тодорхой хэмжээгээр бохирдох, эвдрэх, нөгөө талаар хөгжих нэгэн хөрс суурь нь болжээ.

Монгол хэлийг хамгийн их “алж” байгаа газар интернэтийн ертөнц болжээ. Нэг талаас интернэтийн орчин ямар ч хяналтгүй байгаа бөгөөд мэдээллийн хүчтэй хэрэгсэл болохынхоо хувьд иргэдийн эх хэлний боловсролд үзүүлж байгаа нөлөө нь ч асар их юм. Энэхүү нөлөө нь дараах байдлаар илэрч байгааг авч үзье.

Монгол хэл бичгийн эрдэмтэн судлаачид сонин сэтгүүл, радио телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэл найруулгыг маш их ярьдаг, судалдаг. Гэтэл дээрх бүх хэрэгслээс хамаагүй илүү хүртээмжтэй, олон хүнд хүрдэг, идэвхтэй, хүчтэй, газар авч байгаа хэрэгсэл болох интернэтийн орчин юм. Одоо хэл шинжлэлийн чиглэлээр ажиллаж байгаа судлаачдын зайлшгүй анхааран авч үзэх судалгааны обьект бол интернэтийн орчны монгол хэлний өнөөгийн байдал юм. Ийм учраас интернэтийн орчин дахь монгол хэлний асуудлыг судлах нь монгол хэл шинжлэлийн хувьд шинэлэг хандлага гэж хэлж болно. Энэхүү өгүүллээр дараах хэдэн зорилго, зорилтыг дэвшүүлсэн болно. Энэ нь:

-         Ямар учраас уг асуудал нь чухал болох,

-         Бусад орны хэл шинжлэлд уг асуудлыг хэрхэн авч үзэж байгаа,

-         Интернэт монгол хэлэнд чухам ямар нөлөө үзүүлж байгаа,

-         Хэлний хөгжил болоод мөхөлд хэрхэн нөлөөлж байгаа,

-         Яг ямар нөлөө үзүүлснийг тогтолцоотойгоор авч үзэх гэх мэт болно.

Энэ талаар бусад улс орнууд ч аль эрт судалж эхэлжээ. Тухайлбал, Английн хэл шинжлэлч, профессор Дэвид Кристалын судалгааг авч үзье. Тэрээр “Интернэт хэл шинжлэл” (Internet linguistics) хэмээх судалгааны шинэ чиглэлийг үүсгэсэн бөгөөд “Хэл ба интернэт”(Language and the internet) хэмээх бүтээл туурвижээ. Тэрээр энэ бүтээлдээ хэлэнд интернэт ямар нөлөө үзүүлж байгаа болон интернэтэд хэрэглэж байгаа хэлэнд чухам ямар асуудлууд тулгарч байгаа талаар өгүүлсэн байна. Урьд өмнөх судлаачид хэлний стандарт алдагдаж интернэт хэлний ирээдүйд муугаар нөлөөлнө гэсэн бол Дэвид Кристал харин үүнийг хэл шинжлэлд гарсан хувьсгал гээд хэлний олон хувилбар бий болж, хүний бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлнэ хэмээн сайшаажээ.

Харин Монголд энэ асуудлыг одоохондоо “блогийн хэл”, “интернэтийн хэл” гэх мэтээр муушаан ярих төдий л байна. Хэлийг бохирдуулж байгаа талаас нь шүүмжлэхээс биш шинжлэх ухаанчаар хандаж судлах талаар хараахан учир дутагдалтай байна гэж үзэж болно. Судлаач О.Самбуудорж “Одоо үед бичиг үсэг хэрэглэж буй монгол хэлт ард түмний бичгийн хэлний шинэ маягийн соёлын холбооны бас нэг онцлог бол, латин үсэг хэрэглэн интернэтээр харилцах байдал нэлээд бий болсон байна” хэмээгээд “латин үсгээр тодорхой зүйл бичиж чадах боловч нэгдсэн дүрэм хараахан үгүй тул өөр өөрийн бичгийн хэлний дүрмийг баримтлах, эсвэл монгол улсын кирилл үсгийн дүрмийг баримталж бичих байдал нэлээд ажиглагдаж байгаа” тухай анхааран бичсэн нь бий.

Дараах 5 зүйлээр интернэт монгол хэлэнд нөлөөлж байна:

-         Гар утасны мессежээр

-         Цахим шуудангаар

-         Чатаар

-         Компьютерийн орчин

-         Вэб сайт гэх мэт

Харин монгол хэлэнд чухам ямар нөлөө үзүүлж байна вэ гэвэл:

-         Гадаад хэл болон бичгийн нөлөө

-         Гадаад үг үгийн санд нэвтэрч нөлөөлөх

-         Үг зүйн талаар нөлөөлөх (намайг-нааг г.м.)

-         Хэл найруулгын талаас нөлөөлөх гэх мэт болно.

 

Гадаад хэл болон бичгийн нөлөө

Даяаршин буй ертөнцийн өнөөгийн жамаар үндэстэн угсаатны харилцаанаас шалтгаалан маш олон хэл харилцан уусан шингэх үзэгдэл байдаг билээ. Жишээлэхэд, Хятадад болон Орос дахь монгол хэлээр хэлэлцэгчид тэр хэлнийхээ хүрээллээс болж тухайн хэлэндээ ойртох, үгсийн сангийн хувьд гадаад үгээр баяжих, нэр томьёо оноох тал дээр ч тухайн хэлтэйгээ адил байдалтай болох нь харагдсаар байгаа билээ. Орост байгаа буриадуудын хувьд кирил бичгийн нөлөөгөөр үгсийн санд нь харь үг нэвтрэх нь элбэг байдаг бол харин Өвөр монголд уйгаржин бичгээ хэрэглэсээр байгаагийн ачаар буриадыг бодвол хэлний дархлаа нь сайн байна гэж үзэж болох юм. Монгол хэлэнд хятад гаралтай үг аман яриагаар, европ гаралтай үг ном зохиолоор дамжин орж байсан бол одоо гадаад хэлний нөлөө интернэтээр дамжин түгэх боллоо.

Ердөөсөө хэрэглэж хэвшсэн монгол үг байсаар атал гадаад үгийг чамирхан авч хэрэглэх асуудал элбэг байна. Жишээлбэл: “Артист” хэмээх үгээр дуучдыг нэрлэх болжээ. (“В” продакшны артист Болд, Агиймаа г.м.) Одоо цаг үед дуучин хүн дуулах төдийгүй жүжиглэх, бүжиглэх гээд олон талын ажил хийдэг болжээ. Үүнийгээ дагаад “Artist хэмээх үг нь жүжигчин, дуучин гэх мэт өргөн утгыг агуулж байгаа хэдий ч дуучин, жүжигчин хэмээх үг байсаар байтал артист хэмээх үгийг хэрэглэх хий л чамирхал гэхээс өөр аргагүй. Эсвэл дуучин гэдгээс мэргэжлийн дуучинг ялгаж байгаа байж болох юм. Гэвч үүнд оноох тохирсон монгол үг бас л бий.

Мөн сүүлийн үед Монголд кино урлаг нэлээд сэргэх хандлагатай болж жил бүр л маш олон кино гарах болжээ. Энэ олон кино бүр зар сурталчилгаагаа олонд хүргэх талаа бодоод дуутай болжээ. Үүнийг киноны дуу гэдэг, өмнө нь социализмын үед ч зарим кино дуутай, үүнийгээ киноны дуу хэмээн яриад болоод ирсэн зүйл. Гэтэл одоо киноны дууг залуучуудын дунд “саунд трак” (soundtrack) хэмээн яриад нэлээд хэвших хандлагатай байна. Уг нь “саунд трак” гэдэг дууны фонограмыг хэлдэг бололтой.

Гадаад хүмүүсийн нэрийг ч монголоор хаа хамаагүй бичсэн нь элбэг. Монголоор бичихдээ тогтсон зарчим баримталдаггүйгээс хүн хүн өөрийнхөө ухаарснаар бичдэг. Америкийн алдарт дуучин Mariah Carey-гийн нэрийг аль 90-ээд оноос Мариан Кэри хэмээн буруу бичсээр өнөөг хүрэв. Энэ нь “h” үсгийг “н” хэмээн буруу ойлгосноор Мэрай гэхийг Мариан хэмээх болсон ажээ. Энэ мэтээр буруу бичихээс гадна буруу бичихээсээ төвөгшөөсөн зарим нь кирилээр бичсэн текстэн дундаа шууд л латинаар бичдэг болсон. Энэ нь нэг талдаа хүний нэрийг буруу бичсэн алдаа гаргахгүй хэдий ч нөгөө талдаа латин үсэг мэддэггүй хүн ойлгохгүй зүйл болдог билээ. Ийнхүү гадаад үгийг хамаа намаагүй хэтэрхий их хэрэглэж байгаагаас эх хэл минь бохирдож, цэвэр ариун чанараа алдахад нөлөөлсөөр байна.

 

Хэл найруулгын өөрчлөлт

Аливаа хэлэнд олон аялгууны дундын харилцааны хэрэглүүр болдог утга зохиолын хэл гэж бий. Энэхүү утга зохиолын хэл нь бичгийн хэл, ярианы хэл хэмээх хоёр хэлбэртэй байдаг. Бичиг нь хэдий аман яриатайгаа ойр байлаа ч яг хэлдэгээрээ бичдэггүй билээ. Бүх хэлэнд ийм хууль бий. Хүн хүн, нутаг нутагт үгийг өөрөөр дууддаг учраас зөв бичих дүрмийг мөрддөг. Мэдээж бичгээр бичсэн зүйлийг ч аман ярианд яг бичсэнээр нь дуудахгүй.

Олон үг хэллэгийг бичсэнээс нь өөрөөр хэвшиж заншсанаараа ярьж уншдаг боловч тэгэж бичдэггүй. Ерээд оноос манай сонин нийтлэлд нэлээд давамгайлах болсон хэл найруулгын хэв маяг бол ярианы хэлний найруулгаар бичих үзэгдэл юм. Энэхүү найруулгын хэв маяг нь уншихад ойлгомжтой, сонирхолтой байдаг онцлогтой бөгөөд гол төлөөлөгчид Баабар, Б.Цэнддоо, С.Цогтсайхан нар гэж хэлж болно. Гэвч найруулгын энэ хэв маяг нь монгол хэлний хэл найруулгыг улам хөгжүүлэн баяжуулсан билээ. Учир нь бичгийн хэлээ эвдэхгүйгээр ярианы найруулгаар зөв бичгийн дүрмээ баримтлан бичиж байсан юм.

Харин ярианы хэл найруулгаар бичихдээ зөв бичгийн дүрэм баримтлахгүй бичих нь интернэтийн орчинд хамгийн түгээмэл болжээ. Энэ нь тийм ч аюултай зүйл биш мэт боловч хүчтэй мэдээллийн хэрэгслийг ашиглаж байгаагийнхаа хувьд бүх нийтийн бичиг үсгийн боловсролд буруу үлгэр дууриал үзүүлж байна. Ердөө л ярьж байгаа шигээ дур дураараа бичээд байвал зөв бичгийн дүрэм гэж байхын хэрэг үгүй юм. Энэхүү бичлэгийн хэлбэрийг сүүлийн үед сэтгүүл зүйд хүч түрэн орж ирж буй блогчид, мэдээнд сэтгэгдэл бичин үлдээж буй гол төлөв залуус улам ташуур өгөн “хөгжүүлж” байна.

Энэхүү “шинэ бичлэгийн хэлбэр” нь ердөө л ярьж байгаа мэт, бичсэнийг нь харахад ярианы галигаар тэмдэглэсэн мэт бичдэг. Энэхүү амнаас гарч буй бүх үгийг нийлүүлэн бичих “ярианы галиг” нь кирил үсгээр болон латинаар бичигдсэн байна. Жишээ нь:

Буруу бичлэг (кирил)

Буруу бичлэг (латин)

Зөв бичлэг

яажийгаамбэ

яажугаам бэ

yajiigaam bee

яаж байгаа юм бэ

 

гэсиймаа

gesiimaa

гэсэн юм аа

явий

yawii

явъя

татгалзахым

-

татгалзах юм

орий

orii

оръё

гардийн

gardiin

гардаг юм

майр (ээмр) гойи

mair goyo

аймаар гоё

цаа чэн

tsaa chen

цаана чинь

нтр

ntr

энэ тэр

бичас

bichas

би ч бас

аадийн

aadiin

яадаг юм бэ

нааг

naag

намайг

загнанализ

-

загнана л биз

сээнүү

seen uu

сайн уу

гаргахжаах шиг

-

гаргах гэж байх шиг

байсан дорвол

baisan dorwol

байсанд орвол

тэрэн дорвол

ter ni dorwol

тэрэнд орвол

т1

t1

тэнэг

Дээрх жишээнээс л эх монгол хэлний маань аман болон бичгийн хэлний ёс горим, хэм хэмжээ хэрхэн эвдэрч байгаа нь харагдана. Энэ буруу нөлөө нь зөвхөн интернэтийн ертөнцөөс хальж телевизээр, сонин хэвлэлээр зөв бичгийн дүрмийн алдаа түгээмэл, энгийн зүйл шиг гарах болсноос улам илүү нотлогдох боллоо. Эх хэлнийхээ үгийг харь хэлний найруулгаар, ярьдаг бичдэг байсан бол одоо харь үсгээр, хаана ч байхгүй “шинэ хэлээр” бичиж байна.

Энэхүү хэв маягийг дараах хэрэгцээнээс гарч байна гэж дүгнэж болмоор байна:

·        Өвөрмөц харагдах (буюу “өөрийнхөө дүрмээр” бичих)

·        Ярьж байгаа мэт бичих

·        Үг товчлох буюу яриагаа хэмнэх

·        Хурдан бичих, хурдан ойголцох

·        Сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх гэх мэтийн шалтгаан, эрэлт хэрэгцээнээс үүдэлтэй.

Угаасаа хүний хэлэнд яриа хэмнэх, товчлох хандлагууд байдаг. Яриагаа хэмнэх, хурдан ойлголцох гэх мэт хүний ярих явц дахь хэлэхүйн үйл ажиллагаанаас шалтгаалан үг, үеийг хурааж хэлэх хууль хэлэнд бий. Үүнийг үг хураагдах ёс гэдэг. Үүнийг МУИС-ийн багш, судлаач Ч.Баттулга “нийлбэр үг” хэмээх нэр томьёо оноон судалсан байдаг. Жишээ нь, өр+өвдөх=өрөвдөх, тэсч+ядах=тачаадах гэх мэтээр шинэ үг үүсэн үгийн санг баяжуулдаг. Энэ үзэгдэл аливаа хэлэнд тодорхой хэмжээнд байх ёстой боловч одоо манай интернэтийн орчин дахь олон үгийг нийлүүлж бичиж байгаа шиг хэмжээнд арай хэтэрч болохгүй юм.

Кирил үсэг нь Монгол улсын албан ёсны бичиг боловч ерөнхийдөө интернэтийн орчинд кирил ба латин үсгийн хоёулангаар нь адил хэмжээнд бичиж байна. Латин үсгийг ашиглан бичиж байгаа нь тогтсон галиг байхгүйгээс, тийм галиг байлаа ч тэр болгон хүмүүс мэдэхгүйгээс шалтгаалж байна гэж ойлгож болно. Дагаж мөрдөхгүй байгаа болохоос уг нь Мэдээллийн технологийн техникийн хороо хэмээх байгууллагаас 2002 оны 11 сарын 22-ны өдөр “Монгол бичгийн кирил үсгийг романчилах загвар” гаргасан байдаг юм байна. Академич Д.Төмөртогоо ахлагчтай баг мөн “Монгол-латин үсгийн зөв бичгийн дүрэм боловсруулах” төслийг гүйцэтгэжээ.

Мөн үүнийг цэгцлэх журамлах зорилгоор зарим хувь хүмүүс латин галигийн өөр өөрийн хувилбарыг хийж сайхан санаачлагуудыг гаргажээ. Тухайлбал, нийтлэлч Баабар, иргэн А.Баярхүү нарыг дурдаж болно. Гэвч эдгээр галигуудын аль аль нь нийтэд хэвшээгүй, албан ёсны болоогүй учраас дур дураар бичсээр л байгаа билээ. Энэхүү дур дураар бичсэнийг нь бусад хүмүүс ч төвөггүй ойлгодог учраас ямар нэгэн төвөгшөөх асуудал гардаггүй нь энэхүү эмх цэгцгүй байдлыг улам дэврээсээр байгаа юм.

Ийнхүү латинаар галиглах ямар ч стандарт байхгүй байгаагаас зарим нь бүр нэг үсгийг хоёр гурван янзаар тэмдэглэх, үгийг бол бүүр олон янзаар бичиж байгаа нь яавч зөвтгөх зүйл биш билээ. Жишээ нь, Мөнхөө гэсэн хүний нэрийг зургаан янзаар (Monhoo, Munhuu, Munkhuu, Monkhoo, Monxoo, Munxuu), Чингис хааныхаа нэрийг доод тал нь дөрвөн янзаар (Chinggis, Chingges, Genghis, Qingis) бичиж байгааг иргэн А.Баярхүү анзааран бичжээ. Энэ нь гадны улс орон, хүмүүстэй харьцахад төвөг удахаас гадна бүх зүйлд компьютер ашиглаж байгаа үед цаашдаа эхийг компьютерт таниулах гэх мэтэд хүндрэл учруулах юм.

Хэлний бодлого, хэл ярианы соёлын гол амин сүнс болсон зүйл бол монгол хэлний хэм хэмжээ байдаг. Энэхүү хэлний хэм хэмжээг ямар нэгэн байдлаар зөрчвөл хэлний гажуудал үүсдэг. Ойлгомжгүй, цэгцгүй, буруу утга санаа төрүүлэх, улмаар хэлний бодлогын хэмжээний өргөн хүрээний асуудлыг үүсгэдэг билээ. Аливаа хүн өөрийн ертөнцдөө яаж бичих нь дурын асуудал мэт боловч олон нийтэд хандаж байгаа үедээ нийтэд зөвшөөрөгдсөн тэр хэлбэрээр л бичих ёстой.

 

Дүгнэлт

Интернэт гэдэг зүйл үнэхээр хүчтэй мэдээллийн хэрэгсэл юм. Энэ хүчтэй мэдээллийн хэрэгсэл нь сайн дэвшилтэт зүйл дагуулахын хамтаар хор уршиг тарихдаа ч хүчтэй ажээ. Интернэт цаашдаа бүүр хүчээ авах хандлагатай байна. Үүнийг дагаад интернэт дэх мэдээллийн хэрэгслүүд олон нийтийн бичиг үсгийн боловсрол, хэлний хэм хэмжээ зөрчигдөхөд, монгол хэлний аюулгүй байдалд бүр илүү хүчтэй нөлөөлөх нь дамжиггүй.

Ярихдаа ярианы хэлээрээ ярьж, бичихдээ бичгийн хэлээрээ бичих нь хамгийн зөв билээ. Үүний тулд ярианы хэл, бичгийн хэл, зөв дуудах зөв бичих хэм хэмжээ гэдэг зүйлс байдаг билээ.

Үүнийг хэрхэн зөв шийдэх вэ?

1.     Одоогийн дэлхий ертөнцийн дэг жаягаар бүх зүйл даяаршиж байгаа боловч бидний эх хэл маань л дангааршиж үлдэх ёстой.

2.     Интернэт нь эх хэлээ эвдэх биш цэвэр ариунаар нь байлгах орчин байх нь зүйтэй.

3.     Интернэтийг бүх нийтийн эх хэлний боловсролд муугаар биш харин сайнаар нөлөөлөхөд нь ашиглах ёстой. Энэ бол интернэт монгол хэлэнд сайнаар нөлөөлөх давуу тал болно.

4.     Монгол хэл маань зөв бичгийн дүрмийн хүрээнд сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж ч чадах, хурдан бичиж ч болох, ярианы найруулгаар бичсэн ч болох, хэлээ эвдэхгүйгээр бусдад өвөрмөц харагдаж ч болох хангалттай боломжтой баялаг хэл билээ.

5.     Ярихдаа ярианы хэлээрээ ярьж, бичихдээ бичгийн хэлээрээ бичих нь хамгийн зөв юм. Үүний тулд л ярианы хэл, бичгийн хэл, зөв дуудах, зөв бичих хэм хэмжээ гэдэг зүйлс байдаг билээ.

Дээрх өгүүлсэн зүйлээс эцэст нь дүгнэхэд интернэтийн орчинд монгол хэл маань мөхөөд байна уу, хөгжөөд байна уу? гэдэг асуудал урган гарч байна. Мэдээж бүх зүйл хоёр талтай байдаг. Нэг талаар монгол хэлийг улам баялаг агуулгатай болгох, найруулгын олон өнгө төрхтэй болгох талаасаа хөгжүүлж байгаа боловч нөгөө талаар монгол хэлийг эвдэх, бүх нийтэд буруу үлгэр дууриал болохын хувьд мөхөөх тал нь давамгайлах хандлагатай гэж дүгнэж болохоор байна. Учир нь интернэт олон нийтэд нөлөөлөх маш хүчтэй хэрэгсэл юм. Цаашдаа улам илүү хүчтэй болох нь гарцаагүй болжээ.

 

АШИГЛАСАН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН

1.     Баттулга.Ч, Монгол хэл, монгол ёс, УБ 1998

2.     Баярхүү.А, Латинаар галиглахад стандарт хэрэгтэй юу?, www.bayarhuu.com

3.     Дамдинсүрэн.Ц, Осор.Б, Монгол үсгийн дүрмийн толь, УБ 1983

4.     Монгол улсын үндсэн хууль, УБ 1992

5.     Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь, УБ 2008

6.     Орчин цагийн монгол хэл, МУБИС-аас хэвлүүлсэн сурах бичиг, УБ 2008

7.     Пүрэвжав.Э, Монгол хэлний хэм хэмжээ, УБ 1996

8.     Самбуудорж.О, Тод монгол үсгийн бичгийн хэлний тойм, Осака 2005

9.     Сүхбаатар.Ц, Монгол хэлний найруулга зүй, УБ 2009

10.                        “Хэл соёлын тулгамдсан асуудал“, Хэл зохиолын хүрээлэнгээс хэвлүүлсэн цуврал, № 3, УБ 2010

11.                        www.niitlelch.mn

12.                        http://mergenii.blog.banjig.net/post.php?post_id=145409

13.                        www.internetworldstats.com

14.                        David Crystal, Language and the internet, Cambridge 2001

 

ABSTRACT

The author has taken into consideration on today’s situation of Mongolian language in internet environment. He assumed that all information sites and blogs for the public are not under any supervision. This situation has influenced language purity because of not following orthography, language principles and economy.

 

P.S: Энэхүү өгүүлэл ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн “Хэл зохиол судлал” (III/35/ 2010, 82-88р тал) сэтгүүлд нийтлэгдсэн.

Бичсэн: Боролзой | цаг: 11:41 | Эрдэм шинжилгээний өгүүлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6)
Сэтгэгдэл:


niceа
Аймар гоё - гэсэн хэллэг монгол хэлэнд байх ёсгүй юм учир нь аймар гэж зөвхөн аймшигтай, аюултай гэх мэт утгыг илэрхийлэхээс биш гоё зүйлийг илтгэх утга огт байхгүй. Гоё -аймар гэдэг хоёр үг утгын хувьд эсрэг утгатай.
Бичсэн: Зочин цаг: 09:34, Friday 15 December 2017 | Холбоос | |


Энэ бол монгол хүн бүрийн эргэж харах эмзэглүүштэй асуудал гэж бодож байна. Бидний цөөхөн ард түмэн даяаршилд уусчихгүй үлдэхийн тулд эх хэлээ цэвэр ариун байлгах ёстой. Хэл хөгжих биш мөхөхөд дөхөж байгаа биш үү? Чаатлах, поостлох гэх мэтээр хойч үе минь ярих болж. Үйл үг харийн болно гэдэг хэлний дархлаанд хамгийн аюултай. Ядаж ЕБС-ийн сурагчид эх хэлээрээ цахим орчинд зөв бичихийг эрхэмлэх ёстой. Эх хэлний хичээлийн хэрэглээний асуудал маш хүнд байна.Хүүхдүүд маань эх зохион бичихдээ латин үсгээ хольж, мессежний хэллэгээр бичих боллоо. Бсым...гэх мэт энэ монголхэл мөн үү?
Бичсэн: Зочин цаг: 11:44, Tuesday 12 December 2017 | Холбоос | |


comment
chinii helj baigaagaar internet d mongol hel tsever ariun baidlaa aldaj baigaa bololtoi.
Gehdee minii bodloor hel gedeg bol bainga uurchlun huvisaj baidag zuil.Odoogiin uyiin heseg buleg zaluuchuud zuv bichij chadahgui baigaa ni 10 n jiliin surgaltiin chanar muutai bas mongol heliig kiril ruu shiljuulsen durem ni heterhii oilgohod tuvugtei zergees hamaarch baigaa gej boddog.

Minii bodloor internet mongol heliig "alj" baigaa bish.Internet-d mongol hel shineer hugjij baigaa.Busad orond ch gesen internet d uussen ug, hel yarianii ontslog gej baidag.Tegeed ch internet gedeg bol mash tom chuluut oron zai bizdee.Uund hinalt tavina gedeg bol ogtoos utgagui zuil gedegt itgeltei baina.

Minii bodloor 10-n jiliin surgaltiig saijruulah yostoi ni hend ch oilgomjtoi zuil.Tuunees gadna, mongold biznesiin mongol heliig tulhuu anhaarah yostoi gej boddog.Humuus ajil deer garaad hoorondoo mail eer haritsahdaa togtson zuv bichgiin durmeer hariltsaj baih heregtei gej boddog.Jishee ni Yapond bol biznesiin yapon hel mash undur hinalttai baidag.Mail utasaar yarih, uulzaj yarihad hurtel hereglej boloh hereglej bolohgui ugs geh met.Ene ni ajiliin shaardlagaar hun surdag bolhoor ajilchid ni hariutslagataigaar suraad yavaad baidag.

Tiim bolhoor internet gedeg virtual yertuntsud shineer neegdej bui mongol heliig shuumjleh ni minii bodloor utgagui zuil.
Бичсэн: munguu (зочин) цаг: 11:01, Thursday 8 May 2014 | Холбоос | |


Кирилл байхад Латин дүрэм энэ ээ тэр ээ гэж илүү ажил хийх хэрэг юу байгаа юм бэ? Хаана ч кириллээр бичиж болж л байна шүү дээ. Үгүй юм аа гэхэд дээр үед орос үсэгтэй бичгийн машин хэрэглэдэг байсан шигээ Ө-г о-гоор Ү-г у-гаар ч бичсэн болно.

Латин дүрэм гаргана гэж ярих нь зүгээр л завхруулж, Монгол кириллийг цахим орчинд дэмжигдэхэд улам чөдөр тушаа болж байгаа хорлонтой асуудал.
Бичсэн: Лхагвасүрэн (зочин) цаг: 15:41, Saturday 1 January 2011 | Холбоос | |


Тийм ээ
Латин үсгийн дүрмэрхүү байгаа юм шиг, даан ч тэрийгээ албан ёсны болгож мөрдөхгүй байгаа юм уу даа.
Бичсэн: Боролзой цаг: 14:40, Wednesday 29 December 2010 | Холбоос | |


huurhun iltgel bna er ni latin usgiin durem gargah heregtei baih tiim uu
Бичсэн: dadido цаг: 21:52, Tuesday 28 December 2010 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant