Sunday 16 May 2010
Эрч хүч, хөдөлгөөн, тэмцэл...

 

Бид морьтон монголчуудын үр сад билээ. Магадгүй адуу малыг гаршуулан тэжээж дотно нөхрөө болгосон ууган ард түмэн гэвэл бидний өвөг дээдэс байх.  Морь мал тэжээдэггүй хотын бидэнд ч хурдан морины уралдаан, хөдөө айлын гадаах адуу малыг харахаар өөрийн эрхгүй л нэг зүйл огшоод ирдэг. Морь малтай ийн ойр байдаг сэтгэлгээ бидний цусанд шингэсэн гэлтэй. Иймдээ ч нүүдэлчин монголчуудын ахуй байдал, амьдралын хэв маягийг дүрсэлсэн бүтээл бидэнд ойрхон байдаг.

          Өмнөх нийгмийн үеийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бол “Азарганы ноцолдоон” юм. Үүнийг Монголын реалист зургийн томоохон төлөөлөгч Очирын Цэвэгжав бүтээсэн билээ. Зураг, уран бүтээл сонирхдог хэн хүн “Азарганы ноцолдоон”-ыг мэддэг, мөн амархан ойлгодог. Энэ зурагт ноцолдож буй азаргыг адуун сүрэг, адуучин эр, өвс ургамал, хөх тэнгэр, гэрэл сүүдэр зэрэг байгаль дээр байдаг бүх зүйлтэй нь тодорхой дүрслэн харуулжээ. Энэ зургийг тэрээр 15 жил бодож туурвисан гэдэг. Зургийг харахад эрч хүч, хөдөлгөөн мэдрэгдэж хүний сэтгэлийг огшоосон сүрлэг зураг. Нөгөө талаас зөрчил тэмцэл хэмээх байгалийн болоод хүний ертөнцийн мөнхийн хуулийг сануулах мэт.

Намрын нарлаг сайхан нэгэн орой уулын завсар дахь уужим хөндийд хар хүрэн, зээрд зүсмийн хоёр азарга хүч мэдэн ноцолдоно. Цаад уулын толгой оройн шаргал нараар ухаа ягаан өнгөтэй харагдана. Наад уулын сүүдэр хүүшлэн буужээ. Сүүдрийн сэжүүр ноцолдож байгаа хоёр азарганы хондлой, тэр хавийн газарт туссан байна. Шингэх нарны гэрэл хоёр азарганы цээжин тус газар тусжээ. Нарны гэрэл туссан газрын өвс ногоо алтны өнгөөр шаргалтан, сүүдэр буусан газрын өвс ногоорон харагдана.

О.Цэвэгжав “Азарганы ноцолдоон” (1951)



          Зурагт азарганы ноцолдож буй эгзэгтэй үе, цаанаас ирж байгаа цэнхэр  дээлтэй, хусан уурга барьж бор морь унасан хүний дүр, хөхөрч ягааран байгаа уулс, хөвөлзөн нүүх үүлс, газар дэлхийн ганган чимэг өвс ногоо, намрын шаргал нарны гэрэл гэгээ амьд  бодис тэргүүтнийг яруу сайхнаар зохицуулж утга төгөлдөр уран сайхан дүрсэлжээ. Энэ бүхэн нь хоёр азарганы оргилуун тэмүүллийг товойлгон гаргах суурь болсон гэнэ. Хэдийгээр эл бүхэн нэгэн утга санаанд нэгдсэн боловч харагч гүү зугтан холдож байгаа, унага эхийгээ даган давхиж яваа зэрэг сонин содон дүрүүд тус бүрдээ онцлог шинжтэй.

О.Цэвэгжав “Азарганы ноцолдоон” гэдэг тосон будгийн зургаа 1951 онд зурсан бөгөөд одоо Уран зургийн галлерейд хадгалагдаж байна. Хар хүрэн азарга ид насны хүч тэнхээ эрмэг чадлыг үзүүлж байхад зээрд зүсмийн азрага зориг төгс залуугийн цог жавхааг илэрхийлсэн гэдэг. Зураач азарганы энэ эрмэг чадал сорьсон эгзэгтэй мөчийг дүрслэхдээ азарганы бие махбодийн онцлог, зан аашийн өвөрмөц байдал, түүнд хандах үзэл санаагаа тодорхой гаргажээ. Уул зураг уран зохиомж, дүрийн  тод сайхан хэллэгтэй болсон байна.

ХХ зууны манлай зураач, төрийн хошой шагналтан, ардын зураач Очирын Цэвэгжав нь Дорнод аймгийн Баяндун сумын уугуул бөгөөд 1915 онд төржээ. Бид түүний “Эхийн цагаан сэтгэл”, “Эмнэг сургагч”, “Ууланд” хэмээх бүтээлүүдийг нь сайн мэдэх билээ. Уран бүтээлээ өндөр хэмжээнд туурвиж байсан 1975 онд 60 насандаа О.Цэвэгжав өвчний учир бурхан болсон байна. О.Цэвэгжавын гэргий Д.Дамидмаа нь монголын цөөн эмэгтэй барималчийн нэг, түүхэн хүмүүсийн хөргийг бүтээж, монголоос анх удаа гадаадад үзэсгэлэн гаргаж байсан хүний нэг ажээ. Түүний долоон хүүхдээс тав нь зураач болсон байдаг бөгөөд охин Дашиймаа нь анхны мультфильм буюу монголын анхны хүүхэлдэйн киноны зураачаар ажиллаж байсан байна.

Алдарт зураач О.Цэвэгжавын энэ мөнхийн бүтээл цаг хугацааны эргүүлэгт мартагдаж алга болоогүйгээр барахгүй он жил өнгөрөх бүрий үнэ цэнэ нь нэмэгдсээр байх нь дамжиггүй.

Бичсэн: Боролзой | цаг: 17:02 | Будаг амилж зураг ярина
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant