2010-09-07
Эзэн Чингисийн анхны хөшөө

          Нэгэн цагт ховор байсан юм бас нөгөө цагт элбэг дэлбэг болох үе байх ажээ. Эдүгээ монголчууд бид тэр аяараа Чингисээр “өвчилжээ” гэж хэлж болмоор ч юм шиг. Их хааныхаа нэрээр нэрлэсэн шар айраг, архи, гудамж, дээд сургууль, онгоцны буудал, зочид буудал, банк, академи, хоолны газар төдийгүй Чингисийн хэрэм, Чингисийн хүрээ, Чингисийн  өвөлжөө компани, бүүр “Чингисийн хэтэвч” хадгаламж зээлийн хоршоо хүртэл байв шүү. Түүний нэрэмжит газрууд бол бүүр зөндөө. Яахав хүмүүсийн үндэсний үзэл сэргэсний илрэл юм биз, нөгөө талаас монголчууд бидний дэлхийд танигдах хамгийн том брэнд Чингисийн минь нэр юм даа.

          Харин түүний нэрийг ч хэлэх хориотой байсан цаг үед монголчууд хөшөөг нь босгосон түүх бий. Түүний нэрийг ховор хэлж байсан тэрхүү социализмын үед боссон хөшөөний түүх ийм буюу. Энэ бол Хэнтий аймгийн Дадал сумын нутагт орших Чингисийн төрсөн газар болох Дэлүүн болдогт босгосон түүний хөшөө билээ. Ер нь их хааны минь нэртэй холбоотой түүхэн дурсгалаас хамгийн эртнийх нь олон түмэнд “Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан гэрэлт хөшөө билээ. 1225 онд босгосон энэхүү гэрэлт хөшөө одоо ОХУ-ын Санкт-Петербургт хадгалагддаг. Гэхдээ энэ хөшөөнд Чингисийн нэр л дурдагдсан байхаас түүний тухай биш харин Хасарын хүү Есүнхэйн гайхалтай хол харвасныг магтсан хөшөө билээ.

          Ид социализмыг цогцлоон бүтээхээр тэмүүлж байсан 1962 он. Энэ онд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ой тохиож байлаа. Чингисийн тухай сайнаар дурсахыг хориглож байсан тэр үед түүний ойг тэмдэглэн өнгөрүүлсэн гэдэг юм. Баабарын “Монголын түүх” номд өгүүлснээр “Хятадад нэлээд хугацаагаар эмчлүүлж байгаад дуудагдан ирж гэнэт Улс төрийн товчооны (УТТ) гишүүн болсон Төмөр-Очир хятадууд Чингисийн ойг тэмдэглэх гэж байгаа тухай мэдэж иржээ. Чингисийн эх оронд энэ тэмдэглэлт ойг огоорон үл анзаарваас үзэл суртлаа байг гэхэд үгүйдээ л доромжлолтой хэрэг аж. 1962 оны 2 дугаар сард болсон УТТ-ний хурал дээр Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэх асуудлыг Төмөр-Очир оруулжээ. Ингээд Чингисийн түүхэнд гүйцэтгэсэн эерэг ба сөрөг талд марксист үнэлгээ өгөх, эрдэм шинжилгээний хурал хийх, хөшөө босгох, шуудангийн марк гаргах, баримтат кино хийхээр тогтжээ. Ойн даруухан хурал Улсын нийтийн номын санд болж зааланд хүн пиг байснаас коридороор дүүрч, сонирхогчид байшингийн гадаа овооролдон хурлын ажиллагааг микрофоноор сонссон” гэдэг.

          Энэ үед Москвад явж байсан Ю.Цэдэнбал ой тэмдэглэсэн асуудлаас болж ЗХУ-ын удирдагч Н.Хрущевт загнуулсан хэмээгддэг. Үүнээс болж ийнхүү Төмөр-Очир хэрэг явдлын гол буруутан болж хэлмэгдэж, мөн Чингисийн марк болон бусад дурсгалын зүйлсийг яаралтай устгажээ. Босгосон хөшөөг нураах үүргийг Ю.Цэдэнбал хэд хэдэн удаа өгсөн гэдэг бөгөөд тухай бүрд нь мартагнуулсаар хөшөө нуралгүй өнөөдрийг хүрсэн түүхтэй.


Л.Махвал “Чингисийн хөшөө” (1962)

          Энэ бол монголчуудын их хаандаа зориулан босгосон анхны хөшөө юм. Чингис хааны хөшөөний дизайныг Ю.Цэдэнбал даргын нутгийн, эхийн талын хамаатан уран зураач, барималч Лувсанцэрэнгийн Махвал хийсэн гэдэг. Хэнтий аймгийн Дадал сумын Ононы Дэлүүн болдогийн орчим Гурван нуурын амралтын төвд 1962 оны тавдугаар сард босгосон энэ хөшөө хоёр метр гүн суурьтай, 12 метр өндөр ажээ. Цавчим хад мэт хананд Чингис хааныхаа дүрийг зурж “Алтан бие минь алжааваас алжаатугай, аху төр минь бүү алжаатугай” хэмээх алдарт гэрээсийг нь монгол бичгээр бичжээ. Мөн түүний мандуулсан төрийн их цагаан тугийг дүрсэлсэн байна. Энэ хөшөө бүтээсэн эзнээ ч мөн хэлмэгдүүлсэн билээ.

          Л.Махвал Чингис хааныхаа хөшөөний ажлаа арай дуусаагүй байтал улсаас харж үзэхээ байж, харин нутгийн ард түмний халуун дэмжлэгтэйгээр энэхүү уран бүтээлээ дуусгасан ажээ. Л.Махвалыг Улаанбаатарт ирэхэд ажлаас нь халж манаачийн ажил гуйхад ч өгсөнгүй. Махвалаас хүн бүхэн нүүр буруулж, сэтгэл санааны хүнд дарамтанд орж хөдөө гарч ор сураггүй тэнүүчилж явахдаа уран гарын хүчээр хүний гуйсныг хийж, өөрөө зан сайтай хүмүүстэй нийцтэй болохоор хөдөөгийн сайхан сэтгэлтэй ард түмэн тусалж байжээ. Ингээд Л.Махвал Улаанбаатарт 1982 онд эргэж ирэхэд гон бие ганц эрийг нагац эгч Жинжийбадам, хамаатан Ч.Ичинхорлоо, найз Н.Цүлтэм нар баярлан угтжээ. Ингээд заяаны хань Д.Алтанцаг гэдэг алдарт хийлчинтэй учирч “Монгол кино үйлдвэр”-т ажилд орж тэтгэвэрт суутлаа зураачаар ажиллажээ. Тэрээр Ленинград хотын И.Е.Репиний нэрэмжит Уран зургийн академийг төгссөн юм. “Ардын элч”, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Ард Аюуш”, “Ацаг шүдний зөрөө” зэрэг киноны зураачаар ажилласан бөгөөд Улаанбаатар хотын Хүүхдийн паркт байдаг их зохиолч Д.Нацагдоржийн хөшөө ч түүний бүтээл ажээ.

          Л.Махвалын төрсөн эцэг нь Харлаг бэйс Аюурзана гэдэг хүн байжээ. Увсын Зоригт хан өөд болж дүү Харлаг бэйс Аюурзана угсаа залгамжилжээ. Тэгээд хошуу нутагтаа гоо үзэсгэлэнгээрээ алдаршсан эгч дүүс Жинжийбадам, Дэжид, Заяа гурвын Дэжидийг хатан болгон авч эгч Жинжийбадамыг аягачин болгожээ. Энэхүү Жинжийбадам бол олон түмний дунд ардын дуу болтлоо алдаршсан “Хөх торгон дээл” дууны эзэн билээ. Түүний хань ардын хувьсгалын анхдагчдын нэг Д.Догсом хайртай гэргийгээ дуунд мөнхрүүлсэн нь энэ билээ.

          Цаг төрийн байдал ороо бусгаа болоход Харлаг бэйс Аюурзана өөрийн хатан Дэжид, гурван настай хүү Махвал нартаа зовж Дотоод яамны төлөөлөгч Т.Лувсанцэрэнд даатгасан гэдэг. Мэдээж өөрөө ч тун удалгүй баривчлагдан хэлмэгдсэн байна. Ингээд бяцхан хүү Махвал, Дэжид хоёр Лувсанцэрэнгийн хайр халамжинд оржээ. Аажимдаа Т.Лувсанцэрэн Дэжидтэй амьдралаа холбож Махвалыг эцгийн хайраар дутаагаагүй байна.

          Угсаа сурвалжит сайн хүний үр ийнхүү өөрийн дээд угсаа болох эзэн Чингисийнхээ анхны хөшөөг босгож нэрээ мөнхлөхийн хувь заяаг олжээ. Уг нь тэрээр төрийн даалгавраар л энэхүү хөшөөг босгосон, бүтээсэн. Гэвч даалгавар өгсөн төр нь өөрөө хүүгээ “алгадсан” түүх энэ билээ. Чингисийн нэрийг ховор дууддаг байсан тэр цагт хөшөөг нь босгосон зураач маань бараг бүх л зүйлээ Чингистэй холбон ярьдаг болсон сайн цагтай золгоод 1997 онд далан насандаа өөд болжээ.

Бичсэн: Боролзой | цаг: 13:10 | Будаг амилж зураг ярина
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Өөрийн төрсөн дүү болох хүн дээрээ ирж хүүхдүүдийнх нь зургыг зурж өгч тоглож суудаг байсан нь ор тас нэгэн цагын хэмнэлнэлээс арчигдсан мэт харагдлаа.
Бичсэн: Зочин цаг: 16:07, 2024-02-01 | Холбоос | |


Хөөрхий минь өвөө маань шүү дээ хөөрхий, харин өнгөрсөн жил би өвөөгийнхө амьд явахдаа бүтээсэн бүхэл бүтэн цогцолборыг яаманд нь өгсөндөө.
Бичсэн: Зочин цаг: 20:20, 2014-04-02 | Холбоос | |


bayarlallaa.saihan dursamj bichsend.
ter zagt nileedgui hun ene mehanizmiin zolios bolson gedeg dee huurhii
Бичсэн: Зочин цаг: 13:03, 2010-09-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax