2010-03-09
Багшийн гурван ном

 

Монголчууд эртнээс “багшид мөргөмү, номд мөргөмү, хуврагт мөргөмү” хэмээн хэлсээр, энэ сургаалыг дагасаар ирсэн билээ. Энэ сургаалын дагуу “багшийг шүтэх ёс” ч гэж бий. Үнэндээ энэ нь хэт шашинжсан байсан үеийн ойлголт, хэллэг юм уу даа хэмээн санагддаг юм. Багш гэдгийг төвдөөр лам гэдэг, багшийг шүтнэ гэдэг нь ламыг шүтнэ гэсэн утгатай. Цагаан сараар ч аав ээжээсээ өмнө лам багш дээрээ түрүүлж очиж золгодог ёс ч байдаг. Энэ ойлголт маань явсаар багшаасаа дээгүүр шавь гэж байхгүй, багшийг шүтэх ёстой энэ тэр гээд амьдралын үнэнээс баахан хэтийдчихсэн юм шиг. Багш гэдэг зүгээр л шүтэгдэх төдий хөндий холын хүн биш ээ.

Багш гэдэг үнэхээр ачтан мөн. Сурч мэдэхийн төлөө эрдэм мэдлэгээр жигүүрлэж яваа шавьд бол нээрээ л багш гэдэг зүг чигийг нь чиглүүлэгч алтан гадас од, нарийн нандинаа ярилцах ёстой дотны нөхөр нь юм. Хөөрхий Жанчив багш маань сар шинийн өмнөхөн тэнгэр болчихлоо. Ерээд оны дунд үеэр МУИС-ийн монгол хэлний ангид суралцаж асан оюутан бидний хувьд сайн багш минь, найз нөхөр минь хэл шинжлэлийн ухааны авьяаслаг эрдэмтэн, доктор Ё.Жанчив байлаа.

Биднийг оюутан байхад багш нар маань ярьдагсан, хичээл сурлагадаа маш сайн, нэгэн эрдэмтэй оюутан суралцаж төгсөх хугацаанаасаа өмнө сургуулиа дүүргэсэн гээд л. Үлгэр жишээ аваг л гэж ярьсан байх, манай ангийнхан дотор үнэхээр сайн оюутнууд олон байсан боловч тэгэж алгасаж төгсөх хүн гараагүй л юм. Энэ бол мэдээж маш хэцүү хэрэг байх. Ингэж багш нарын маань бахархан ярьж байсан, тэрхүү үзэгдэл болсон хүн бол Жанчив багш юм. Манай ангид түүхэн хэл зүй билүү бичиг үсгийн талаар хичээл орж байсан. Эрт цагт монголд нутаглаж асан Түрэг угсааныхны бичиг үсэг болох руни бичээсийг хэн хэрхэн анх нээж уншсан талаар маш сонирхолтой хичээл зааж байсан нь одоо сэтгэлд тод үлджээ.

Тэрээр бичиг үсгийн талаар сонирхон судалдаг, ялангуяа монгол бичээс, дөрвөлжин бичгийн дурсгалын талаар голлон анхааран судалсан эрдэмтэн юм. Энэ чиглэлээрээ ч номууд гаргасан. Дөрвөлжин бичгийн дурсгалын номоо нэрт эрдэмтэн Д.Төмөртогоо гуайн бас ийм номтой бараг зэрэг шахуу гаргаад “минийх дээр тэр дурсгал нь байгаа, Төмөртогоо гуайнх дээр тэр нь илүү” гээд хөгжилтэй ярьж байж билээ. Үүнийг бичигч миний бие төгсөх курстээ бичээс судлалын талаар дипломын ажил хамгаалах болоод албан ёсны шүүмжлэгчээрээ Жанчив багшийг авч байлаа, ингэж түүнээс анх урмын үг сонссон билээ. Тэр үеэс л багшаас ном авч үзэхээр, зөвлөлгөө авахаар Зуун айлд байх гэрт нь очиж байжээ.

Жанчив багш бол үнэхээр монгол судлалаар “өвчилсөн”, шинжлэх ухаанд “шунан дурласан” хүн байлаа. Харж байхад хүмүүс судалгааны ажлыг янз бүрийн зорилгоор хийж байгаа харагддаг. Үнэхээр судалгаанд сонирхолтой хүмүүс байна, зарим нь яг ажил болгож хийж байна, бүүр зарим нь зүгээр л эрдмийн зэрэг хамгаалж тэрүүгээрээ албан тушаал дэвших хэрэглүүр болгохоор ч зорьж яваа харагдах юм. Харин мань хүн яг энийг л хийх ёстой гэсэн маягаар судалгааны ажилд үнэн сэтгэлээсээ хандаж байсан нь анзаарагддаг байсаан. Ямар сайндаа л Д.Бадамдорж багш докторантуудын хичээл дээр “Судлаач хүн эрдэм шинжилгээний хурлуудад алгасахгүй суух хэрэгтэй, манай Жанчивыг хар, бүх хурал дээр л сууж байдаг хүн, физикийн чиглэлийн хурал дээр ч байж байдаг” хэмээн хэлж байж билээ. Эрдэмтэн хүн ганцхан чиглэлээсээ цааш гарахгүй явцуу бус үнэхээр л бүх талын өргөн мэдээлэлтэй, мэдлэгтэй байх нь чухал билээ. Үнэхээр их эрдэмтэн Б.Ринчений хэлдэг маягаар хэлвэл “монгол судлалд магталтгүй хайртай” хүн байлаа.


Өнгөрсөн намар Мэдээллийн технологийн үндэсний төв дээр гарсан “Номын яармаг” дээр Жанчив багштай тааралдахад нэгэн монгол бичгээрх толийг “Байгаа мөнгөөрөө авчихлаа” л гэчихсэн зогсож байсансан. Цуг тэндээс гарч юм ярьсаар хоолонд ороод яагаад ч юм энэхүү гэрэл зургийг авсан, яг л байгаа төрхөөрөө үлдэж дээ. Тэр үнэхээр сайхан сайхан номуудыг цуглуулсан баялаг номын сантай байх. Оны өмнөхөн гэрт нь очоод судалгааны ажил энэ тэрээ ярилцаад бас л гурван ном түр уншаад буцааж өгөхөөр аваад гарсан, буцааж өгч амжсангүй. “Тэмдэглэж авахгүй бол та нар буцааж өгөхгүй” гээд дэвтэр дээрээ бичиж аваад өгч билээ. Одоо энэ гурван номыг яахаа мэдэхгүй л сууна.

Болдогсон бол түүний тэр их уншиж мэдсэн зүйлийг флашаар хуулж аваад толгой руугаа хийчих юмсан. Тийм боломж байдаг бол мөн ч их зүйлийг хялбар аргаар мэдэж авах байх даа. Хүн мэдлэгийг цуглуулахад адаглаад л цаг хугацааны хүчин зүйл гэж нэг юм байна, цаг зарж мэдлэгийг хураана. Эргэлзсэн мэдэхгүй зүйлээ асуухад тэнд тийм юман дээр байж магадгүй, тэрийг үз гээд үнэн сэтгэлээсээ даруухнаар хэлж өгдөгсөн. Тэрээр бүх юмаа уншиж их мэдлэгийг өөртөө хураагаад одоо л жинхэнэ хийх нас, үе дээрээ харамсалтайгаар явчихлаа, үнэхээр харамсалтай.

Одоо ингээд бодоход бас л бидэнд байдаг шиг биеэ хайрладаггүй, бор дарс хэрэглэх ганцхан том дутагдалтай хүн байжээ. Хүн гэдэг угаасаа алдаанаас ангид биш юм даа. Тэнгэр болсон хүмүүсээ бид хойд төрөлдөө сайн төрлийг олоорой хэмээн ерөөдөг. Би харин одоо юу гэж ерөөхөө мэдэхгүй байна, угаасаа хойд нас, урд хойд насны амьдрал энэ тэрд итгэдэггүй “өөдгүй” бодолтой хүн байгаа юм аа, шавь нь. Харин тантай мэргэжил нэгт бидний үеийнхэн таныг үргэлж сайнаар дурсан ярьж явах болно гэдгээ л хэлж чадах байна даа.

Бичсэн: Боролзой | цаг: 11:56 | Бусад
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


um mani bad me hum. hoorhii bagsh mini saih hun baij bilee.
Бичсэн: Зочин цаг: 17:18, 2010-03-18 | Холбоос | |


гуниглах Сайхан дурсамж байна, гайхалтай хүн байж ээ. Тэнгэрийн орондоо амгалан нойрсог доо.
Бичсэн: Зочин цаг: 12:42, 2010-03-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax