Tuesday 9 February 2010
Хоёр монгол бичээс

          Түлхүүр үгс: Булган аймгийн Гурванбулаг сум, Дундговь аймгийн Хулд сум, монгол бичгийн дурсгал, хадны бичээс

          Монгол орны уул тал хосолсон өргөн их дайдыг аварга том номын сан гэж төсөөлбөл чулуун хуудаст номоор арвин билээ. Тэдгээрийн дунд түрэг, уйгар, кидан, төвд, хятад, манж хийгээд дөрвөлжин, монгол бичээст чулуун ном цөөнгүй бий.

          Монгол бичигт чулуун номын хамгийн эртнийх нь 1225 оны үед хамаардаг, эрдэмтдийн дунд "Чингисийн чулууны бичиг" хэмээн алдаршсан гэрэлт хөшөө билээ. Монгол үсгийн дурсгалт бичгүүдийг гадаадын эрдэмтэд 19-р зууны хориод оноос эхэлж судалсан бөгөөд тухайлбал, Францын Абел-Ремусат 1824 онд Ил хаан Аргун, Өлзийт нарын Францын хаан Филипп дөрөвдүгээрт илгээсэн хоёр захидлыг анх удаа нийтэлжээ. Мөн 1824 онд Оросын шинжлэх ухааны хүрээлэнгийн академич Я.Шмидт энэ хоёр захидлын тухай хэл бичгийн судлалын үүднээс өгүүлэл бичсэн байна. 1833 онд Я.Шмидт бас Есүнхэйн чулууны бичээсийн тухай анхны судалгааг хийжээ.

          Өнгөрсөн зууны монголч эрдэмтдийн дотроос Буриадын эрдэмтэн Дорж Банзаров нэлээд том байр суурийг эзэлдэг байна. Тэрбээр уйгуржин монгол үсгийн дурсгалт бичгийн судлалд өдий төдий бүтээлч саналаа тавьсан бөгөөд 1851 онд Чингисийн чулууны бичээсийг нягтлан шинжилж Шмидтийн буруу ухаарсныг оновчтой шүүмжилсэн байдаг. Энэ нь Чингисийн чулууны бичээсийг монгол угсааны хүн анх удаа шинжилж буй хэрэг юм.

Чингисийн чулууны бичээс, Мөнх хааны гэрэлт хөшөө гэх мэт дурсгалуудыг тусгайлан зассан гэрэлт хөшөөн дээр бичсэн байдаг бол харин монгол бичээсийн дурсгалын нэлээд нь гол руу түрж орсон хадан хошууны самбар мэт элгэн хаданд бичигдсэн байх нь олонтаа. Аливаа түүхэн үйл явдлын ул мөрийг нутгийн уул ус нь нэрээрээ хадгалж үлдсэн тохиолдол цөөнгүй байдаг ба монгол нутагт ч бас бичээс бүхий газруудыг Бичигт гарам, Бичигтийн хадан хушуу, Бичигт шургуулга гэх мэтээр нэрлэсэн нь цөөнгүй. Энэ мэт бичиг үсгийн дурсгалууд олдсоор буй бөгөөд энэхүү өгүүллийг бичигч миний бие Булган аймгийн Бүрэгхангай сумын "Бичигтийн хадан хошуу", Гурванбулаг сумын "Хустын эхний өвөлжөө" [Боролзой, 2006], Бугат сумын "Бичигт гарам", Дархан-Уул аймгийн Шарын голын Хүйтэний гол, Улаанбаатарын Их тэнгэрийн ам зэрэг газруудын монгол бичээсийг үзэж, зарим нэгийнх нь талаар судалгааг нийтлүүлж байсан билээ.

Эдгээр бичээсийг хад чулуунд сийлж бус, бэхээр элгэн хаданд бичсэн онцлогоор бусдаас нь ялган бүлэглэж болох мэт. Мөн дээрх монгол бичээсүүд нь ерөнхийдөө бэхээр бичсэн байдал, үсгийн тиг, хэлбэрийн хувьд ч дөхүү гэмээр байдаг. Харин энд бид монгол орны хоёр өөр газарт, хоёр өөр цаг үед хамаарах, гэхдээ хоёуланг нь хадан дээр бэхээр үйлдсэн бичээсүүдийн талаар өгүүлнэ.

          Бидний өгүүлэх эхний бичээс нь Булган аймгийн Гурванбулаг сумын төвөөс баруун хойхонтой байх Бэрх хэмээх ууланд нутгийнхны нэрлэж заншсанаар "Хустын эхний өвөлжөө" хэмээх газарт бий. Энэ хавьд мөн "Дунд өвөлжөө", "Сүүл өвөлжөө" гэж байх бөгөөд хамгийн урд байдгаар нь тийнхүү нэрлэжээ. Өвөлжөө рүү Бэрх уулын зүүн хойд талаас нь тойрч очиход 22 км орчим агаад өмнө зүг рүү хандсан нэгэн элгэн хаднаа хар бэхээр үйлдсэн хэсэг монгол бичээс байдаг ажээ.


          Энэхүү бичээсийн тухай мэдээг нутгийн хүмүүсийн ярианаас анх сонссон бөгөөд 2005 оны  9-р сард сайн мэддэг хүнээр газарчлуулан очиж үзсэн билээ. Эл монгол бичгийн дурсгалын тухай тусгай өгүүлэл зэргийг олж үзсэнгүй бөгөөд тухайлбал, "Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал" [сэдэвчилсэн лавлах, УБ 1999], “Сонгодог монгол бичгийн өмнөх үеийн дурсгалууд” [Жанчив, 2005], “Уйгуржин монгол бичгийн монгол дурсгалууд” [Tumurtogoo, 2006] зэрэг бүтээлд мэдээлээгүй байна.

          Хадны бичээс маань нилээн доор байх тул өвөлжөөнд хашаа саравчгүйгээр мал хашдагаас мал шөргөөх, цаг хугацааны хүчин зүйлээс шалтгаалан бичээс нь бүдгэрч, эсвэл ховхрон унаснаас үг үсгүүд нь дутуу, зарим газар гаргагдахааргүй ч болжээ. Бичээсүүд нь хаднаа хоорондоо зэрэгцсэн, үргэлжилсэн гэмээр гурван бүлэгт хуваагдаж байна. Эхнийх нь хамгийн том талбай эзэлсэн байх бөгөөд хэмжээ нь 12 х 7 см орчим, дараагийнх нь эхний бичээсийн баруун талд 3 х 6 см орчим, сүүлийн бичээс нь хоёр бичээсийнхээ доод талд 8 х 8 см орчим талбайд бичигджээ. Энгийн нүдээр харахад хэлтэрч унан, ихэнх газраа баларч үл анзаарагдам бөгөөд гэрэл зураг авах сэлтэд усаар норговол тодорч харагдах ажээ.

          Эхний бүлэг бичээс нийтдээ 8 мөр (A), хоёрдугаарх нь 3 мөр (B), гуравдугаарх нь 8 мөр (C) нийтдээ 19 мөр байна. Гаргагдахгүй байгаа мөрийг тэр чигээр нь цэгээр тэмдэглэсэн нь ганц үг байгаа гэсэн үг биш, ихэнх мөрөнд хэд хэдэн үг байна.

                   Бичээсийг өөрт гаргагдсан хэрээр галиглавал:

А. 1. ...

2. ...

3. tur ...

4. ... olqai

5. ... őčűken kűműn-ű ...

6. ... tur abulčaj ...

7. ...

8. ...

          Энэ хэсэгт "өчүүхэн хүмүүний ", "...тур авалцаж (!)" гэх зэргээр уншигдаж байна.

B. 1. ... daba saja (!)

2. bőkegsen (bosqagsan) tula

3. bičigsen bolba

          2-р бүлэг бичээсэнд бидэнд гаргагдаж байгаагаар "бөхсөн тул"  мөн "бичсэн болба" гэж болмоор байна. Эндээс харахад ямар нэг хэрэг, үйл явдал болсныг тэмдэглэн бичсэн бололтой.

C. 1. mőnke tn(ri yin kűčűn-dűr)

2. yeke suu jali-yin (ihen dűr)

3. ...

4. ... kűműn bičib...

5. ...

6. ...

7. ...

8. ...

          3-р бүлэг бичээс эхлэхдээ "Мөнх тэнгэр ... , их суу заль..." хэмээж байгаа нь сонгодог монгол бичгийн өмнөх үеийн дурсгалуудын адил байгаа бөгөөд "мөнх" хэмээх үгийн шилбийг тэдгээр дурсгалуудын адил хурааж бичсэн гэмээр байна. "Мөнх тэнгэр" гэж эхлээд дараагийн мөрнөөс "их суу заль" гэж байгаагаар бодоход "хүчин дүр", "ихэгэн дүр" зэргээр бичсэн нь лавтай бөгөөд хад нь хэлтрэн унаж баларчээ. Дундад зууны үеийн монгол бичгийн дурсгалуудад тааралддаг энэхүү "мөнх тэнгэрийн хүчин-дүр" нь "Гүюг хааны тамгын бичиг" (1246 он), "Ил хаан Аргунаас Францын IY Филипп-д илгээсэн захидал" (1289 он) зэрэг монгол бичгийн дурсгал, мөн "Хубилайн зарлиг" (1277 он), "Тогоонтөмөр хааны зарлиг" (1351 он) зэрэг дөрвөлжин бичгийн дурсгалуудад байдаг тогтсон хэллэг юм. Энэхүү тогтсон хэллэгийг захидал, зарлигийн зүйлд хэрэглэдэг бөгөөд энд ч мөн эл зүйлийг уншсан хүмүүс мэдүүштэй, сахиуштай гэсэн утгаар бичсэн бололтой.

          Бичээсийг хэдий үед бичсэн талаар он цагийг дурдсан зүйл алга. Ямар ч гэсэн тэр хавьд болсон үйл явдал буюу эсвэл хэн нэгэн хүнд хамаарах зүйлийг тэмдэглэн үлдээсэн монголын түүх, бичиг үсгийн нэгэн баримт мөн нь гарцаагүй.

          Үүнийг бичигч миний бие урьд 1998 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байх Бичигт хошууны монгол бичээсийг судлан нэгэн сэдэвт бүтээл хүртэл гаргаж байсан [Боролзой, 1998] бөгөөд энэхүү Хустын эхний өвөлжөөний бичээсийг бэхээр бичсэн байдал, үсгийн тиг, хэлбэр дүрс сэлт нь түүнтэй адил гэмээр байгаа нь сонирхолтой санагдлаа. Дашрамд дурьдахад, Бичиг хошууны монгол бичээсийн талаар судлаач Л.Батбилэг нэгэн судалгааг хийсэн нь урд өмнөх судалгаануудын алдаа мадгийг засан залруулсан сайн судалгаа болжээ. [Батбилэг, 2009]

          "Хустын эхний өвөлжөө"-ний бичээсийг зарим дурсгалт бичгүүдтэй харьцуулан үзвэл үсэг зурлага, сүүл орхицын байдал буюу өөрөөр хэлбэл, хэлбэрийн талаас нь 14-р зууны үед хамааруулж болмоор бөгөөд сонгодог монгол бичгийн өмнөх үеийн дурсгалуудын тоонд багтах монголын хэл, соёлын дурсгал мөн бололтой.

          Хоёр дахь бичээс нь Дундговь аймгийн Хулд сумын төвөөс зүүн зүгт 40 орчим километрт Шаралдан хэмээх нэртэй олон цувраа уулын нэгэнд баруун урагш харсан агуйн дотор байгаа хэсэг монгол бичээсүүд болно. Бичээсүүдийг бэхээр бичсэн байх бөгөөд бичгийн хэв болон доторх агуулгаар нь багцаалбал бурхны шашин дэлгэрч асан 18-р зууны сүүл, 19-р зууны эхэн үеийнх гэмээр юм.

          Бичээсийн зарим гаргагдаж буй хэсгээс уншиж үзвэл:

“Аръяабал нэртэй

Авид бурхан титимтэй

Арван нэгэн нүүртэй

Аръяабалд мөргөмү

Ум ма ни бад ми хум”

 

          “Ум ма ни бад ми хум

          Тунамал гэгээн нүүртэй

          Туулсан бурхан титимтэй

          Туслагч зургаан үсэг

Аръяабалд мөргөмү”

 

          “Ум ма ни бад ми хум

          Нигүүлсэхүй мянган нүдтэй

          Нүгэлийг арилгагч адистай

          Нисванисын шулмасыг дарагч

Аръяабалд мөргөмү”

гэх мэтээр хожуухан үеийн бурхны шашны мөргөл, мэгзэмийн орчуулга, маань зэрэг шүлэглэсэн хэлбэртэй байх ажээ. Бичээсүүд нь хоорондоо холбоотой болон холбоогүй 6-7 тусдаа хэсэг хавтгайд бичигджээ.

Монгол бичгийн дурсгалын үсэг, зурмын хэлбэрийг авч үзвэл үсэг зүйн хувьд ерөнхийд нь хоёр үед хувааж болно. Нэгд: Дундад эртний үе, энэ үе хамгийн анхны гэж үзэж байгаа монгол бичгийн дурсгалаас эхлэн XYI-XYII зуун хүртэл үргэлжилнэ. Хоёрт: Шинэ үе, энэ үе XYI-XYII зуунаас өдгөө хүртэл үргэлжилнэ. Шинэ үеийн монгол бичгийн зурам байдал нь одоо бидний бичдэг ёс горимтой ойр бөгөөд нутаг нутагт бие даасан онцлогтой байсан бичлэг, зурмыг ерөнхийд нь нэгэн тогтолцоонд оруулсан юм.

Харин дундад эртний үеийн монгол бичгийн зурам байдал нь уугуул уйгар үсгийнхээ хэлбэр дүрстэй нэлээн ойр, бараг ялгагдахгүй байдаг. Дундад эртний үеийн Хустын эхний өвөлжөөний бичээс маань уйгар үсгийн зурам байдалтай дөхүү байхад шинэ үед хамаарах Хулд сумын энэхүү бичээс зэрэг дурсгалуудын хэлбэр дүрсийн хувьд одоогийн монгол бичгийн хэлбэртэйгээ адил, нэгэнт хэвшин тогтсон нь ажиглагддаг.

          Энэхүү Хулд сумын бичээсийн хэлбэр дүрсийн хувьд 18-19 дүгээр зууны үеийн дурсгалын тоонд хамааруулж болмоор бөгөөд зарим нэг бичлэгийн онцлог ч харагдаж байна. Тухайлбал, “магтах” гэдэг үгийн үгийн дунд орсон “г”-г хоёр цэгтэйгээр бичсэн нь боржигон бичлэгийн онцлогийг харуулж байна гэж хэлж болмоор. Бид энэхүү бичээсийн талаар энэ удаад зөвхөн мэдээллийн чанартай авч үзсэн ба дараагийн удаад улам дэлгэрэнгүй нухацтай уншсанаа нийтлэх болно.

 

Ном зүй

[Батбилэг, 2009] – Л.Батбилэг “Бичигт хошууны бичээс”, “Оюуны хэлхээ”, Боть II, (04), УБ 2009

[Боролзой, 1998] – Д.Боролзой, Бичигтийн нууц, УБ 1998

[Боролзой, 2006] – Д.Боролзой, “Хустын эхний өвөлжөөний монгол бичээс”, “Өвөрмонголын нийгмийн шинжлэх ухаан” сэтгүүл, 2006 (1) № 140

[Жанчив, 2005] – Ё.Жанчив, Сонгодог монгол бичгийн өмнөх үеийн дурсгалууд, УБ 2005

[Tumurtogoo, 2006]Mongolian Monuments in Uighur-Mongolian Script (XIII-XYI Centuries) Introduction, Transcription and Bibliography, Edited by D.Tumurtogoo with the Collaboration of G.Cecegdari, Institute of Linguistics, Academia Sinica, Taipei, Taiwan 2006

 

ABSTRACT

In the article the author stated about Mongolian script monument which are located in 2different places of Mongolia and belonged to 2 different times. But these 2 inscriptions are similar to each other as written with ink on the rock. First one is about 20 lined Mongolian inscription that is located in Gurvanbulag soum of Bulgan aimag and there hasn’t been any scientific article about this inscription so far. The author tried to read it and assumed that it belongs to XIV century. Another one is located in Khuld soum of Dundgobi aimag. The content of this inscription is related to Buddhism and it may belong to beginning of XX century.

P.S: Энэхүү өгүүлэл нь ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн “Хэл зохиол судлал” (№2 /34/, 2009) сэтгүүлд нийтлэгдсэн.

Бичсэн: Боролзой | цаг: 17:47 | Эрдэм шинжилгээний өгүүлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


таалагдаж байнаа
Бичсэн: Зочин цаг: 19:23, Thursday 28 October 2010 | Холбоос | |


Гайхалтай
Ёстой янзтай айн гоё шүү
Бичсэн: Археологич (зочин) цаг: 21:50, Monday 12 April 2010 | Холбоос | |


Бахархам дурсгалууд...
Иймэрхүү бичгийн болоод янз бүрийн сийлсэн дурсгалууд сайн хайвал их бий Монголд. Миний мэдхийн лав манай нутагт" Төв аймгийн бүрэн сум" хадны сүг зураг их элбэг байдаг. Харин тэр дурсгалууд маань хэр судлагдсан байдгийн бүү мэд.
Бичсэн: Зоригт ван цаг: 13:47, Thursday 18 February 2010 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant