2010-03-09
Төр ариун бол охид ариун!

 

Дэлхий даяараа л арабын орнуудыг эмэгтэйчүүдийн эрхийг хамгийн их боогдуулдаг хэмээн шүүмжилцгээдэг. Хар гивлүүрээр нүүрээ хаан ганцхан нүдээ гарган явцгаадаг, нөхрөөсөө өөр хүнд нүүр болон биеэ харуулдаггүй, ганц нөхрийн олон эхнэрийнх нь нэг болдог гээд л. Гэтэл үнэндээ тэр арабууд чинь эмэгтэй хүний эрхийг хамгийн ихээр дээдлээд байгаа ч юм шиг. Хар гивлүүрийн цаана байгаа үл харагдах царайнуудыг сайхан муухайгаар гоочилж байгаа ч юм алга, нэгнийгээ сайхан муухай, хөгшин залуу эхнэртэйгээр нь доромжлох бололцоо ч алга, олон эхнэр авдаг болохоор нөхөрт гараагүй хүүхнүүд манайхан шиг их ч биш байдаг биз ээ. Адилхан л хар гивлүүрийн цаана нуугдсан “тэгш эрхтэй” эмэгтэйчүүд! За бүүр айхтар хэтрүүлчихлээ, эмэгтэй хүнийг өмчилдөг, доорд үздэг энэ бурангуй ёс хэзээ нэгэн цагт нуран унах биз ээ.

Түүх сөхвөл монгол эмэгтэйчүүдийг угаасаа аж төрөл, ахуй амьдралын нарийн ширийн зүйлдээ ойр, энэ байдлаараа гэр орны дотно гадна ажлаа зохицуулах үүргээ дагаад эрх нь өндөр гэх. Энэхүү өвөрмөц онцлогийг оросын судлаач Майский “нээж”, манай түүхч Баабар “Монголын түүх” номондоо “нотолсон” нь бий. Одоо ч гэсэн иймэрхүү байдал монголын нүүдэлчин малчдын амьдрал дунд мэр сэр байдаг л байх. Гэхдээ яг өнөөдрийн монголчуудын бодит амьдралд эмэгтэйчүүдийн маань үнэлэмж урьдынх шиг тийм өндөрт байж чадаж байгаа болов уу?

“Охид ариун бол төр ариун” гэж үг байх. Яахаараа мөрөөрөө явж байгаа монголын хэдэн охидын ариун болон бузар байхаас монголын төрийн ариун байх эсэх нь шийдэгддэг билээ?! Төр гэж монгол улсыг хэлсэн байх, яахав эмэгтэй хүн хэвлийдээ хүмүүн гэгч эрдэнийг тээн төрүүлж улс үндэстний нөхөн үржихүйг үргэлжлүүлдэг гэдэг философи утгаар нь энэ үгэнд хамаатуулж болох юм. Харин “Төр ариун бол охид ариун” гэвэл одоо цагт ихэд таармаар санагдана. Гэхдээ төрийг бүхний буруутан болгохын үлгэрээр хандахыг хүсээгүйг болгооно уу.

Монголын нийгэмд газар авсан энэ их авилгал, хүчирхийлэл, эмх замбараагүй, бие биенээ үл хайрлах, үл хүндэтгэх, архидалт, янханчлалд ямар нэг шалтгаан байхгүй гэж үү, монгол хүн угийн ийм доорд заяатай гэж үү? Хамгийн том шалтгаан бол хүн амын ихэнх хэсэг үнэхээр ядуурч байгаад л байна. Жилээс жилд монголын иргэд баян ба ядуу гэсэн хоёр туйл руу л явсаар байна. Жил ирэх бүр л манай улсын орлого нэмэгдэхийн хэрээр ядуучуудын тоо өсөх ийм сонин урвуу тогтолцоо бий болжээ. Гэвч энэ ядуурал хэмээх зовлонгийн хажуугаар хамгийн их гээгдэж байгаа нэг зүйл бол монголчууд нэг нэгнийгээ хайрлах, хамгаалах нь улам багассаар байгаа зүйл билээ.

Монголчууд бид л эх орондоо нэг нэгнийгээ үл хүндлэнэ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн биеэ үнэлэх байдалтай тэмцэж байгаа бидний зарим нэг хөгийн аргын талаар ярья л даа. Биеэ үнэлэгчдийг жилд хэд хэдэн удаа нийтээр нь баривчилж бүртгэдэг бололтой. Тэр үеэр л гэнэт ийм айхтар муухай юмыг анх удаагаа харсан мэтээр цагдаа нар аашилж тэднийг сандаргана. Уг нь энгийн үед тэд цагдаагийнх нь хамар доор тааваар биеэ үнэлцгээдэг юм. Хичнээн ядуу, адгийн хүнд ч халдаж болохгүй эрх бий. Тэр баривчилгааны үеэр нь манай хэдэн телевизүүд дагачихна, тэгээд л саун, буудалд байх баахан охидын шалдан нүцгэн бичлэгийг телевизээр сүржин сүржин тайлбартайгаар нэвтрүүлнэ. Заримдаа хүний нүүр нүдийг ч үл хаан зурагтаар яриулна, хүний эрхэнд бүдүүлгээр халдана. Тэгэж яривал өөрөөсөө эгч, хэрэг болох хүүхнүүдтэй явдаг, тэгээд ажлаа бүтээдэг, тэрүүгээрээ эхнэрээ, үр хүүхдээ тэжээхэд нэмэрлэдэг эрчүүдийг биеэ үнэлэгчид гэж хэлэхэд яагаад болохгүй гэж, эсвэл “сайн эр” гэх үү. Эрэгтэйчүүдэд ч буруу их байна, зүгээр мөрөөрөө байгаа эмэгтэйчүүдийг эхлээд өөрсдөө гуйдаг, зөвшөөрөхгүй бол өөдгүй муу үгээр дууддаг, зөвшөөрвөл дараа нь эмэгтэйчүүд өөрсдөө гуйгаад ирцгээсэн мэт олны дунд ярьж нэр хүндийг нь гутаана.

Хүний нийгэм гэдэг элдэв юмны л цуглуулга байдаг хойно амьдралд элдэвийн л зүйлс байх ажээ. Угаасаа биеэ үнэлэх сонирхолтой, магадгүй гэр бүлийн хүмүүжил, арчаагүй аав ээжийн хатгаасаар биеэ үнэлдэг хэсэг байна. Иймэрхүү цөөн тохиолдлыг угаасаа хориод ч дийлэхгүй байх. Харин тэдгээр охидын ихэнх хэсэг нь үнэхээр аргагүй байдлаас болоод биеэ үнэлж байгаа нь тэдний зугтааж, санаа зовсон, ичиж эмээсэн байдлаас нь харагддаг юм. Үнэхээр ээж аав нь ядуу ч хүн байна, идэх хоолоо яая гэж байгаа хүмүүс бусад асуудалдаа санаа тавьж чадах уу? Тэднийг ингэж явахаар шал арчаад ч болсон явах нь яагаа вэ гэнэ, гэтэл тэр шал арчаад олигтойхон хүн шиг амьдраад явчих ажлын байр тэгтлээ олон байж чадах бил үү манайд. Авлига авч байгаа хулгайчид өөрсдийгөө “бид ямар хүн алсан биш, хэн ч хохирохгүй” хэмээн хумслаад л байдаг, гэтэл тэр мөнгө нь цаанаа хичнээн ажлын байр бий болгох боломжийг алдаж, хичнээн хүний идэх талхыг булааж байгаагаа ойлгодог болов уу?

Манайхан гадныхантай гэрлэх явдал үнэхээр их боллоо. Эрэгтэйчүүд нь цөөн, эмэгтэйчүүд нь их ч байдаг л биз, эрчүүд нь арчаагүй ч байдаг л биз. Шүлэг яруу найрагтаа ч монголоороо байна, монгол цус минь энэ тэр гээд тунхаглана, хамгийн гачлантай нь монгол ёс заншил, соёлоо дээдлэгч хүмүүсийн охид бүүр их гадныхантай суухыг нь яана. Америк, япон, герман хүргэд хүчтэй бололтой, тэднээр бахархана, харин хятад хүргэнээ чимээгүйхэн нууна. Хятадууд монголын урд хил хавиар бэлчиж байна л гэнэ, монгол авгай авчихсан мал маллаж байна л гэнэ. Ингэхэд тэр хятадууд өөрсдөө ороод ирсэн юм уу, үгүй ээ бид өөрсдөө л оруулсан. Монгол хүүхнүүд солонгосуудтай их сууж байна, солонгост очоод хүнд хэцүү амьдарч байна л гэнэ. Тэд манай хүүхнүүдийг өөрсдөө тэгэж их сонирхоод байна уу, үгүй ээ монголчууд нь монголчуудыгаа зуучилж тийшээ “экспортолж” байгаа.

Энэтхэг гээд л өчнөөн олон нийгмийн анги давхраатай, аль давхраанд хүн болж төрсөн байна, тэр л байрандаа байсаар насыг элээх тавилантай зарим гадны улс орнуудтай харьцуулахад хог түүж ядарсан ч бай, яаж ч явлаа гэсэн монгол хүний нүдийг харахад өөрийн энэ байдалдаа эвлэрээгүй, итгэлээ алдаагүй, болно доо, босно доо гэсэн гал нь бөхөөгүй харагддаг.  Цучил нэмэхгүй бол бөхчихөж магадгүй энэ галыг дүрэлзүүлэх л хэрэгтэй байна.

Бичсэн: Боролзой | цаг: 11:50 | Нийтлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(13)
Сэтгэгдэл:


санаанд буух сайн эд болжээ
төр гэж байдаг бол ч сонсгохсон
Бичсэн: оюунгэрэл (зочин) цаг: 00:57, 2010-03-18 | Холбоос | |


@цээгий...

баяртай байна баяртай байна smug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 18:26, 2010-03-11 | Холбоос | |


гадуур жаахан ажилтай явж байгаад ирлээ

миний ирээдүй надаас шалтгаалана гэж ямар хүнтэй учирах нь өөрөөс минь
шалтгаалана гэдэг утгаар хэлсийшдээ
гуниглах угаасаа гэр бүлтэй болоогүй байгаам чин
харин гэр бүлтэй байсан бол мэдээж 2 талаас ихээхэн хамаарана гэдгийг ч мэдэжийноо

Бичсэн: arch_tseegii цаг: 16:57, 2010-03-11 | Холбоос | |


энүүгээр дүүрэн форум болоод өнгөрөх шахжээ. уулын чинээ цагааныг хумсын чинээ хараар гэдэг үг яавч худал үг бишээ, сайн сайхан ухаалаг залуус охид өч төчнөөнөөрөө л байгаа. Хүн олон сонголт дундаас харсаар байж хамгийн мууг нь сонгодог сохор юм хойно. нэг ба хэсэг бүлэг хүмүүсийн балгийг нийтэд хамруулж, ''хомроголож'' болохгүй шд мөнүү nerd
Бичсэн: director цаг: 13:47, 2010-03-11 | Холбоос | |


@цээгий
Эрчүүдийн тухай хэн нэг дугарах хүн нь би болооод жоохон тиймэрхүү аашилчихсийн. тогоо дүүрэн сүүг халбага цөцгий ээдүүлдэг шиг цөөн хэдэн хүний балаг бүх эрчүүдийг бас бүх эмэгтэйчүүд гэж л бараг хэлүүлж чаддаг.

Чиний ирээдүй чамаас л шалтгаална. Гэвч гэр бүлийн амьдрал 2 талаас бас ихээхэн хамаардаг шоо.
харыг харж мууг ярихдаа гэрэл гэгээ байгаа гэдгийг нь сануулж хэлж байвал ирээдүйг өөрчлөх боломж гэж боддогийн.
smug smug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 12:48, 2010-03-11 | Холбоос | |


жигүүрт
миний эргэн тойрныхон мэдээж бүгд ийм бишэлдээ гэхдээ тийм эрчүүд байнаа л гэж хэлкээд байгаамалдаа
намайг тэгж хэлээгүйшдээ

миний ирээдүй бол надаас өөрөөс минь шалтгаалах учир би ямар байна тийм л байна байхдаа

би энэ удаад жаахан муу талаас нь яриж байналдаа

тэнэг тэнэг гарууд их байншдээ бас хэлкүү өнгөрч чадсангүй ээ
заза бүгд муу хүмүүс гэж хэлээгүйг бас ойлгоно биз дээ ирмэх
Бичсэн: arch_tseegii цаг: 10:12, 2010-03-11 | Холбоос | |


sain mash sain niitlel bolson baina. Jiguuriin zovoo. ohidoo oorsdiinhoo ergen toirond tiim baidal uusgehgui baihiin tuluu baitsgaaya.
Бичсэн: arius цаг: 17:40, 2010-03-10 | Холбоос | |


цээгий чамд ингэж санагдаж байгаа бол ирээдүйгээ чи яаж төсөөлж байна вэ гэж асуумаар санагдчихлаа.
* Суух бараг л бүх эрчүүд чинь тиймэрхүү гарууд байвал яахуу

*төрөх хүүгээ тийм болгохгүйн тулд яамаар байна

ХАрин би бол олон юм ярьж гонгинож байхаар байгаа газраа ч болтугай гэрэл нь болий л гэж боддогийн шд. Тэгээд бодохнээ эргэн тойрны минь залуучуудын дунд нэг биш нилээн хэдэн сайн эрчүүд харагдахийн... Эсүүл би харахийг хүссэн учраас харсан байх мөн үү. nerd
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 13:56, 2010-03-10 | Холбоос | |


харин тиймээ бүр ихэнх эрчүүд тэгж өөрсдийгөө дөвийлгөж охидуудыг муугаар яридаг бас дээр нь доромжилдог тэгээд ч зогсохгүй ганц удаа үнсэлцсэнийгээ унтсан гэж яриж байхыг нь сонссон ёстой бүткүү

гээл муулаал байвал байнаа байна гэхдээ зарим нэг эрчүүд ийм биш л байхалдаа гэхдээ 10 дунд ганц байнуу нтр гээл ккк
Бичсэн: arch_tseegii цаг: 13:35, 2010-03-10 | Холбоос | |


goe niitlel bnaa, ib n emgtei ch gsn hehe. desi_tseegii yaaaag unen heltsn bshd. neg bandi neg ohiniig aimar hairtai ntr gd guisnaa nogoodoh n ugui gsn chin gichii min tgd surguuliar neg taraagad yawchwa gj helsn gsn. erchuud ner hundee ih boddogooso l timerhu zan gargadgiin bhda. end tend ohid busguichuudiig min muulsn niitlel ih garah bolje, erchuudd handaj hedn yum helnee ntr hod hod
Бичсэн: amulet цаг: 12:45, 2010-03-10 | Холбоос | |


Эрэгтэйчүүдэд ч буруу их байна, зүгээр мөрөөрөө байгаа эмэгтэйчүүдийг эхлээд өөрсдөө гуйдаг, зөвшөөрөхгүй бол өөдгүй муу үгээр дууддаг, зөвшөөрвөл дараа нь эмэгтэйчүүд өөрсдөө гуйгаад ирцгээсэн мэт олны дунд ярьж нэр хүндийг нь гутаана.


энэ үнэхээр үнэн шүү эрчүүдийг тэгж яриж байхыг сонссын ёстой аймар

ичдэггүй гарууд шүү нээрээ энэ эрчүүд
Бичсэн: arch_tseegii цаг: 12:07, 2010-03-10 | Холбоос | |


алга ташилт алга ташилт алга ташилт
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 12:40, 2010-03-09 | Холбоос | |


Сайхан хэлжээ. сайхан нийтлэл байна.
Бичсэн: Зочин цаг: 12:03, 2010-03-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax