2010-04-28
Хавирга газрыг халцартал бүжиглэнэ

 

Алдарт “Монголын нууц товчоо” зохиолд “Монголын жаргалан нь бүжиг, хурим бүлгээ. Хоталыг хаан өргөмжлөөд Хорхунагийн саглагар модны дор хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэж хуримлав” хэмээсэн нь бий. Монголчуудын төдийгүй хүн төрөлхтөний жаргалан нь бүжиг билээ. Эрт балар цагийн хүмүүс ч галаа тойрон бүжиглэнэ, бөө нар ч хэнгэргээ дэлдэн бүжиглэнэ, бурхны шашныхан цам харайна, жараад оныхон цэнгээнт бүжгээ хийнэ, наяад оныхон манга татна, энэ цагийн залуус харин дискодно. Ерөөс хүн баяр жаргалтай үедээ л бүжиглэх аж. Бүжиг хэмээх хөдөлгөөнийг илэрхийлсэн нэгэн зураг буй. Энэ бол Францын алдарт зураач Анри Матиссын “Бүжиг” хэмээх бүтээл юм.

Энэ зургийн сэдэв нь үргэлж нууцлаг байдаг бөө мөргөлийн бүжгээс үүдэлтэй гэдэг бөгөөд энэхүү бүтээлийн улаан, хөх, ногоон өнгө нь хүн, тэнгэр, газар гурвыг төлөөлдөг ажээ. Баян чинээлэг Сергей Щукин хэмээх орос хүн тухайн үедээ томоо­хон урлагийн бүтээл цуглуу­лагч байсан бөгөөд Матисстай 1906 онд уулзаж том хэмжээний чимэг­лэлийн гур­ван зураг захиал­санд нэрт зураач түүнд Бүжиг болон Хөгжим нэртэй зураг зурж өгчээ. Харин гурав дахийг нь зурж дуусгаагүй гэдэг. Энэхүү бүтээлүүд эзэндээ 1917 оны Октябрийн хувьсгал хүртэл хадгалагджээ.

Бүжиглэж буй таван хүнийг маш хурц тод улаан өнгөөр дүрсэлсэн нь гайхалтай шийдэл болсон гэж судлаачид үздэг байна. Мөн нов ногоон байгаль, гүн цэнхэр тэнгэр. Үүн дээр эрч хүчтэй улаан өнгө бүхий бүжиглэж буй нүцгэн хүмүүсийн хэмнэл, үйл хөдлөлөөр эрх чөлөө, зугаа цэнгэлийн мэдрэмжийг төрүүдэг ажээ. Түний энэ зурагнаас хөдөлгөөн мэдрэгддэг бөгөөд хөх ногоон өнгийн бараан хослол зургийн гол дэвсгэр болжээ. Урлаг судлаач Ц.Уранчимэг энэ зургийн талаар “Хөх ногоон өнгөн дээр улаан хүрнээр зурсан хүмүүс мушгиралдан бүжиглэж байгаа нь бүжиг хэмээх үгийн утгыг хэлбэр дүрсээр гаргасан мэт санагдана. Энэ бол мөнхийн хөдөлгөөн, тасралтгүй үргэлжлэх бүжиг. Баруун хэсэгт орших жижиг дүрсүүд зүүн гар дахь том дүрстэй зургийн тэнцвэр болж өгч байгаа юм” гэжээ. Мөн зургийн өгүү­лэмж, дүрслэлийг Оросын нэрт хөгжмийн зохиолч Игорь Стравинскийн Гэгээн хаврын ёслол бүжгэн жүжгийн Залуу охидын бүжиг-ээс үүдэлтэй гэж үздэг хүмүүс олон байдаг юм байна. Энэхүү бүтээлийн хоёр хувилбар байдаг бөгөөд эхний арай бүдэг өнгөтэй хувилбарыг 1909 онд, бидний өгүүлж байгаа хувилбарыг 1910 онд бүтээжээ. Матиссын “Бүжиг” (Dance, 1910) бүтээл нь 260 х 391 см хэмжээтэй тосон будгийн ажил бөгөөд одоо ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитажид хадгалагддаг ажээ.

Өнгөний тэсрэлт дээр тулгуурласан фовизм хэмээх урсгал ХХ зууны урлагийн анхны хувьсгал байжээ. Энэ нь тодорхой нэг онол дээр үндэслэсэн дэг маяг бус, хэсэг зураачдын сонирхол эрмэлзлээ нэгтгэн буй болгосон урсгал байсан юм. Фовистуудын гол онцлог нь өнгө дүрсийн өөрчлөлт бөгөөд ямар нэгэн онол буюу тодорхой арга барилыг гаргаагүй ч гэсэн шар, улаан, хөх мэт хольцгүй цэвэр өнгө буюу тэдгээр өнгүүдийн цайвар бараан тонуудаар орон зайг илэрхийлэх цоо шинэ боломжийг гаргаж өгчээ.

Фовизм хэмээх урсгалын удирдагч, зураач Анри Матисс (Henri-Emile-Benoоt Matisse) 1869 оны 12 сарын 31-нд Францын хойд хэсгийн Ле Като-Кембрези хэмээх газар мэндэлжээ. Эцэг нь худалдаачин, эх нь шавар вааран дээр зураг зурдаг байв. Тэрээр байгальд маш дуртай, Өнгөний шидтэн гэгддэг байжээ. 21 насандаа өвчилж, орондоо хэвтэж байх үедээ уран зургийн тухай ном уншиж анхныхаа зургийг зурсан байна. Эхлээд хуульч болохоор зорьсон ч зураг сонирхдог болж зураач болохоор шийдэн Гюстава Мород шавь оржээ. Эхэн үеийн зургууд нь реалист зураг олон байсан боловч Винсент ван Гог, Поль Гоген нарын нөлөөг авснаар чөлөөт өнгө сонгон зурах болжээ. Андре Дерень, Морис де Вламинк нартай зэрэгцэн фовистууд гэгдэх болжээ. Гэхдээ фовист хөдөлгөөн нь 3 жилийн дотор сарниж үгүй болсон ба түүнээс хойш намуухан бүтээлүүд туурвиж эхэлжээ. Матиссын үзэсгэлэн Москва, Нью-Йорк, Парис, Кёльн, Лондон, Берлин, Копенгаген зэрэг хотуудад гарч байв. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Матисс хүнд өвчтэй байсан ч уран зургууд нь гэрэл гэгээтэй, ирээдүйдээ итгэлтэй, амьдралын баяр баясгалангаар дүүрэн байлаа. 1954 оны арван нэгдүгээр сарын 3-нд 84 насандаа алдарт А.Матисс нас баржээ.

“Тэнгэр, мод, цэцэгс, ер бүх юмсаас баяр баясгаланг олж харж чаддаг байх хэрэгтэй” гэж Матисс хэлсэн юм. Үнэхээр ч Матисс өөрийн уран бүтээлдээ гоо сайхан, баяр баясгалан, хөгжөөн цэнгээн, хөгжил хөдөлгөөнийг илэрхийлжээ. Ердөө гуравхан өнгөөр дагнасан энэ бүтээл энгийнээс их утга илэрдгийн үлгэр болсоор, одоо ч бидэнд баяр баясгаланг бэлэглэсээр байна.

 

Тайлбар: Анри Матисс “Бүжиг” (1910)

Бичсэн: Боролзой | цаг: 18:26 | Будаг амилж зураг ярина
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax