Tuesday 8 June 2010
Ээж ээ, сайн байна уу?

 

“Ээж ээ, сайн байна уу?” хэмээх зураг үнэхээр сэтгэлд хоногшсон “классик” бүтээл билээ. Энэ зургийг багадаа хараагүй хүүхэд бидний үеийнхнээс ховор байх аа. Олон ч айл, олон ч сургууль цэцэрлэгийн хананд энэ зураг байдаг байлаа. Монгол улсын ардын зураач, төрийн соёрхолт Дагдангийн Амгалан хорин гурван насандаа залуу насны хүсэл тэмүүлэл болсон Москвагийн Суриковын нэрэмжит Уран зургийн дээд сургуульд элсэн суралцаж байхдаа хоёр настай балчир охиноо  хараад сэтгэл уяран алдарт “Ээж ээ, сайн байна уу?” зургаа бүтээсэн гэдэг. Энэ бүтээлийнхээ талаар Д.Амгалан гуай ингэж ярьжээ.

-Би тавиад оны сүүл жараад оны эхээр Суриковын нэрэмжит уран зургийн дээд сургуульд сурч байлаа. Ядуу оюутанд мөнгө төгрөг гэж юу байх вэ дээ. Зун, өвлийн амралтаараа нутагтаа ирээд Урчуудын эвлэлийн хороотой гэрээ байгуулж, жаал зураг зурна. Түүнийхээ мөнгөөр ард үлдсэн эхнэр хүүхэддээ нэмэр болдогсон. Эхнэртэйгээ 1956 онд танилцаж, 1958 онд гэрлэсэн. Анхны хүүхэд маань 1959 онд төрж, аав болохын жаргалыг эдэлж явлаа.

Энэ зургийг оюутан байхдаа 1962 онд  зурсан  юм. “Баян талын өглөө”, “Бадралт соёлын минь өглөө”, “Атар талын өглөө”, “Аварга үйлдвэрийн өглөө”, “Улаанбаатарын өглөө”, “Уламжлалт ирээдүйн өглөө” зэрэг зургаан цуврал бүхий ”Өлгий нутгийн минь өглөө” гэдгийн нэг хэсэг л дээ. Энэ цуврал зургийнхаа төгсгөлийн хэсэг болох “Уламжлалт ирээдүйн өглөө” гэсэн сэдвээр “Ээж ээ, сайн байна уу” гэж зурсан юм.

Би өвлийн амралтаар ирээд байсан үе. Эхнэр бид хоёр хүүхдүүдийн хамт айлын нэг өрөөнд амьдарч байлаа. Нэг өглөө дунд охин Жавхлан маань нойрмог нүдэлчихсэн “Ээж ээ” гэсээр галын өрөөнд орж ирсэн. Тэр үед охин маань дөнгөж хоёр ойтой байсан үе. Ээжийгээ алга болохоор уйлагнан үгүйлж, олж хараад баярлан хөөрөх охины минь тэр хонгорхон зан энэ зургийн санааг анх надад төрүүлсэн юм. Зургаа хоёр өнгөөр зураад шөнөжингөө галын өрөөндөө сууж нухаж хийсэн. Хулдаасан барын аргаар бүтээсэн юм шүү дээ. “Өлгий нутгийн минь өглөө” цувралын бүх зурагт нар бий. “Ээж ээ, сайн байна уу?” зурагт ч бас нар бий. Ертөнцийн наран мандаж байна, ээж минь ч бас наран юм гэсэн санааг тусгая гэж бодсон.

Якутын урлаг судлаач Потапов гэдэг хүн жараад оны дундуур манай оронд ирсэн. Бид хоёр хуучны танилууд болохоор би гэртээ урьсан. Өнөөх цуврал зургаа үзүүллээ. Тэгсэн өнөөх маань дуу алдан “классик” гэж байна. Би зовоод “Сери зургийн нэг шүү дээ” л гэж хэлсэн. Яахав, муугүй бүтээл болсон байх аа. Олон удаагийн үзэсгэлэнд тавигдаж байсан. “Иностранная литература”, “Огонек” зэрэг гадаадын хэвлэл сонинд олон гарсан даа.

Нарны алтан цацраг тосон гэрэл гэгээ өөд тэмүүлж яваа балчирхан хүүхэд, өөдөөс нь хувинтай ус барин үрийнхээ өмнөөс нар шиг мишээн дөхөн ирж яваа ээж нь. Эдгээрийг зураач маань хар цагаан хоёрхон өнгөөр дүрсэлжээ. Амь амьдралыг тэтгэх нарны илч гэрэл юутай хүчтэй билээ. Нарнаас цацрах энэ их гэрэл гэгээ эх хүний сэтгэлийн ариун хайрыг илтгэнэ. Хорвоогийн хамгийн аз жаргалтай мөч энэ буюу.

Д.Амгалан бол “Капитализмыг алгасч”, “Ээжээ, сайн байна уу?”, “Миний эх орны өглөө”, “Алтан овоо” зэрэг зуу зуун бүтээлээрээ ард түмнийхээ  хайр хүндэтгэлийг хүлээсэн нэрт зураач билээ. Ардын зураач Дагдангийн Амгалан Сүхбаатар аймгийн Халзан суманд 1933 онд мэндэлж, нялх бага насандаа эцгээс өнчирч, элбэрэлт эхийнхээ ачаар хүний зэрэгт хүрчээ. Багаасаа зураг зурах дуртай бяцхан хүү хүүхдийн зургийн уралдаанд түрүүлэн Дүрслэх урлагийн дунд сургуульд арван дөрвөн насандаа оюутан болж  алдарт зураач болох замаа эхэлжээ. Тэрбээр монгол өнгө, монгол зургийн арга барилыг өрнийн шийдэлтэй хослуулан монгол зургийн түүхэнд нэгэн шинэ үеийг нээлцжээ. Д.Амгалангийн зургийг харахад нийгмийн шилжилт өөрчлөлт, хүмүүсийн амьдрал, байгалийн гоо сайхныг зураач хүний гярхай нүдээр ажин харж, өөрөөр нээж дүрсэлсэн байдаг байна. Түүнийг хуримын ордны чимэглэлийг хийж байх үед гавьяатад тодорхойлжээ. Тодорхойлолтыг харсан Бал дарга “Энэ Амгалан чинь одоо болтол гавьяат аваагүй юм уу. Шууд ардынх болгочих” гэснээр гавьяатыг алгасч ардын зураач болсон ажээ.

Эх орны дайн төгсч Германы алдарт Бухенвальдын шоронг музей болгон засахдаа ганцаарчилсан өрөөнд хоригдож байсан хүмүүсийн хаягийг нэг бүрчлэн тодорхой бичсэн байдаг гэнэ. Ингээд Зөвлөлтийн хоригдлын ганцаарчилсан өрөөнд цэцгийн баглааны дэргэд Д.Амгалангийн бүтээл “Ээж ээ, сайн байна уу?” гэдэг зураг байсныг үзсэн манай төр засгийнхан ихэд бахархаж байсан гэдэг шүү. Энэхүү бүтээл монголын төдийгүй харийн хүний сэтгэл зүрхэнд хүрч буйн гэрч энэ билээ.

Бичсэн: Боролзой | цаг: 10:39 | Будаг амилж зураг ярина
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Энэ миний хайртай зургуудын нэг. Сайхан мэдээлэл байна. Баярлалаа
Бичсэн: Mama цаг: 21:49, Tuesday 8 June 2010 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant