2010-03-11
Эхийн сэтгэл гэж ийм...

 

Монгол улс ардчилал, чөлөөт нийгмийг сонгосон ерэн оноос хойш утга зохиол, уран зургийн ертөнцөд урьд өмнө хаалттай байсан сэдэв, арга барил бүхий бүтээлүүд “чөлөөлөгдөж”, уран бүтээлчид ч модернист хэмээх урсгалаар шүлэг зохиол туурвицгааж, зураачид ч чөлөөтэй үзэсгэлэнгээ гаргацгааж эхэлсэн юм. Одоо бодоход, хуучин дэглэм маань “социалист реализм” хэмээх ганцхан аргаар бүтээл туурвихыг уриалдаг, үүнийг нь бүх хүмүүс нэгэн утгаар адил ойлгох ёстой хэмээн тулгадаг, бусдаас арай өөрөөр сэтгэгчдийг дарамталдаг “бурангуй нийгэм” байжээ. Өөрсдийгөө “хөрөнгөтний бус замаар” явж байгаа, нөгөөдүүлийг “хөрөнгөтний” хэмээх ангилалд оруулна. Буруутсан гэгдсэн хүмүүсээ ч “Хөрөнгөтний үзэл суртлыг хуулбарлагч, үндэсний үзэлтэн, төөрөгдөлд орсон сэхээтэн” гэх зэргээр нэр хоч өгөн гоочилдог байлаа.

Тэр үед манайд О.Цэвэгжав, Б.Чогсом, Г.Дунбүрээ, П.Балдандорж, Г.Соосай нарын зураачид чөлөөт сэтгэлгээний абстракт, мо­дерн урлагийн сод бүтээлүүд хийж байсан түүх бий, үүнээсээ ч болж буруутацгааж байжээ. 1968 оны долдугаар сард хэсэг залуу уран бүтээлч­дийн үзэсгэлэн гарчээ. Энэ үзэсгэлэн дээр Г.Соосайн Эх, О.Цэ­вэгжавын Эхийн цагаан сэтгэл, П.Балдандоржийн Хөвсгөл нуур, Г.Дунбүрээн Арван ямаа, Арван тэмээ, Арван адуу зэрэг зургууд тавигдсан байна.

Хожим энэ үзэсгэлэнгийн талаар зураач П.Балдандорж ингэж дурсчээ: “Тэр чинь 1968 онд болсон явдал. Монголын залуу уран бүтээлчдийн анхдугаар үзэс­гэлэн долдугаар сард гарсан юм. Тэр үзэсгэлэнд гадаадад сурдаг хэдэн залуу зураачид оролцож, зургууд нь шүүмж­лэлд өртөж буруутгагдаж байлаа. Би тэгэхэд Чехэд сурч байсан юм. Ин­гээд үзэсгэлэн ч нээгдлээ. Эхний гурван өдөр маш олон хүн үзсэн юм. Албан бай­гууллагынхан бөөн бөөнөөрөө үзээд л. Тэр үед манай үзэс­гэлэнгийн зохион байгуулагч, урлаг судлаач Цэнджав гэж эмэгтэй арай шинэлэг сэтгэл­гээ­гээр зурсан бидний хэдэн хүний бүтээлийг магтаад нэг нийтлэл биччихсэн юм. Тэр нийтлэлд манай залуучууд дэлхий дахинд хийж байгаа чөлөөт сэтгэлгээний бүтээл хийж байна. Балдандоржийн Хөдөлгөөн, Хөвсгөл нуур зэрэг бү­тээ­лүүд их шинэлэг, бусдаас эрс өөр болжээ гэж бичсэн байсан. Гэтэл үүнээс арваад хоногийн дараа Намын төв хорооны Улс төрийн товчоо, Сайд нарын Зөвлөл хуралдаж тогтоол гаргаад үзэсгэлэнг хаачихсан. Тэр үзэсгэлэнгийн талаар Улс төрийн товчоо өглөөний найман цагаас шө­нийн 12 цаг хүртэл хуралдсан гээч. О.Цэвэгжав миний багш л даа. Багш маань тэр үзэс­гэлэнд Эхийн сэтгэл гэдэг бүтээлээ тавьсан юм. Гэтэл тэр зургийг Эхийн сэтгэл гэж юу зураад байгаа юм. Сэтгэл гэдэг юу ч байхгүй хий хоосон юмыг зурна гэж юу байдаг юм бэ гэж Ю.Цэдэнбал дарга шүүмжилж байсан юм даг. Цэвэгжав багш дараа нь За, чи бид хоёр 1928, 29 онд байсан бол толгойгоо авахуу­лахаар юм хийжээ гэж билээ. Тэр үед Цэвэгжав багшийн ээж нь нас барчихаад, хөөр­хий, эхийнхээ ачийг бодоод тэр зургийг зурсан юм л даа. Гадаадад сурдаг оюут­нууд марксизм, ленинизмийг мэдэхгүй байна, эх орныхоо хөгжлөөс тасарч байна, гол нь хөрөнгөтний урлаг суртал­чил­лаа гэх мэтээр буруутгаж байсан юм.

Ер нь эх хүн гэлтгүй аливаа зүйлийг гадна талаас нь зурна гэвэл харьцангуй амархан юм даа, жаахан хүүгээ тэврээд суух ээж ч юм уу, нэг бол хүүгээ харуулдан суугаа хөгшин настай эмгэн гээд хэлбэрийн талаас нь яаж л бол яаж зурж болно. Харин нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй хүмүүний сэтгэл гээч юмыг зурж илэрхийлнэ гэдэг үнэхээр сонин. Тэр тусмаа бүр эх хүний сэтгэл шүү. Хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн нэгэн шүлэгт хүүхэд ээжийгээ “эрээн алчууртай нь, ногоон дээлтэй нь зурчихлаа би, будчихлаа би” гээд харин ээжийнхээ цайлган цагаан сэтгэлийг нь хэрхэн зурах вэ хэмээн асууж байдаг билээ.


Уран зураг гээч гайхамшигт урлагаар л харин үүнийг харуулж болох ажээ. “Эхийн цагаан сэтгэл” сэтгэл хэмээх энэхүү бүтээлд цагаан өнгөөр эх хүний энэрэнгүй сайхан сэтгэл, үр хүүхдээ нар шиг дулаан илчээрээ үргэлж ивээдэг, эхийн сэтгэл хэзээд шув шулуухан байх ёстойг төлөөлүүлсэн гэдэг бол эхийн сэтгэл цэлмэг хөх тэнгэрийн адил уужим тэнүүн, тэр сайхан сэтгэлийнхээ хүчээр амьдралыг үргэлж тэтгэн тэжээж байдгийг ногоон өнгөөр харуулахыг зорьсноо зураач хожим нь тайлбарласан байдаг ажээ. Яруу найрагч Б.Галсансүх сэтгэлийг “сэтгэл хэмээх эрхтэн” хэмээн мэдэрсэн нь ч бий.

ХХ зууны манлай зураач, төрийн хошой шагналтан, ардын зураач Очирын Цэвэгжав нь Дорнод аймгийн Баяндун сумын уугуул бөгөөд 1915 онд төржээ. Бид түүний “Азарганы ноцолдоон”, “Эмнэг сургагч”, “Ууланд” хэмээх бүтээлүүдийг нь сайн мэдэх билээ. Уран бүтээлээ өндөр хэмжээнд туурвиж байсан 1975 онд 60 насандаа О.Цэвэгжав өвчний учир бурхан болсон байна. О.Цэвэгжавын гэргий Д.Дамидмаа нь монголын цөөн эмэгтэй барималчийн нэг, түүхэн хүмүүсийн хөргийг бүтээж, монголоос анх удаа гадаадад үзэсгэлэн гаргаж байсан хүний нэг ажээ. Түүний долоон хүүхдээс тав нь зураач болсон байдаг бөгөөд охин Дашиймаа нь анхны мультфильм буюу монголын анхны хүүхэлдэйн киноны зураачаар ажиллаж байсан байна.

Алдарт зураач О.Цэвэгжавын энэ мөнхийн бүтээл цаг хугацааны эргүүлэгт мартагдаж алга болоогүйгээр барахгүй он жил өнгөрөх бүрий үнэ цэнэ нь нэмэгдсээр байх буй за. Монголын дүрслэх урлагийн түүхэнд эргэлт хийсэн хэмээн урлаг судлаачдын үнэлдэг эл бүтээл 75 х 56,5 см хэмжээтэй, тосон будгаар бүтээгдсэн бөгөөд эдүгээ Монголын уран зургийн галлерейд хадгалагдаж байна. Хэ­дийгээр социализмын үе, нийгэм хаалттай байсан ч гэсэн зарим нэг хүмүүсийн сэт­гэл­гээ нийгмээсээ түрүүлж явж байсны илрэл энэ буюу.

 

Бичсэн: Боролзой | цаг: 16:17 | Будаг амилж зураг ярина
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


мэддэггүйгээ мэдэж авлаа
Бичсэн: хундага цаг: 21:27, 2010-03-11 | Холбоос | |


neeree ehiin setgel gdg zurag ni uneheer gun gunzgii aguulgatai yum shyy,, thanks adminaa
Бичсэн: Bella (зочин) цаг: 17:39, 2010-03-11 | Холбоос | |


“Азарганы ноцолдоон”, “Эмнэг сургагч”
2-ыг нь ямарч байсан уран зургийн галлерейд харж байсан юм байна
гоё бичлэг байноо гоё шүү
Бичсэн: arch_tseegii цаг: 17:15, 2010-03-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax