2010-04-28
Зарим зургийг сонсож ч болмуй

 

Бидэнд өдөр тутам янз бүрийн л зүйл тохиолддог. Хэн нэгэнд гомдсон үед цурхиран уйлмаар, баярлаж хөөрсөн үедээ инээмээр, эсвэл зүгээр л дуугаа хураамаар, заримдаа бүүр хашгирмаар ч үе байх. Хүний сэтгэлийн энэ олон өнгө аясыг утга зохиолд, хөгжмийн бүтээлүүдээр, уран зургаар илэрхийлж болдог гэдэг. Уран зурагт үзэмж төгс байгалийн дүрслэл, уран гоолиг хүний биеийг дүрслэхээс гадна сэтгэл хөдлөл, үйл явдал, бодол санааг дүрсэлж болно гэх. Харин хашгирч байгааг уран зурагт дүрслээд тэрийг хүний чихнээ сонсгож болно гэдэг сонин. Зурагнаас дуу чимээ “сонсогддог” ийм нэгэн уран бүтээл байх ажээ.

            Зураачийн тухайн агшинд өөрт төрсөн сэтгэгдэл, сэрэл мэдрэмжээ уран бүтээлдээ үлдээж болдог урлагийн нэгэн урсгал бол экспрессионист чиглэл юм. Экспрессионизм гэдэг нь “илэрхийлэл” (expression) гэсэн англи үгнээс гаралтай нэр томьёо ажээ. Урлаг судлаач Ц.Уранчимэг энэ тухайд “Урлагийн бүтээл болгон илэрхийллийн чиглэлтэй байдаг. Харин экспрессионист бүтээл нь ихэнх тохиолдолд сэтгэлийн бачимдал, нийгмийн дарамт зэргийг өнгө будаг, хэлбэр дүрсийн тусламжтайгаар үзэгчдэд мэдрүүлэхийг зорьсон бүтээлийг хэлнэ. Экспрессионизмын давалгаа импрессионизмийн дараах үе буюу XIX зууны сүүлийн хагаст эмгэнэлт амьдрал туулсан алдарт Винсент ван Гог, Анри Тулуз-Лотрек нарын уран бүтээлээр эхэлж XX зууны эхэн үед умард Европын зураачид, тухайлбал Норвегийн Эдвард Мунк, Германы “Гүүр” бүлгэмийн зураачдын уран бүтээлээр үргэлжилсэн” гэжээ.

Энэхүү экспрессионист урсгалын хамгийн алдартай бүтээл бол Норвегийн символисm зураач Эдвард Мунк (Edward Munch, 1863.12.12-1944.1.23)-ийн “Хашгираан” (The Scream) хэмээх бүтээл бөгөөд үүнийгээ зураач 1893 онд бүтээжээ. 91 х 73.5 см хэмжээтэй энэхүү тосон будгийн зураг нь одоо Норвегийн Осло хотын Үндэсний галлерейд хадгалагдаж байна. Энэ зургийн өөр нэгэн хувилбар болох цаасан дээр пастилаар зурсан бүтээл Норвегийн бизнесмэн Петтер Олсен гэдэг хүнд хадгалагддаг ажээ.

“Нэгэн орой би хотын хажуу талын далайн эргийн замаар бие өвчтэй, ядарсан алхаж явтал нар жаргаж байсан. Мөн үүл нэг тийм цусан улаан өнгөтэй харагдсан. Тэгээд би байгалиас маш их хашгирааныг мэдэрсэн. Тэр сонсогдож байсан хашгираан, айдсаа зурсан”. Ийнхүү Эдвард Мунк тухайн агшинд мэдэрсэн мэдрэмжээ зургаар илэрхийлсэн нь энэхүү бүтээл билээ.

Судлаач Ц.Уранчимэг энэ зургийн талаар ийнхүү өгүүлжээ. “Энэ зураг дээр нэгэн эмэгтэйг гүүрэн дээр зогсож буйгаар дүрсэлсэн байдаг. Эмэгтэйн нүүр царай, эргэн тойрон орчныг маш ерөнхий байдлаар дүрсэлсэн бөгөөд энэ хүн эмэгтэй хүн гэдгийг бид тааж мэдэх юм. Түүний нүүр царай зовнил шаналгаандаа цочирдон танигдахын аргагүй болж хашгирч буй мөчид нь бид харж байна. Ямар хүнд юу тохиолдсоныг бид мэдэхгүй боловч тэвчихийн аргагүй болсон үед эргэн тойрон ч иймэрхүү зовлонтой болдог бус уу. Зовлон шаналгаанаасаа болж хашгирч буй эмэгтэйн нүүр тэр чигээрээ өөрчлөгдөж зөвхөн бүлтийсэн хоёр нүд, хашгирч байгаа том ам, шаналан толгойгоо барьсан хоёр гараар нь түүний хашгирахыг бид “сонсоно. Ингэж дүрсэлж, түүнийг нь бид мэдрэнэ гэдэг зураачийн ололт амжилт, авьяас билиг юм. Гүүрний цаана байгаа тэнгэр, байгаль ертөнц бүхэн хашгирааныг илтгэх мэт хөдөлгөөнт зураасуудаар дүрслэгдсэн нь зургийн гол санааг тодотгох үүрэгтэй ажээ. Энэ зургийн зураас, цэг болгон нь бидэнд хашгирааныг дуулгах, аймшигт мөчийг мэдрүүлэх зорилготой ажээ”.

Бас цусан улаан өнгөтэй тэнгэрийн өнгөний шийдэл тэрхүү хашгирааныг улам хахир болгож байгаа санагдана. Ялангуяа эмэгтэй хүн хашгирч байгаа юм чинь бүүр ч нарийхан дуугаар хашгирч таарна. Хахир хашгирааны дууны долгион бүх зүйлийг дайвалзуулан, үелзүүлэн байгаа мэт үнэхээр эвгүй дуу чимээ ийм л байдаг болов уу гэмээр илэрхийлсэн нь чихэнд “сонсогдоно”. Хашгирааны жинхэнэ мөн чанарыг яг тэр агшинд нь “барьж аваад” уран зургийн хэлээр ийнхүү буулгасан нь дуу чимээг ч гэсэн харчихаж болох юм гэсэн санааг бидэнд ойлгуулдаг билээ.

 

Зургийн тайлбар: Эдвард Мунк “Хашгираан” (1893)

Бичсэн: Боролзой | цаг: 13:49 | Будаг амилж зураг ярина
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax