Friday 20 November 2009
Хэл шинжлэлд хувьсгал хийсэн эрдэмтэн: Авраам Ноам Чомский

Шинжлэх ухааны ололт нээлт нь үе үеийн олон эрдэмтдийн нөр их хөдөлмөрийн үр дүн мөн билээ. Харин тэдний дотроос Адам Смит шиг, Чарльз Дарвин шиг, Зигмунд Фройд шиг, Альберт Эйнштейн шиг шинжлэх ухааны үйл хэрэгт хувьсгал хийсэн хэмээн дуурьсагдах хувьтай нь цөөхөн аж. Хэл шинжлэлийн ухаанд хувьсгал хийж орчин үеийн хэл шинжлэлийн эцэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хүн бол Ноам Чомский юм.

Америкийн нэрт философич, хэл шинжээч, улс төрийн зүтгэлтэн, сэтгэгч Авраам Ноам Чомский 1928 оны 12 сарын 7-нд АНУ-ын Пеньсилвани мужийн Филаделфи хотын ойролцоох Зүүн Оэк Лэйнд мэндэлжээ. Түүний эцэг Виллиам Чомский Украинд төрсөн бөгөөд америкийн Грац коллежийн профессор, еврей хэл судлаач эрдэмтэн хүн байв. Н.Чомский Оэк Лэйний өдрийн сургуульд сурч байхдаа анхны өгүүллээ фашизмын аюул заналын талаар бичсэн байдаг. Энэ үедээ тэрээр 10 настай байлаа. Филаделфид дунд сургуулиа төгсөөд 1945 оноос Пеньсилванийн их сургуульд философич Вэст Чөрчмэн, Нелсон Гүүдмэн болон хэл шинжээч Цэллиг Харрис нарын удирдлаган доор хэл шинжлэл, философийн чиглэлээр сурч эхэлжээ. Бакалаврын зэргийг 1949 онд, магистрийн зэргээ 1951 онд хамгаалсан ба сэдэв нь “Орчин үеийн еврей хэлний морфофонем” юм. Чомский Харвардын их сургуульд залуу судлаачийн тэтгэлгээр 4 жил эрдмийн ажлаа хийж байгаад 1955 онд Пеньсилванийн их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Түүний хэл шинжлэлийн хамгийн алдартай бүтээл нь 1957 онд бичсэн “Өгүүлбэрийн бүтэц” билээ.

Дотоод мөн чанарт нэвтрэн орж юмсын учрыг тайлбарлаж чаддаг “Хэлний нийтлэг” хэмээх ойлголт нь 1960-аад оны эхээр АНУ-ын хэл шинжлэлд гарч хагас зуун жилийн дотор дэлхийн хэл шинжлэлийн чиг хандлагыг тодорхойлогч хамгийн чухал нэр томьёо болжээ. Энэ үед Америкийн хэл шинжлэл ямар байсан бэ гэвэл, хэлнүүдийг харьцуулахдаа зөвхөн ялгаатай, заагтай талыг нь хардаг чиглэл ноёрхож байлаа.

1961 оны 4 сард Нью-Йоркийн Доббс Феррид болсон Жозеф Грийнберг, Чарльз Осгүүд, Жеймс Женкинс нарын санаачилсан нэгэн эрдэм шинжилгээний хурлаар хэлний нийтлэгийн талаар баримт бичиг гаргаж “Хэл шинжлэл нь хэлнүүдийг тоочин бичих хэрэгсэл байснаа больж хэлний тухай бүрэн боловсорсон шинжлэх ухаан болсныг энэ хурал харуулж өглөө” гэжээ. Харин 1967 оны 4 сард Аустин хотын Тексасын их сургууль дээр болсон хурлаар Н.Чомский хэл шинжлэлийн нийтлэгийн талаарх онолоо зарлан тунхагласан юм. Ж.Грийнбергийн онолыг “Хэлний нийтлэг” (Universals of Language) гэдэг бол Н.Чомскийн онолыг “Хэл шинжлэлийн нийтлэг” (Linguistic Universal) хэмээдэг.

Ж.Грийнбергийн онол маш олон хэлний баримт дээр тулгуурлаж авиа зүй, үг зүй гэх мэт бүх түвшинд антропологи, психологийн талаас авч үздэг бол Н.Чомскийн онолын хувьд бусад хэлийг төлөөлүүлж ганц англи хэлээр загвар болгон авч зөвхөн өгүүлбэр зүйн түвшинд философи талаас нь судалсанд эдгээр онолын гол ялгаа нь оршино. Хэл шинжлэлийн онолын үндсэн зорилго бол хэлнүүдийн нийтлэг хуулийг нээн гаргах явдал бөгөөд бүх хэлэнд байдаг эдгээр нийтлэг зүйлс нь хүн төрөлхтөний хэл гэж чухам юу юм гэдгийг тодорхойлж чадах юм. Ийнхүү Ноам Чомский хүний бүх хэлэнд байдаг нийтлэг дүрмийн цогцыг “Universal grammar” буюу “Түгээмэл хэл зүй” хэмээх ойлголтоор гаргаж иржээ. Монгол хэлийг ч гэсэн хэлний нийтлэгийн талаас нухацтай судлах нь үндэсний хэл судлаачдын өмнө тулгарч буй асуудал билээ.

Ноам Чомский 1949 онд өөрийн мэргэжил нэгтэн хэл шинжээч Кэрол Шацтай гэрлэсэн бөгөөд Кэрол нь хүүхдийн хэл эзэмшихүйг судалдаг эрдэмтэн байжээ. Тэд хоёр охин, нэг хүүтэй бөгөөд том охин Авива Чомский ч Латин америк, Карибын түүхээр мэргэшсэн профессор хүн юм.

Ингээд Ноам Чомскийтой хийсэн товчхон ярилцлагыг хүргэе. Түүний яриа нь үнэхээр л эрдэмтэн хүн ийм байдаг болов уу гэмээр туйлшралгүй, аливаад хөдлөнги хийгээд гүн ухаанлаг талаас хандаж байгаа нь анзаарагдсаныг дурдсу.

 

-          Та бол хэл шинжлэлийн маш алдартай эрдэмтэн. Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ, энэ сонголт хожим таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бол?

-          Амьдралд тохиолддог олон зүйл шиг л хэл шинжлэл рүү санамсаргүй орсон. 16 настай байхдаа би коллежоосоо гарах тухай л бодож байлаа. Тэр үед надад их уйтгартай байсан юм. Харин энэ үеэр дэлхийд алдартай нэгэн хэл шинжээчтэй уулзах завшаан надад тохиолдсон бөгөөд түүний нөлөөгөөр сургуулиа сонгож хичээлдээ шамдаж эхэлсэн. Нэг зүйл нөгөөгөө гаргаж ирэх шалтгаан болдог гэдэг. Миний хүүхэд ахуйд аавын минь хийж байсан дундад зууны еврей хэл зүйн судалгааны ажилтай холбоотой зарим нэг туршлага ч надад байсан. Би түүний судалгааны ажлыг уншдаг байлаа. Магадгүй энэ нь нөлөөлсөн нэг хүчин зүйл байх. Харин энэ нь надад яаж нөлөөлсөн бэ гэвэл, одоо миний хаана амьдарч байгаа, хаана багшилж юу хийж байгаа минь юм даа.

-          Хэл шинжээч болсны дараахан таны хувьд байдал ямархуу байсан бэ?

-          Бүх зүйл бодож байсны эсрэгээр байсан.

-          Хэл шинжлэл нь аливааг онолын үүднээс тайлбарладаг. Энэ нь таны техник технологид хандах үзэл бодолд тань нөлөөлсөн үү? (Хэлтэй холбоотой мэргэжлийн хүмүүс технологитой төдийлөн харилцаатай байдаггүй) Технологи таны бодлоор сайн зүйл үү, муу зүйл үү?

-          Хэдийгээр би Массачусетсийн Технологийн дээд сургуульд ажилладаг ч техник, технологитой төдийлөн холбоотой байдаггүй. Гэхдээ энэ нь хувь хүний л асуудал юм. Заавал ийм тийм байх ёстой биш. Бусад хэл шинжээчид, тухайлбал манай тэнхимийн (Хэл шинжлэл, философийн тэнхим) судлаачдын хувьд маш их холбоотой ажилладаг. Амьдрал өөрөө хүмүүсийн сонирхлыг маш олон зүйлээр татдаг шүү дээ. Технологи нь сайн юм уу, муу юм уу, ерөнхийдөө энэ асуултад хариулт байхгүй ээ. Аливаа зүйлийг юунд хэрэглэж байгаагаас шалтгаалж л сайн муу нь мэдэгддэг. Алх байлаа гэхэд тэрүүгээр хүн ч алж болно, байшин ч барьж болно.  Асуудал нь алхандаа биш юм.

-          Та интернетийн талаар ямар бодолтой явдаг вэ? (Зарим хүн Ноам Чомский өөрөө компьютер, и-мэйл хаягтай байж яагаад техник технологийн талаар эргэлздэг юм бол гэж хэлж магадгүй юм)

-          Интернетэд маш өргөн боломж бий. Маш олон хүнд интернет амжилт бэлэглэж байна, бас зарим тохиолдолд гай ч тарьдаг л байх. Интернет бол нийтийн бүтээл. Энэ нь одоо тэмцлийн талбар болж байна. Интернет цаашдаа Пентагон гэх мэт олон нийтийн салбарт байсан шиг нийтэд нээлтэй чөлөөтэй хэвээр байх уу эсвэл хэн нэгний хяналтад байх уу гэх мэт асуудал ирээдүйд гарна. Миний хувьд энэ асуудалд зүгээр нэг таамгийн төдий хандсангүй, одоогийн өрнөж буй үйл явдлаас хараад л дүгнэлт хийж байгаа минь энэ.

-          АНУ-ын Сиэтл хотод Олон улсын худалдааны зөвлөгөөн дээр генийн аргаар гаргаж авсан хоол хүнсний асуудлаар ярилцсан. Та үүнийг зөвшөөрдөг үү, эсрэг байдаг уу?

-          Миний бодлоор генетикийн аргаар гаргаж авсан хоол хүнс нь тийм ч их аюултай биш байж магадгүй л юм. Гэхдээ генийн аргаар гаргаж авсан хоол хүнс яг үнэндээ маш их, тоо томшгүй байдаг гэдгийг хэн маань ч мэддэггүй. Гол асуудал нь хүмүүст сонголт байна уу үгүй юу, эсвэл энэ сонголт нь өөр хэн нэгнээр хийгдээд байна уу гэдэг л юм. Ер нь бол хүн өөрөө сонгоод, хэрэв сонголт нь буруу бол шийтгэл нь хүнд өөрт нь үлдэх ёстой.

-          Генетикийн талаар юу гэж боддог вэ, байгалийг өөрчлөх эрх бидэнд байгаа юу?

-          Хүн болгон байгалийг өөрчлөх эрхтэй юм шиг ханддаг. Амьтан тэжээх, үхэлд хүргэх халдвартай учраас шумуул алах, эсвэл мод бут ургаж байсан газарт ногоо тариалах гэх мэтээр. Гэхдээ байгалийг огт өөрчлөх эрх байхгүй гэх нь гутранги үзэл бодол юм. Бидэнд генийн инженерчлэлийг хийх эрх байгаа юу гэдэгт ерөнхийдөө хариулт байхгүй. Энэ бол хэцүү асуулт.

-          Та бол энэрэнгүй үзэлтэн хүн. Таны бодлоор дэлхий дээрх ядуурлын шалтгаан нь юу вэ?

-          Мэдээж маш олон шалтгаан бий. Тухайлбал, одоогийн нийгэм, эдийн засгийн тогтолцоо нь өөрөө ядуурлыг дэмжсэн маягтай байна. Харин яагаад үүнийг хүмүүс тэвчээд байгаа нь хачирхалтай.

-          АНУ-ын бодлогыг буруушаадаг гэдгийг тань хүмүүс мэднэ. Энэ үзэл бодолд тань юу нөлөөлсөн бэ?

-          Надтай адил маш олон хүмүүсийн АНУ-ын гадаад бодлогыг эсэргүүцсэн олон л үзэл бодол байдаг. Би бол яг Америк гэдэг утгаар нь хүчтэй эсэргүүцдэггүй. Би Америкын гадаад бодлогод нь анхаарлаа хандуулдаг. Америк маш хүчирхэг орон, энэ нь бусадтай харьцуулахад маш том ялгааг бий болгож байна. Нөгөөтэйгүүр би бусад улсад нөлөөлөхөөс илүүтэй АНУ-ын бодлогод л идэвхтэй оролцож үүнийхээ дагуу ч хариуцлагаа хүлээж чадна. Надад юу нөлөөлсөн бэ гэж асууж байна, хүмүүс энэ асуултыг байнга тавьдаг нь сонин. Гудамжинд нэгэн хүүхэд гэмт халдлагад өртөөд бусдаас тусламж хүсч байна гэж төсөөл дөө. Тэгэхээр танд юу нөлөөлдөг вэ гэж асуух нь илүүц байгаа биз. Гадаад бодлогын асуудал ч үүнтэй төстэй. Гэхдээ энэ бол маш өргөн цар хүрээтэй, хүн төрөлхтөний хэмжээнд яригдах ач холбогдолтой асуудал юм.

-          Ирээдүйд манай гариг яавал илүү сайн сайхан болж чадна гэж боддог вэ?

-          Хүний нийгэм маш олон замаар сайн сайхан болох боломж бий. Бидэнд гариг ертөнцөө хөнөөх ч, хөгжүүлэх ч чадвар бий. Бид биологийн олон төрөл зүйлийг устгаж байна. Харин бид энэ замаараа л яваад байвал хүрээлэн буй орчин ирээдүйд туйлын хүнд байдалд орно.

-          Та 21-р зууны хүн төрөлхтөнд юуг хүсэж байна вэ?

-          Хүсэх зүйл маш их, бас маш тодорхой. Чи ч гэсэн миний хэлэх хүслийг амархан хэлж чадна. Бидний хүсэл маш адилхан байгаа гэдэгт би мөрийцөхөд ч бэлэн байна.

 

     P.S: Ярилцлага, намтарын хэсгийг нь орчуулж "түгээмэл хэл зүй"-н талаарх зарим нэг зүйлийг МУИС-ийн багш, доктор (Ph.D) Д.Цэрэнпилийн "Хэлнүүдийн нийтлэг шинж" лекцээс ашигласан хэргээ хүлээе.



Бичсэн: Боролзой | цаг: 14:00 | Орчуулга
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(7)
Сэтгэгдэл:


Болор-44
Сонирхолтой зүйл бичиж тавьдагт талархаж байна ,амжилт хүсье.Ийм гэгээлэг блог олон байвал сайхан байна.Хов живнээс ангид өөр ертөнцөд орж ирээд толгойгоо амраах мэт надад санагддаг юм.
Бичсэн: Зочин цаг: 19:20, Sunday 26 February 2012 | Холбоос | |


Болор-44
Боролзойн блогоор орох дуртай.Утгын ай болон хэлзүйн айн талаар тодорхой ойлголт өгөх өгүүлэл бичихийг бодоорой. Тэсэн ядан хүлээж байна шүү.
Бичсэн: Зочин цаг: 19:18, Sunday 26 February 2012 | Холбоос | |


хэрэгтэй сонирхолтой юм Ийм шинэ мэдээ дутагдаж байгаа Амжилт хусье
Бичсэн: Ганаа (зочин) цаг: 13:52, Monday 24 October 2011 | Холбоос | |


bayrlalaa
Бичсэн: Зочин цаг: 20:11, Friday 22 April 2011 | Холбоос | |


Сонирхолтой
Сонирхолтой мэдээ байна.

Орчуулсан эх сурвалжаа бичиж өгвөл их талархах болно. баярлах
Бичсэн: Bumbuulei (зочин) цаг: 21:18, Monday 10 January 2011 | Холбоос | |


сонирхолтой байлаа. гялайлаа алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 12:55, Saturday 13 November 2010 | Холбоос | |


heregtei yun ih blaa thanks
баярлах
Бичсэн: Зочин цаг: 11:39, Sunday 9 May 2010 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant